Н.Батбаяр: Хэдий болтол Монгол бадар барих вэ?

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр: Хэдий болтол Монгол бадар барих вэ?

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Х.Болорчулуун гишүүнээс Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан ч Уул уурхайн сайдад ацагласан байна. Бид бусдын жишгээр газрын тосноос хувь хүртэж чадахгүй байгаа. Үүнийг өөрчлөөрэй гэж Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилогдоход нь захисан. Гадныханд юмаа сул тавьж өгөхдөө үнэхээр сурамгай. Дотоод нөөц бололцоогоо ашиглахдаа үнэхээр хариуцлагагүй, санаачлагагүй байна. Дачин Тамсагт ажиллаж байгаа хүмүүсийн ажиллаж байгаа орчин нөхцөл туйлын муу. Гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй ажиллагаа огт хангагддаггүй. Орон нутгаас яаж ч шаардаад Засгийн газартай гэрээтэй гэдэг. Боолчлолын байдлаар монголчууд ажилладаг. Монгол хүнийхээ ажиллах нөхцлийг сайжруулахын төлөө ажиллах ёстой, энийгээ яагаад хангахгүй байна вэ. 19 дүгээр талбайгаас яагаад байгалийн нөөц ашигласны төлбөрийг авахгүй байна вэ. Хэдэн удаа хэдэн хувиар авахаар хэлэлцээрийн ширээний ард суув. Бид 10 хувиас дээш авах ёстой.
Уул уурхайн сайд Р.Жигжид: УИХ-аас Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор 13 бичиг баримт боловсруулах үүрэг хүлээсэн. Үүнээс 8 нь боловсруулагдсан, 5 нь боловсруулалтын шатанд. Түүний нэг нь уламжлалт бус газрын тосны хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм байгаа. Ойрын хугацаанд эцэслэн боловсруулж гаргана. Гэрээлэгч талтай байгуулсан санамж бичигт тодорхой заалт оруулсан.

Монгол Улсад 23 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ хэрэгжээд явж байна. Тосон уул, 19 талбайд нөөц ашигласны төлбөр авахгүй байхаар тусгагдсан гэж ойлгогддог. Төлбөрт тосны татвар төлөгддөг, түүнд тэр нь шингэсэн гэж ойлгогддог. Өдрийн олборлолт нь өндөр төвшинд хүрсний дараа Засгийн газрын хувь хүртээхээр заасан байдаг. Үүнээс хойш гурван удаа хэлэлцээрт орсон. Хятадын талын ерөнхийлөгч нь өөрчлөгдсөн, үүнээс шалтгаалж, хэлэлцээрт суухгүй байгаа. Байнга бид энэ асуудлыг тавьж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Монгол Улс хэзээ газрын тос боловсруулах үйлдвэртэй болох вэ. Одоо хэдэн компани газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгай зөвшөөрөл авсан байдаг юм. Үүнээс хэд нь үндэсний компани юм, хэд нь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Алийн болгон Монгол Улс газрын түүхий тосоо гадагш нь өгөөд бусдаас бадар барьж явах юм бэ. Тостой уулынхаа тосыг Монгол хэзээ ашигладаг болох вээ. Одоо машинаар зөөж байна гэх юм, дараа нь төмөр замаар зөөх юм уу. Хэзээ газрын тос боловсруулах үйлдвэртэй болох вэ, юунаас болж энэ ажил гацаад байна вэ?

Уул уурхайн сайд Р.Жигжид: Шийдлийн Засгийн газар байгуулагдсан үеэс Уул уурхай яаманд газрын тос боловсруулах асуудал харьяалагддаггүй болсон. Аж үйлдвэрийн яаманд харьяалагддаг. Өмнөх парламентын үед Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болж, зарим ажил эхэлсэн байсан ч тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд орсон. 2 сая тонн түүхий тос олборлох учраас дотоодынхоо тосыг аваад гадаадаас импортлох шаардлага үүссэн. Ийм учраас асуудал үүссэн байдаг.

Жижиг үйлдвэр барихын тулд 10 орчим аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгсөн байдаг. Аж үйлдвэрийн яам илүү мэдээлэлтэй байгаа.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: УИХ-ын шийдвэрийн дагуу 2 газар нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу дотоодын түүхий тосондоо түшиглэж зүүн бүсэд 300 мянган тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болсон. Одоо ямар технологийг хаанаас авах вэ гэдгийг судалж байна. Ирэх хавраас нефть боловсруулах үйлдвэрийг дотооддоо тулгуурлан байгуулах ажил эхэлнэ.

Говийн бүсэд байгуулах нефть боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажил дуусч байна. Таван компани оролцоод Унгарын компани шалгарсан. Гэвч урьдчилсан ТЭЗҮ-гийн хөрөнгийг УИХ хассан. Яаж энэ асуудлыг шийдэх вэ гэдгийг Засгийн газраас гаргана.

Өмнө нь энэ чиглэлийн 15 төсөл явж байсан ч хэрэгжээгүй, энэ бол төрийн бодлоготой уяхгүй бол болохгүй гэдэг нь харагдсан гэсэн үг. УИХ дээр унагаасан ТЭЗҮ –ийн зардлын хөрөнгийг бодвол бусад ажил гацаагүй явж байна.

УИХ-ын дарга З.Энхболд: Хувийн компанийн байгуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г төрөөс хийх ямар хэрэгтэй юм бэ?

Сайд Д.Эрдэнэбат: Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид стратегийн ач холбогдолтой үйлдвэр гэдгийг заасан. Мөн төрийн бодлогод хувийнхан барих уу, төрийнхөн барих уу гэдэг шийдвэрийг аль нь ч гаргаагүй. Урьдчилсан ТЭЗҮ гэдэг ажлын даалгавар маягаар хийгддэг. Урьд нь ингээд явж байсан.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Газрын тосны газрын дарга та Монгол Улсын эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Гэвч хятадуудын өмнө бөхөлзөөд байх шиг надад санагддаг?

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн: Хятадуудын өмнөөс бөхөлздөг юм байхгүй, хуулиа бариад зарчмаа бариад ажилладаг. Яаж Монгол Улсдаа илүү ашигтай хувилбарыг сонгох вэ гэдэг гэрээ хэлэлцээрийг ямагт барьж ирсэн гэсэн хариулт тус бүр өглөө.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж