Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

УИХ хоёр нүүртэй

УИХ хоёр нүүртэй, УИХ-ын гишүүд нь 20 нүүр ч үзүүлж магадгүй гэх яриа гарсан нь ортой бололтой.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд хууль хяналтынханд шалгах боломжоор хангаад өгөөч гэж хоёр жилийн турш иргэний нийгмийн байгууллагууд Төрийн ордныг гороолон жагсахад дунд хуруу өгсөн УИХ Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн чөлөөлөгдөх хүсэлтийг гэрлийн хурдаар хэлэлцэж эхлэв.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр /2020.04.14/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барингуут УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал зарлаж, хэлэлцэв.  Дараагийн дарга нь тодорчихсон байгаа юм биш үү гэх хардлага төртөл чөлөөлөгдөх хүсэлтийг өргөн барьсан өдөр нь хэлэлцэж, бүрэн эрхийнхээ дөрвөн жилд үзүүлээгүй амжилт гаргав.

Хүний эрхийг хамгаалах байгууллагын дарга нь бусдыг гөлөг гэж доромжилсон нь зөвтгөх аргагүй, түүнийгээ өхөөрдөж хэлсэн болж цайруулахыг оролдсон нь бүр ч тоогүй. Хэл хальтирсан хойно хэлсэн үгэндээ эзэн болох л ёстой.  Ардчилсан нам эрх барьсан ч, Ардын нам эрх барьсан ч Хүний эрхийн үндэсний комиссыг тогтвортой 10 гаруй жил удирдсан хүн бол Ж.Бямбадорж дарга. Хүний эрхийг хангах, хамгаалах талд дэвшил гаргасан ажлууд олон бий, бас алдсан нь ч бий. Зарим асуудал руу оръё гэхэд эрх зүйн тогтолцоо нь бүрдээгүйгээс хууль зөрчиж болзошгүй асуудалтай нүүр тулж ад үзэгдсэн тал ч бий.

Гэхдээ яах вэ, хуучин хүн гэж зангараг зааж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа.  Бусад нь бол ичихгүй ширэн нүүрлээд албан тушаалтайгаа зууралдаад сууж буй.  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр өгзөгний дуулиан тарьсан ч хариуцлага хүлээгээгүй . Олон нийт түүнийг чөлөөлөгдөх ёстой гэх шаардлага тавьсан ч даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, гишүүнээрээ үлдсэн.  Уг нь УИХ дахь эрх баригч хүчин хүссэн бол Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн толгойг илээгүй шигээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын асуудлыг шийдэж болох л байсан.

Хэнийг төрд нь үлдээж, хэнийг авч үлдэх вэ, хэний асуудлыг шуурхай хэлэлцээд, хэний асуудлыг тас дараад суух вэ гэдэг бол МАН-ынхны хувьд алагчилж хийдэг л ажил болж хувирч дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж