Ардын хүүхдүүд ч амьд явах эрхтэй

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Ардын хүүхдүүд ч амьд явах эрхтэй

Ардын хүүхдүүд ч амьд явах эрхтэй

ОХУ-д сурч байгаад эх орондоо ирсэн 14 оюутнаас коронавирусын халдвар илэрч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй.  Тэднийг эх орондоо эрсдэл тээж ирлээ гэж нэг хэсэг нь буруутгаж буй бол нөгөө хэсэг нь оюутнуудыг эх оронд нь авчрахдаа эрсдэлд оруулж байна гэж буруутгах хүмүүс олон.

Гадаадын 80 гаруй улсад 190 мянган монгол иргэн амьдардаг гэсэн тооцоо бий. Тэднээс 7888 хүн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ. Монгол Улс гадаад орноос тусгай үүргийн онгоцоор найман удаа иргэдээ татан авсан.

  • Хоёрдугаар сарын 1-нд Ухань хотоос 31 иргэн
  • Гуравдугаар сарын 15-ны Сөүл-Улаанбаатарын нислэгээр-244 иргэн
  • Гуравдугаар сарын 16-ны Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр 231 иргэн
  • Гуравдугаар сарын 16-ны Токио-Улаанбаатарын нислэгээр-257 иргэн
  • Гуравдугаар сарын 19-ны Истанбул-Улаанбаатарын нислэгээ-252 иргэн
  • Дөрөвдүгээр сарын 2-ны Сөүл-Улаанбаатарын нислэгээр-267 иргэн
  • Дөрөвдүгээр сарын 3-ны Токио-Улаанбаатарын нислэгээр-266 иргэн
  • Дөрөвдүгээр сарын 8-ны Улаанбаатар-Сөүлийн нислэгээр-261 хүн
  • Дөрөвдүгээр сарын 11-нд Алтанбулагийн боомтоор ОХУ-аас  276 иргэн эх орондоо иржээ.

Гэвч, эхний тусгай үүргийн нислэгүүдэд Улаанбаатарын утаа, Уханийн ханиадаас зугтааж, гадаадад өвөлжсөн эрх баригчдын эхнэр хүүхэд, ах дүүсээ ирлээ гэсэн гомдол шүүмжлэл гарсан. Энэ тухай ил хэлж, ад болсон нь АН-ын дарга С.Эрдэнэ болохоос.  Жишээлбэл,  Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшингийн хүү Золбоот, хотын дарга С.Амарсайханы эхнэр хүүхэд, УИХ-ын гишүүн Лу. Болдын гэр бүл,  УИХ-ын гишүүн А.Ундраа, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ҮАБЗ-ийн шинжээч, З.Энхболдын зөвлөх асан Ц.Буянцогтоо гээд улстөрчид болон тэдний ойр дотны хүмүүс эхний ээлжинд ирцгээсэн.

Уг нь, УОК-ын шийдвэрийг танилцуулахдаа Шадар сайд Ө.Энхтүвшин “Эхний ээлжинд бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, эмчийн хяналтад байгаа хүнд өвчтөн, ахмад настнуудаа авчирна” гэж мэдэгдэж байсан билээ. Эхний тусгай үүргийн онгоцоор эхнэр хүүхэд, ах дүүсээ зөөж дууссан эрх баригчид одоо:

  • Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн
  • Жирэмсэн эх, түр хугацаагаар хүүхэдтэйгээ ирсэн эцэг, эх
  • Жирэмсний 37 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нотлох баримт бичиг.
  • Өндөр настан
  • Эмэгтэй 55 /1965 оноос өмнө төрсөн/ наснаас дээш
  • Эрэгтэй 60 /1960 оноос өмнө төрсөн/ наснаас дээш гэсэн шаардлага тавьж байгаа билээ.

Эх орондоо ирэхээр болсон иргэдийн дунд  Энэтхэгийн 300 ламаахай эх орондоо хэзээ татан авахыг нь хүлээж суугаа гэх.

Гэвч, тэднийг татан авах талаар ярилцаж байгаа гэснээс өөрөөр ямар нэгэн албан шийдвэр гараагүй байгаа. ОХУ-аас эх орондоо ирсэн оюутнууд бол жинхэнэ дундаж амьдралтай, бор зүрхээрээ яваа борчуудын хүүхдүүд. Хэрэвзээ, хэн нэгэн даргын эхнэр хүүхэд ирж байгаа бол аль хэдийнэ тусгай үүргийн онгоцоороо авчих байсан ч биз.  Ямар ч байсан Москвагаас Эрхүү, Улаан-Үд, Алтанбулаг, Сэлэнгэ, Дархан гэсэн маршрутаар олон цаг автобусаар авчрах нь вирус халдварлах эрсдэлтэй.

ОХУ-д олон оюутан хүнд байгаагаа одоо ч цахим хуудсаараа бичиж байна. Уг нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын В.Путинтай ойр, дотно гэдгээ хэвлэлээр пиардуулах дуртай. Тэгэхээр тэнд сурч, амьдарч байгаа иргэддээ анхаарал хандуулахыг В.Путинаас хүсэх нь Төрийн тэргүүний хийх ёстой ажил. Түүнээс сонгууль хойшлуулах улс төрийн нүүдлээ биш  улс орон, ард түмэндээ жинхэнээсээ санаа зовж байгаа бол гадаадад амьдарч байгаа жирийн монголчуудынхаа  эрүүл, аюулгүй байдалд анхаар. Ардын хүүхдүүд ч гэсэн амьд явах, эх орондоо ирэх эрхтэй.

Б.БОЛОР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж