Covid-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд тогтоосон хөл хорионы улмаас бизнес төдийгүй өрхийн орлого эрс буурч байгаа тул Монголбанк иргэдийн хэрэглээ, төлбөрийн чадварыг дэмжих үүднээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэр гаргасан.
Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлтэй иргэд гэрээнд заасан хугацаандаа зээлээ төлөх боломжгүй болсон бол ирэх тавдугаар сарын 1-нээс өмнө харилцагч банкиндаа хүсэлт гаргах ёстой.
Харин харилцагч банк нь тухайн иргэнээс орлого нь буурсан эсэх нотлох баримт шаардахгүйгээр гаргасан хүсэлтэнд нь тулгуурлан ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийг нь зургаан сараар хойшлуулж өгөх үүргийг Монголбанкнаас арилжааны банкуудад өгчээ.
Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 4.6 их наяд байгаа бөгөөд 97 мянган иргэн ипотекийн зээлд хамрагджээ.
ЗЭЭЛ ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ТӨЛЖ БУЙ ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ САНАЛ ГАРСАН
Цар тахлаас урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоосон ч арилжааны банкнаас авсан зээлээ цаг алдалгүй төлж байгаа иргэдийг төр засгийн зүгээс ч урамшуулах асуудал яригдаж эхэлжээ. Тодруулбал,
УИХ-ын байгуулсан ажлын хэсгийг зүгээс зургаа хүртэлх сараар зээлээ хойшлуулах хүсэлт гаргаагүй, зээлээ цаг тухай бүрт нь алдалгүй төлж буй иргэдийн авсан ипотекийн зээлийн 8 хувийн хүүнийх нь хоёр хувийн хүүг улсаас эргүүлж олгох санал гарчээ. Энэ санал УИХ-аар батлагдсан тохиолдолд хэрэгжээд явах боломжтой.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО
Монгол Улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс ипотекийн хөтөлбөрт санхүүжилт олгохоо зогсоох үүрэг амлалтыг Монголбанк авсан ажээ.
Гэхдээ нөхцөл байдал Covid-19 цар тахлын улмаас өөрчлөгдөж, эдийн засаг бүхэлдээ хямралд орох эрсдэл ороод байгаа тул төр засгийн зүгээс барилгын салбараа дэмжих зорилгоор ипотекийн зээлийн санхүүжилтээ үргэлжлүүлэхээр болсон байна. Ингэхдээ Монголбанк өмнө нь хэрэгжүүлсэн байсан зарчмын дагуу орон сууцын ипотект олгосон санхүүжилт зээлийн үндсэн төлбөрийг төлөлтийн хэмжээгээр ипотекийн хөтөлбөрөө цааш нь хэрэгжүүлэх боломжтой гэсэн санал гарч байна. Гэхдээ энэ саналыг мөн УИХ батлах ёстой.
Ипотекийн санхүүжилтээ олгосон зээлийнх нь үндсэн төлбөрийн төлөлтөөс 300 орчим тэрбум төгрөг цугларах боломжтой тул тэрхүү хөрөнгөө ипотекийн зээлд олгох боломжтой гэсэн тооцоо гарчээ.
Нөгөө талдаа барилгын салбар нь нийт 100 гаруй мянган ажилтантай, банкны системийн нийт зээлийн 1.6 их наяд төгрөг барилгын салбарт олгогдсон байдаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд нийт ашиглалтад орсон 35 мянган бэлэн орон сууц байна.
АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЗЭЭЛ ТАСАЛДАХГҮЙ БАЙХ ҮҮДНЭЭС БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛЖЭЭ
Хэдийгээр төр засгийн зүгээс барилгын салбараа дэмжиж, ипотекийн зээлийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх ч арилжааны банкууд цар тахлын үед иргэд, бизнес эрхлэгчдийн орлого буурчихсан байгаа энэ үед зээл олгох уу гэдэг нь гол асуудал болжээ. Иймээс Монголбанкны зүгээс зээлийн тасалдал үүсгэхгүйн тулд мөнгөний бодлогын хүүгээ 9 хувь болгож бууруулжээ. Ингэснээр арилжааны банкууд иргэдээс өндөр хүүтэй татсан хадгаламжийн мөнгийг бага хүүтэй Монголбанкны үнэт цаас болгохоос илүүтэй буцаагаад иргэдэд зээл хэлбэрээр олгох боломж нь бүрдсэн гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэв.
Холбоотой мэдээ