
Уго Чавесын амьдралд түүх, гүн ухааны тухай ном, Библи, яруу найраг чухал байр суурь эзэлдэг. Тэрбээр илт сангвиник темпераменттай, санасан бодсоноо орчинд нь байгаа хүмүүстэй хуваалцахыг тэмүүлдэг жинхэнэ халуун цустай латин америк эр юм. Тиймээс Уго Чавес ямар нэгэн давхар санаа агуулалгүйгээр аливааг шууд хэлдэг зан чанартай. Тэрбээр мэргэжлийн улстөрчдийн хэрэглэдэг улс төрийн арга заль, дипломат арга барил хэрэглэдэггүйгээс байнга хэл аманд өртөж, бэрхшээлтэй тулгарч байдаг. Дэндүү сунжруу гэмээр үг хэлэхдээ тэрбээр Библийн судрын зүйрлэл, яруу найргаас эш татсан гал халуун үг хэлдгээрээ боловсрол нимгэн, бичиг үсэггүй ядуус, ажилчин ангийн сэтгэлийг татаж чаддаг. Харин дунд болон дээд давхаргын иргэд түүний энгийн, заримдаа бүдүүлэг гэмээр үгэнд нь бухимддаг аж.
Дэлхий нийт болон Венесуэлд Уго Чавес гэх негрийн хольцтой энэ индиан эрийн тухай 1992 онд мэддэг болсон. Урьд нь хэн ч таньдаггүй байсан агаарын десантын ангийн захирагч хурандаа бослого зохион байгуулж, нийслэл Каракасын гудамжинд танк гаргасан юм. Тэр үед түүний оролдлого бүтэлгүйтэж, Уго Чавес хамтрагчдадаа зэвсгээ хураалгахыг тушаасан байна. Уго Чавес бүх хариуцлагыг өөртөө үүрч, баривчлагдах үедээ тэдний тавьсан зорилт биелээгүйгээс гадна цус асгаруулахаас сэргийлэх үүднээс зэвсгээ хураалгаж байгаагаа мэдэгдсэн юм. Тэр бүхнийг Венесуэл даяар телевизээр шууд нэвтрүүлжээ. Хоёр жил хоригдсоны эцэст Уго Чавес Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдахад ард түмэн түүнийг үндэсний баатар мэт угтан авсан. Түүнийг сулласан шинэ Ерөнхийлөгч албан тушаалдаа сонгогдсоныхоо дараа залуу офицеруудын шаардлага шударга болохыг хүлээн зөвшөөрч байжээ.
Уго Чавесыг бослого гаргах үед Венесуэлийн ард түмэн уламжлалт улс төрийн намуудад нэгэнт итгэл алдарч, тус орон авлигад хэт автсан байж. Венесуэл газрын тосны олборлолтоос 1960-1998 оны хооронд асар их мөнгө олсон боловч гадаадын хөрөнгө оруулалттай хэдхэн компани тэр бүх орлогыг хянаж байсан. Харин ард түмний амьдралын түвшин улам буурсан аж. Тиймээс ард түмэн шинэ бошиг үзүүлэгч ирнэ хэмээн хүлээж байв. Улмаар десантчины улаан малгай өмсч, Христ, Боливарын тухай ярьсан өөрсөдтэй нь адил царай, үг яриатай цөс ихтэй офицерийг хараад олон сая ядуу иргэн сонголтоо хийсэн гэж болно.
Уго Чавес шоронгоос гарангуутаа улс төрд орсон юм. Тэрбээр зэвсэгт тэмцлээс татгалзан “Тайван хувьсгал” гэх байр суурийг баримтлах болов. Уго Чавес 1998 оны сонгуульд авлигатай тэмцэх уриатайгаар оролцон сонгогчдын 56.5 хувийн саналаар сонгогджээ. Тэрбээр “Энэ мөхөж буй Үндсэн хуулиар тангараглаж байна…” гэж Ерөнхийлөгчийн тангараг өргөх үгээ эхэлж байв. Тэрбээр Венесуэлийг өөрчилж, тус улсад хүчин төгөлдөр байсан хуулиуд, оюун санааг шинэчлэх зорилт тавьжээ. Ингэхдээ эх орныхоо эзэн нь хэзээ ч байж үзээгүй венесуэлчүүдэд буцааж өгөхийг зорьж байна гэдэг.
Уго Чавес засгийн эрх авсныхаа дараа “Петролиус Венесуэлас” компанийг төрийн мэдэлд авч, орлогынх нь ихэнх хэсгийг нийгмийн хөтөлбөрт зарцуулах болсон. Ингэснээр ядуусын дунд нэр хүнд нь улам өссөн боловч тус салбарын эдийн засгийн үр өгөөж эрс багассан гэж үздэг. Тэрбээр ядуусын дунд олсон нэр хүндээ ашиглан аж үйлдвэрийн олон салбарыг төрийн хяналтад оруулж эхэлсэн бөгөөд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг гартаа оруулах болсон. Уго Чавес 1999 онд шинэ Үндсэн хууль батлуулж, 2006 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялсан юм.
Уго Чавесын эсрэг 2002 онд цэргийн эргэлт хийж, түүнийг нь хөрөнгө чинээтэй, эдийн засаг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг барьдаг эрх баригч ангийнхан зохион байгуулсан. Түүнд нь АНУ-ын зүгээс дэмжлэг үзүүлсэн боловч эцэстээ бүтэлгүйтсэн юм. Тэр үед Уго Чавесын нугаршгүй зан чанар илэрч, тэрбээр цус асгаруулах явдлаас сэргийлж, зэвсэггүй хэдэн мянган дэмжигчээ ятган өөрөө тэдэнд баривчлагдсан юм. Түүнийг баривчилсан этгээдүүд Ерөнхийлөгчийн албан тушаалаас татгалзсан тухай өргөдөл бичүүлэхийг хүссэн боловч тэрбээр энэ тухайгаа гадаад ертөнц, цэргийн анги нэгтгэлүүдэд дуулгаснаар төрийн эргэлт амжилтгүй болжээ.
Уго Чавес Ерөнхийлөгч болсныхоо дараа Иракийн эсрэг хориг хүчинтэй байхад тус улсад очиж, Саддам Хуссейнтай уулзсанаараа дэлхий дахинд алдаршсан. Вашингтоны эрх баригчид түүнийг зүүний байрь суурьтай гэж үздэг бөгөөд тэрбээр Ф.Кастрог өөрийнхөө хамгийн сайн найз гэдэг юм. Уго Чавес улс орондоо явуулж буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөө “Боливарын хувьсгал” гэж нэрлэдэг. Гэвч газрын тосноос олсон мөнгөөр “Боливарын хувьсгал” гээчийг Америк тивд түгээхийн тулд бусад оронд хөрөнгө хаяж байгаа нь сөрөг хүчнийхний шүүмжлэлд өртдөг юм. Түүний удирдлагын арга барилыг улам бүр авторитар шинж чанартай болж буй тухай тогтоолыг Европын парламентаас энэ онд гаргасан. АНУ-ын ноёрхлыг эсэргүүцэх нэрийн дор тус бүс нутагт өөрийн нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж буй Уго Чавесийг зарим хөрш орон нь таагүй хүлээн авдаг. Гэсэн ч тэрбээр нугаршгүй зангаа гарган зөвхөн урагшаа зүтгэсээр буй дэлхийн цөөхөн удирдагчийн нэг юм. Д.МӨНХБОЛД
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин