“Цагдаа энгэрийн камертай ажилладаг болсон”

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

“Цагдаа энгэрийн камертай ажилладаг болсон”

“Цагдаа энгэрийн камертай ажилладаг болсон”

Нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчийг олон нийтийн цагдаагаар ажиллуулах журам батлагдсан талаар өчигдөр /2020.04.14/ Хотын дарга С.Амарсайхан мэдээлсэн. Уг журам хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнгөөс тодрууллаа.


-Хэсгийн ахлагч нар дөрөвдүгээр сарын 15-наас олон нийтийн цагдаагаар ажиллаж, иргэдэд хяналт тавихаар болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Бид өнгөрөгч Даваа гаригт нийслэлийн 173 хорооны хэсгийн ахлагч нарын дунд цахимаар сургалт зохион байгуулсан. Үүний дараагаар хэсгийн ахлагч нараас шалгалт авсан юм. Тэр шалгалтаар олон нийтийн цагдаагийн эрх авсан хүмүүс торгуулийн арга хэмжээ авна. Өнөөдрийн байдлаар 1628 хүн шалгалт өгснөөс 1592 хүн олон нийтийн цагдаагаар ажиллах шалгалтад тэнцсэн. Ингэснээр цагдаагийн байгууллагын 180 олон нийтийн цагдаатай нийлээд, 1700 олон нийтийн цагдаа иргэдэд хяналт тавьж ажиллана гэсэн үг. Хуучин журмаар хэсгийн ахлагчид торгууль тавьж, зөрчил шийдвэрлэх эрхгүй байсан бол шинэчилсэн журмаар газар дээр нь зөрчил шийдвэрлэж, шийтгэлийн хуудас олгох заалтуудыг оруулж, эрх хэмжээг нь нэмэгдүүлж байгаа юм. Өмнө нь Хэсгийн ахлагчийн журмаараа зохицуулагдаад явж байсан бол одоо энэ журамдаа өөрчлөлт оруулсан гэсэн үг л дээ.

Бид ажлын үнэмлэх, хантааз хувцсыг нь шийдэж өгч байгаа. Олон нийтийн цагдаагаар ажиллах хүмүүсийн хувцсыг оёулж байна. Хувцас нь хараахан бэлэн болоогүй байна. Тиймээс өнөөдрөөс /2020.04.15/ олон нийтийн цагдаа иргэдэд хяналт тавьж, ажиллана гэж хэлж чадахгүй байна.

-Хэсгийн ахлагч нарын цалин хөлс нэмэгдэх үү?

-Олон нийтийн цагдаагийн ажлын урамшуулал, цалин хөлсийг улирал болгонд дүгнэж, урамшуулна. Цалин урамшууллыг нь бас нэмье гэдэг асуудлыг ярьж байгаа юм билээ. Тэрийг нийслэлийн удирдлагууд шийдэх байх.

-Журам нь батлагдаж ирсэн үү. Уг журмаар ямар зөрчлүүдэд хэчнээн төгрөгийн торгууль тавих бол?

-Одоогоор бидэнд Олон нийтийн цагдаагийн чиг үүрэг хэрэгжүүлэх, хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журам гээд түр журам батлагдаж ирээд байна.  Уг журамд Зөрчлийн тухай хуулийн 5.1.1 дүгээр зүйлд олон нийтийн газар авто зам, орон сууцны орц, гадна талбайд нус, цэр, шүлсээ, хог хаягдлаа ил задгай хаясан зөрчил дээр 10 мянган төгрөгөөр торгоно.

Мөн нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчилд хариуцлага тооцно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд “Олон нийтийн цагдаа Зөрчлийн тухай хуулийн 6-7 заалтад хариуцлага тооцно” гэж заасан. Эдгээрийн таван заалтад хэсгийн ахлагч нар хариуцлага тооцох юм.

Хэсгийн ахлагчийн өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан чиглэлүүд дээр хэд хэдэн чиг үүрэг нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх журамд байгаагүй заалтыг тусгасан гэсэн үг. Тухайлбал, торгуулийн арга хэмжээ авах заалтуудыг нарийвчлан тусгаж, шөнийн цагаар оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, хог хаягдлаа зориулалтын сав, цэгт хаяхгүй байх, хориглосон газар тамхи татах, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаалах гэх мэт 10-100 мянган төгрөгөөр торгоно.

-Тэгвэл иргэд амны хаалт зүүж буй эсэхэд хяналт тавьж, торгох уу?

-Хэсгийн ахлагч нар иргэдэд амны хаалт зүүх шаардлагыг л тавина. Тэрнээс биш олон нийтийн цагдаа нарын хувьд амны хаалт зүүгээгүй бол торгоно гэсэн хуулийн заалт байхгүй. Харин амны хаалт зүүгээгүй зөрчлийг илрүүлж, холбогдох цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газарт харъяаллын дагуу шилжүүлнэ. Энэ бол тухайн зөрчил гаргаж буй иргэний ухамсар, хуулийн мэдлэгээс л шалтгаалах асуудал.

-Эргээд зөрчил гаргасан иргэнд мөнгө торгууль тавьж буй хэсгийн ахлагч нарыг хэн хянах юм бэ?

-Зарим иргэд олон нийтийн цагдаагаас зугтаах, хэл ам хийх, шаардлагыг нь биелүүлэхгүй байх асуудал гаргахыг үгүйсгэхгүй. Энэ болгоныг л хамгийн гол нь баримтжуулах ёстой. Цагдаагийн албан хаагчид одоо бүгд энгэрийн камертай ажил үүргээ гүйцэтгэдэг шүү дээ. Бид одоогоор хэсгийн ахлагч нарт камер өгнө гэж шийдээгүй байгаа. Миний бодлоор хэсгийн ахлагч нарыг камержуулах нь зөв юм гэдэг саналаа холбогдох удирдлагуудад танилцуулна. Өнөөдөр зах зээл дээр нэг энгэрийн камер хэдэн төгрөгийн үнэтэй байгаа билээ. Ойролцоогоор 300-400 мянган төгрөгийн үнэтэй ч бий. Тэгэхээр камерны үнэ өртгөөс шалтгаалан, хэдийг авах шаардлагатай вэ гэдэг саналаа танилцуулна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж