Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Чэжүгийн гранпри тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр татамид гарсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглосон ОУХМ Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ. Тэрээр Португаль, БНСУ-ын жүдочдыг ялж, хэсгийн аваргын барилдаанд Италийн Эдви Гвендэд нэмэлт цагт юүко үнэлгээ алдсанаар ялагдсан. Ц.Цэрэннадмид дагах барилдаанд Японы Мегумиг ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Ингээд шийдвэрлэх барилдаанд ОХУ-ын Е.Валковатай барилдан идэвхтэй барилдааныг үзүүлэн медалийн болзол хангалаа.

Валкова барилдааны эхэнд вазари үнэлгээ авсан ч хоёр торгууль аваад байсан. Ц.Цэрэннадмид барилдааныг дуустал идэвхтэй барилдааныг үзүүлснээр вазари авч тэнцэн хүрэл медаль хүртлээ.  Түүний жинд 29 жүдоч барилдсанаас Францын А.Клариссе алтан медаль хүртэж, Италийн Эдви Гвенд, мөнгө, Их Британы жүдоч нөгөө хүрэл медалийг хүртжээ.

Одоогоор манай жүдочдоос нэг мөнгө, нэг хүрэл, шагналт VII байрт нэг жүдоч ороод байна.

МӨНГӨН МЕДАЛЬ:

Эрэгтэй 60 кг- дэлхийн аварга Г.Болдбаатар

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

Эмэгтэй 63 кг – ОУХМ Ц.Цэрэннадмид

Шагналт VII байр:

Эмэгтэй 52 кг – Гавьяат тамирчин М.Бундмаа

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг түрүүлсэн.

Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай Чэжүгийн гранпри тэмцээн маргааш эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг, +78 кг-ын жингийн барилдаанаар өндөрлөх юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж