Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдын онлайн бүртгэлийг www.eec.mn цахим хуудсаар дамжуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас эхлүүлсэн бөгөөд өнөөдөр 18.00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй юм. Иймээс цаг дуусахаас урьтаж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөж байна.
Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
ҮҮНД:
- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/;
- Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байх/;
- Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан шилжүүлнэ. Тухайн карт зөвхөн бүртгүүлэгчийнх байх шаардлагагүй ба эцэг эх, багш, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй ашиглах боломжтой интернет гүйлгээ хийх эрх бүхий карт байх ёстой. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ын 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
- И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/.
- Та өөрийн регистрийн дугаарыг үнэн зөв оруулснаар таны хувийн мэдээлэл БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас татагдан гарч ирнэ.
- 2020 онд ЕБС төгсөж буй шалгуулагч бол таны мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулна
- Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар бүртгэлийн хугацаанд онлайн бүртгэлд хамрагдана.
2020 онд төгсөж буй шалгуулагчийн сургууль, анги, бүлэг зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем /esis.edu.mn/-д засвар хийлгэх шаардлагатай юм. Хувийн мэдээлэл нь Ерөнхий боловсролын сургууль төгсөх “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ”, Элсэлтийн ерөнхий шалгалтын “Батламж хуудас” болон шалгалтын бусад материалд бичигдэх аж.
Э.АРИУН
Холбоотой мэдээ