"Эмээлт" захад ноолуур 40.000-50.000 төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

"Эмээлт" захад ноолуур 40.000-50.000 төгрөгийн үнэтэй байна

Засгийн газраас энэ онд ноолуурын нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор нэг кг тутмыг 100 мянган төгрөгөөр тооцож, 5000 орчим тонн ноолуурыг үйлдвэрлэгчдэд нийлүүлэх тооцооллыг гаргасан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлсэн. Гэвч ноолуур  зах зээлд нэг кг нь 40-50 мянган төгрөгийн үнэтэй байна гэж иргэд шүүмжлэх болсон тул "Эмээлт" захыг зорилоо. Хөл хорио тогтоосон нь нөлөөлөв үү, түүхий эдийн үнэ ханш унасан нь нөлөөлөв үү, тус захын хөдөл хөдөлгөөн эрс багасчээ.

Зам дагуу байрлах жижиг ТҮЦ-ийн гадна хонины нэхий давхарлан тавьсан харагдана. Харин түүхий эд бэлтгэн борлуулах төвийн блокон хашаануудад их хэмжээний арьс, шир, нэхий овоолж, заримыг нь дэлгэн хатааж байв.

“Ноолуур авна” гэх бичиг хадсан ТҮЦ-ийн гадаа зогсох хүнээс  ноолуур хэдээр авч байгааг сонирхоход “Манайх ноолуур авахгүй байгаа. Замын урдуур ганц, нэг газар ноолуур авч байгаа” гэсэн юм. Цааш нь “Их уул“ компанийн хашаанд ороход “Адууны шир авах хүн байхгүй нар, салхинд дэлгэн хатааж байна” гэсээр тус компанийн ажилтан Ц.Даваасүрэн угтлаа.

"МАЛЧИД ХОЁР, ГУРВАН КИЛОГРАММ НООЛУУР ТУШААЖ БАЙНА”

“Манайх 50 мянган төгрөгөөр ноолуур авч байна. Одоо биднээс ноолуур авах ч хүн алга. Хүмүүс ноолуурын ханш асуухаас өгөх хүн тун цөөн байна. Арьс шир, хонины нэхий бүр хог дээр гарлаа. Хашаандаа овоолоод байж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Адууны шир 8000 төгрөг, адууны дэл 4000 төгрөг, хонины нэхий өлөнтэйгөө 1500 төгрөг, /дангаараа 500 төгрөг /, тэмээ, үхрийн шир авахгүй байгаа" гэв.

Өнгөрсөн жилийн гуравдугаар сараас малчид ямаагаа самнаад эхэлчихсэн, үнэ ханшийн хувьд өндөр байжээ. Тодруулбал, нэг кг ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн өндөр буюу 140 мянгад хүрч байсныг ченжүүд хэлэв. Гэтэл энэ жил ноолуурын үнэ салбарын яамнаас зарласан ханшид хүрэхгүй байгаа тул  малчид ноолуураа зарахгүй, дарах болсон байна. Зарим түүхий эд худалдан авах газрынхан хоёр тор ноолуур үүдэн хэсэгтээ тавьсан харагдав.

“Манайх ноолуур нэг кг тутмыг 40-50 мянган төгрөгөөр авч байна. Ноолуур өгч байгаа хүн ч алга. Манайх бараг хоёр сар зогсоход үнэ асуухаас зарж байгаа нь цөөн. Малчид ойр зуурын хэрэглээндээ зориулан хоёр, гурван кг ноолуур зарж байна. Ерөнхийдөө улсын шийдвэрийг л харж сууна”гэж ченж бүсгүй ярив. Түүнтэй цөөн хором ярилцав.

“СОНГУУЛИЙН ӨМНӨ МАЛЧДЫН САНАЛЫГ ХУДАЛДАН АВАХ ГЭЖ БАЙНА”

-Малчид ноолуураа их хэмжээгээр зарахгүй, төр засгийн шийдвэрийг харзанаж байна гэлээ. Таны хувьд өдөрт хэчнээн килограмм ноолуур авч байна. Эргээд ченжүүдээс дотоодын үйлдвэрүүд ноолуур авахдаа ямар шаардлага тавьдаг вэ?

-Манайх бүтэн сар зогсоход 20 кг  ч ноолуур  худалдаж авсангүй. Засгийн газар малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үндэсний үйлдвэрлэгчдэд олгохоор болсон. Гэтэл дотоодын үйлдвэрүүд ноолуур худалдан авахдаа хялгас, хаг, шороогүй байна гэх мэтчилэн өндөр шалгуурыг тавьдаг. Хаггүй ноолуур гэж байхгүй шүү дээ. Одоо малчид борлонгийн ноолуураа самнаад хамт боогоод тавьчихсан байгаа. Энэ үед чанарын тухай ярилтгүй. Улсын 300 тэрбум төгрөгийг үр ашиггүй урсгаж, сонгуулийн өмнө малчдын саналыг худалдан авах гэж байна.

-Одоо аль аймгийн малчид ноолуураа бага хэмжээгээр зарж байгаа бол?

-Салбарын сайд мэдээлэл хийснээс хойш Хэнтий аймгаас нэг кг ноолуур ч өгөхөө больсон. Одоо ихэвчлэн Улаанбаатар хотод ойр төвийн аймгуудаас ямаагаа түрүүлж самнасан хэдэн малчид л ноолуураа зарж байна. Дорнод аймагт дөрөвдүгээр сарын 10-н гэхэд бүх ямаагаа самнаад дуусчихсан. Дахиад араас нь борлонгийн ноолуур гараад ирлээ. Ноолуураа холиод өгвөл чанар нь муудна шүү дээ.

