ЖДҮХС-ийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн талаар жижиг дунд бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөл өнөөдөр /2020.04.15/ мэдээлэл хийлээ.
Жижиг дунд бизнес эрхлэгч залуучууд өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн хэрэг мөрдлөг ямар шатанд яваа талаархи асуулгыг хүргүүлжээ. Уг асуулгын эхний хариу өчигдөр ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн Н. Учралынх байсан аж
"Шингэн алт" ХХК-ны захирал Д.Батдорж “ Өнөөдрийн байдлаар Н. Учрал гишүүний асуулгын хариу ирсэн. Энэ сарын 13-нд МАН-ын бүлгийн хурал болсон. Энэ хурлын үеэр Ерөнхий сайд У. Хүрэлсүх ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн. Энэ нь Н.Учрал гишүүн нь сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа гэж бид үзэж байна” гэв. Мөн өнөөдөр М. Оюунчимэг гишүүний хариу ирсэн ч танилцаж амжаагүй явна гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. Уг хэрэгт холбогдсон 32 гишүүнээс одоогийн байдлаар 23 гишүүний хэрэгт асуулга хүргүүлжээ. Цаашид асуулгын хариу ирэх бүрд хэвлэлийн хурал хийх юм байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул бусад гишүүний нэрсийг хэлэх боломжгүй гэсэн юм.
Энэ хурлын мэдэгдэл нь ямар нэгэн улс төрийн хүчний зүгээс бус бизнес эрхлэгч залуус нэгдэн өөрсдийн эрх ашгийг хамгаалж буй үйлдэл гэдгээ тэд хурлын үеэр онцлов.
Г. ЭНЭБИШ
Холбоотой мэдээ