“Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан тус эмнэлгийн хоёр өвчтөнөөс Covid-19-ийн шинжилгээ авах түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан асуудлаар өнөөдөр /2020.3.15/ мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ард түмнийг сандрааж, түгшүүрт автуулсанд уучлал гуйсан юм. Үргэлжлүүлэн тэрбээр "Манайд хэвтэн эмчлүүлж байгаа 88 настай, хавдрын дөрөвдүгээр зэрэгт орсон, туяа эмчилгээ гурав, хими эмчилгээг долоон удаа хийсэн, дархлаа их дарангуйлагдсан, уушигны маш хүн хатгаагаар хоёр дахь удаагаа хэвтэн эмчлүүлж буй хүн болон амбулаториор эмчлүүлсэн хатгаагийн хүнд хэлбэрээр өвчилж байсан нэг хүнд Covid-19-ийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд, эерэг гэж гарсан.
“GP getein” гэх 5-10 минутын хугацаанд хариу нь гардаг, Covid-19 өвчнийг оношлох зориулалттай оношлуурыг ашигласан. Энэ оношлуурыг БНХАУ болон бусад оронд ашигладаг. ХӨСҮТ ч энэ оношлуурыг ашиглаж байгаа байх. Шинэ коронавирус авснаас хойш 2-7 хоногийн хугацаанд хүний дархлалын систем тухайн вирусийн эсрэг тэмцдэг тусгай уураг бий болдог. Энэ уураг бий болж уу, үгүй юу гэдгийг оношилдог. Уг уургийн М болон G-г оношилдог. Гэхдээ ямар ч өвчнийг 100 хувь оношилдог зүйл гэж энэ дэлхийд үгүй. Тэр ч бүү хэл, PCR-т ч алдаа гарна. Энэ оношлуурын судалгаа 2020 оны нэгдүгээр сараас эхлэн эрүүл мэнд, шинжлэх ухааны олон сэтгүүлд дээр ч гарсан. Оношлуурт 95-97 хувийн магадлал өгсөн байдаг. Ингээд хоёр өвчтөний залууд нь М нь гарсан. Энэ нь тухайн хүнд ямар нэгэн вирус байна. Гэхдээ заавал коронавирус гэсэн үг биш. Харин сэхээнд хэвтэж байсан 88 настай хүнд нь G гэх хариу гарсан. Эндээс Covid-19-өөр өвчлөөд эсрэг биет үүссэн байна гэсэн онош гарсан. Бид маш нарийвчилж хоёр дахин үзэхэд хоёуланд нь эерэг гарсан. Сэхээнд байгаа энэ хүнийг болон тус тасагт байгаа 13 хүн, нийт өвчтөн, Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хавьтлуудыг тусгаарлаж, хөл хорьж, ХӨСҮТ рүү мэдээлсэн. PCR-ийн шинжилгээгээр вирус илрээгүй.
Дээр дурдсан түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарснаар вирус байна гэсэн үг биш, эсвэл өвчлөөд эдгэсэн байж болно.
Өчигдөр 15.00 цагт хөл хөдөлгөөн ихтэй, эмнэлгийн 206 хүн, өвчтөнүүдтэй нийлээд 345 хүнийг тусгаарлан, давхар давхраар нь ялган ангилсан. Хамгаалалтын бүх арга хэмжээг авсан. Одоо эмнэлэг хэвийн ажиллаж байгаа ч амбулаториор үйлчлүүлж байгаа хүний тоо бага байна.
Эрүүл мэндийн яам, Онцгой комисс маш сайн ажиллаж байгаа. Гэхдээ одоогоор батлагдаад байгаа 30 тохиолдол нь 3000 хүн дундаас илэрсэн. Гурван сая хүн амд хэдэн халдвартай хүн байгааг мэдэхгүй. Олон хүнийг оношлохын тулд түргэвчилсэн оношлуурыг бүх оронд хэрэглэж байгаа.
Миний хувьд, өвөл өвчилж хүндэрч байсан хүмүүс энэ түргэвчилсэн оношлуураар үзүүлээд, эсрэг биет үүссэн үгүйгээ мэдээсэй гэж бодож байна. ЭМЯ нь үүнийг зөвшөөрөх, томоохон эмнэлгүүддээ PCR-ийн шинжилгээ хийх эрхийг нь өгөөсэй гэж үзэж байгаа. Манай эмнэлэгт гэхэд PCR-ийн аппарат бий" гэлээ.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