“Их-7” бүлгийн Сангийн сайд болон төв банкны ерөнхийлөгч нарын уулзалтаар бага орлоготой, буурай 25 орны өрийн эргэн төлөлтийг цуцлахаар санал нэгджээ. Ингэснээр цар тахлын улмаас олон улсын санхүүгийн байдал тогтворгүй болсон энэ үед буурай орнуудын эдийн засгийн хямралыг зөөлрүүлнэ гэж тооцсон байна. Энэ асуудлыг АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучины удирдан явуулсан “Их-7” бүлгийн цахим хурлын үеэр ярилцан тохиролцжээ. Бүлгийн Сангийн сайд нарын тооцоолсноор ойролцоогоор 18 тэрбум ам.долларын өрийн эргэн төлөлтийг цуцлах боломжтой аж. Эцсийн шийдвэрийг Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн уулзалтаар энэ долоо хоногтоо багтан эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Өмнөх өдөр нь Олон улсын валютын сангаас буурай 25 орны ирэх зургаан сарын хугацааны 214 сая ам.долларын өрийн төлөлтийг цуцлахаар шийдвэрлэсэн аж. Өрийн өршөөлд голдуу Африкийн орнууд багтжээ. Энэ тухай ОУВС-ын менежментийн дарга Кристалина Жеоржиева мэдэгджээ. Түүнчлэн өрийн өршөөлд ирэх жилээс хөгжиж буй орнуудыг хамруулах хэрэгтэй хэмээн тус сангийн кампанит ажлыг даргалж буй Сарах-Жейн Клифтон мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Financial Times