Дунджаар 10-20 кг ноолуур зардаг айл нэг, хоёр кг-аас дээш авч ирэхгүй байгаа. Ноднин гэхэд манайх хоёр тонн ноолуураас 10 орчим сая төгрөгөөр шатсан. Энэ бүх эрсдлийг ченжүүд л үүрдэг гэв.

Жил бүрийн хавар улсын хэмжээнд 10 мянган тонн ноолуур бэлтгэгддэг байна.  Өнгөрсөн жил 2700 тонныг нь үндэсний үйлдвэрүүд ашиглажээ. Энэ жилийн хувьд 3000-4000 тонныг л үндэсний үйлдвэрүүд авна гэж тооцож байна. Үлдсэн нь гадаад зах зээл рүү угаасан, самнасан хэлбэрээр экспортлогддог аж.

“Өдөрт дунджаар нэг тонн ноолуур авдаг байсан бол одоо 10-20 кг ноолуур л авч байна. Энэ жил ноолуурын зах зээлийн ханш 50 мянган төгрөгөөс дээш гарахад хэцүү. Өмнө нь Монголын ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, 70 орчим хувь нь БНХАУ руу угаасан хэлбэрээр, самнасан байдлаар Итали, Япон руу  гардаг байсан юм.

Гэтэл энэ жил шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор байдал хүндхэн болоод байна. Төрөөс энэ жил ноолуурын ханшийг 50 мянган төгрөгөөс доош оруулахгүй гэдэг бодлого бариад, ноолуураа авчих байсан. Гэтэл одоо 50 мянган төгрөгөөс ч доош унах эрсдэлтэй байна” гэж тус захын ченж Ц.Наранцэцэг хэлж байсан юм.

“ИРЭХ ДОЛОО ХОНОГООС МАЛЧДЫН НООЛУУРЫГ АВЧ ЭХЭЛНЭ”

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатараас ноолуурын үнэ ханшийн талаар тодрууллаа.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ноолуурын үнэ нэг кг нь 100 мянган төгрөг байна гэж зарласан. Гэвч энэ ханшид хүрэхгүй байна. Өнгөрсөн жилийнхтэй  харьцуулахад энэ жил ноолуурын үнэ хэдэн хувиар буураад байна вэ?

-Монгол Улсын хувьд одоогоор ноолуурын үнэ хараахан зарлагдаагүй байна. Зарим улстөрчид янз бүрийн үнэ хэлж “Ноолуур 90 мянган төгрөгөөр авъя” гэж үймүүлсэн тал байна. Ноднин зүүн бүсийн аймгуудад нэг кг ноолуур 138-140 мянган төгрөг хүрч байсан. Гэтэл энэ жил огцом буурч, 50 мянган төгрөгөөр өгнө гэвэл арай  дэндүү асуудал болно. Шинэ коронавирусийн хөл хориог далимдуулан ашиг олох сонирхолтой хүмүүс ч байна. Бид өнөөдөр ноолуурын үнийг байнга судалж байна. Урд хөршийн зах зээл дээр өнгөрсөн жилийнхээс тодорхой хувиар буурсан ч огцом буураагүй. Зарим хотуудад нь үйлдвэрлэл сэргэж байгаа. Мөн Итали, Англи улс шинэ коронавирусийн халдварын голомт болоод байгаа учраас захиалга одоохондоо ирэх боломжгүй байгаа.

Ноолуурын гарцаас хамаарч худалдан авах доод үнийг 75-105 мянган төгрөг гээд зарлачихсан байгаа. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн ноолуурыг яагаад 105 мянгаар худалдан авна гэсэн бэ гэхээр зүүн аймгуудын малчид ноолуураа эрт самнадаг, 60 хувийн гарцтай. Харин баруун аймгуудын хувьд ноолуурын гарц буурдаг учраас 75-85 мянган төгрөг байх жишээтэй. Энэ бол ноолуурын гарцаас хамаарч буй үнэ болохоос малчдыг бүс нутгаар нь ялгаварлаж буй асуудал биш. Ингэснээр өнгөрсөн оныхоос зүүн аймгуудын ноолуурын ханш 30, баруун аймгууд 10 орчим хувиар л буурч байна.

-Өдийд зүүн аймгийн малчид ноолуураа самнаад тушаачихсан байдаг. Гэтэл өнөөдөр салбарын сайдын мэдээлэлтэй холбоотойгоор ноолуураа тушаагаагүй байна. Хэзээнээс малчдын ноолуурыг худалдан авч эхлэх вэ?

-Одоо Засгийн газрын гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг авах аж ахуй нэгжүүд арилжааны банкуудад хүсэлтээ гаргаж байгаа. Сангийн яам, Хөгжлийн банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санхүүжилтийнхээ гэрээгээ байгуулчихсан. Есөн хувийн зөрүүг төсөвт суулгана. Хөгжлийн банкнаас үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгоно. Бусад аж ахуй нэгжид арилжааны банк зээл олгох юм. Энэ жилийн хувьд дотоодын зах зээлдээ өрсөлдөөнийг бий болгоно. Арилжааны банкнаас зээл авахад бэлэн болсон аж ахуй нэгж салбар яамтай бодлогын гэрээ байгуулна.

Уг бодлогын гэрээний амин сүнс нь ноолуурын доод үнэ. Хөдөө аж ахуйн бирж тухайн аж ахуй нэгжтэй харилцаж, орон нутгийн хөдөө аж ахуйн газартай тохироод тухайн суман дээр зохион байгуулна. Аж ахуй  нэгжийн төлөөлөгч, малчин, сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн оролцоно. Малчид маань ч гэсэн их хүлээлттэй байна. Ирэх долоо хоногоос зохион байгуулалтад ороод явна.

 А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж