“Эцэг, эхчүүд хүүхэддээ хайртай гэдгээ мэдрүүлж, тэвэр” | News.MN

“Эцэг, эхчүүд хүүхэддээ хайртай гэдгээ мэдрүүлж, тэвэр”

“Эцэг, эхчүүд хүүхэддээ хайртай гэдгээ мэдрүүлж, тэвэр”

“Эцэг, эхчүүд хүүхэддээ хайртай гэдгээ мэдрүүлж, тэвэр”

Хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосноор хүүхдүүд найзуудтайгаа ч тоглох боломжгүй болсонд бухимдлаа илэрхийлэх болжээ. Карантин эхэлсэн үед Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр (СЭМҮТ) үйлчлүүлэх хүүхдүүдийн тоо эрс багассан бол одооноос ачаалалтай ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс карантинд байгаа энэ үед хүүхдийн сэтгэл зүйг ойлгож, хэрхэн зөв харьцах талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцлаа.


-Хөл хориотой холбоотойгоор танайхаар үйлчлүүлэх хүүхдийн тоо буурч байна уу, эсвэл нэмэгдэж байна уу. Ихэвчлэн ямар шалтгаантай хүүхдүүд хандаж байна вэ?

-Карантин тогтоосон эхэн үед  үзлэгийн тоо эрс багассан. Харин сүүлийн үед ачаалалтай байх болсон.  Энэ үед цахим тоглоомтой холбоотой эмгэгийн шинж тэмдэгтэй хүүхдүүд их ирж байна. Бага насны хүүхдүүд булчин татвагнах, нойрны асуудалтай болж ирж байна. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд ааш зан нь өөрчлөгдөгдсөн гэх шалтгаанаар их ирж байгаа.

Эмгэг үүссэн үед нь л ээж, аав нар хүүхдээ авчирч үзүүлж байна. Дэлгэцийн зохистой хэрэглээнд нь анхаарсан бол, сайн ярилцаж шаардлагатай байгаа хэрэгцээг нь хангасан бол ийм асуудал үүсэхгүй.

-Эцэг эхчүүд “хүүхдүүд маань уур уцаартай байх боллоо. Аашийг нь олохоо болилоо, хүүхэдтэйгээ яаж харьцах вэ” гэж их асууж байна. Карантин тогтоосон энэ үед хүүхэдтэйгээ хэрхэн зөв харьцах вэ?

-Хөл хорио нэлээд урт  хугацаанд үргэлжилж, хүүхдүүд бүхий л цаг хугацааг гэртээ өнгөрүүлж байгаа. Энэ нь байнга идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг хүүхдүүдэд хүндрэлтэй байгаа. Гүйж, явж, таних мэдэх хэрэгцээ нь хангагдахгүй болохоор хүүхэд бухимдаж, сэтгэл хөдлөлөө сөрөг хэлбэрээр илэрхийлж эхэлдэг. Энэ байдал нь эцэг, эхчүүд болон хүүхдийн хооронд харилцааны будилаан үүсгэдэг. Тиймээс хүүхдийн энэ байдлыг ойлгож харьцах ёстой. “Юундаа уурлаад байгаа юм, Битгий орилоод бай” гэх зэргээр загнаж болохгүй. Сөрөг хандлага гаргаж байгаа хүүхэдтэй сөрөг байдлаар харьцсанаар асуудлыг шийдэж чадахгүй. Үүний оронд хүүхэдтэйгээ ярилцаад яагаад ийм ааш авир гаргаж байгааг мэдэх хэрэгтэй. Тоглож, идэвхтэй хөдөлж, хүссэн үедээ гарч, найз нөхөдтэйгөө харилцаа үүсгэж чадахгүй байгаагаас, эдгээр хэрэгцээ нь хангагдахгүй байгаагаас болоод хүүхдүүд бухимдаж, тэрийгээ уурлаж, уйлж, зөрүүдэлж, сэтгэл хөдлөлийн сөрөг мэдрэмжээр илэрхийлж байгаа.

Тиймээс хүүхэдтэйгээ ярилц, юу хиймээр байгааг нь, яавал тайван байхыг нь асуу. Тэгээд өөрт нь аюулгүй хүсэлт байвал саналыг нь дэмж. Бага насны хүүхэдтэй хамтран тоглох нь илүү үр дүнтэй. Тоглонгоо ярилцаж болно. Бага насны хүүхэдтэй бол ажлаасаа ирээд ядаж нэг цаг хамт тогло.

-Хамт тоглохдоо ямар тоглоом тоглох нь илүү үр дүнтэй вэ?

-Аль болох олон хүнийг буюу гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь хамруулсан тоглоом тоглох нь илүү үр дүнтэй. Харилцааг эерэг болгох тоглоомууд, үг тааж, нуугдаж тоглож болно. Мөн шатар, даам тоглосон ч болно. Ажилдаа явахаар хүүхдээ үлдээхдээ тоглоомоор сайн хангах хэрэгтэй. Ингэхдээ дэлгэцийн хэрэглээг нь хязгаарлах ёстой. Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлсэн, сонирхолд нь нийцсэн тоглоом байвал зохимжтой. Хүүхэд тоглоом нь таалагдахгүй болоод ирэхээр зурагт, утас, компьютерт автоматаар татагддаг. Тиймээс орой ажлаасаа ирэхдээ өөрийнх нь тоглоомоор хамт тоглож болно.

-Автоматаар харилцаа үүсгэж байгаа зүйл рүү буюу зурагт, гар утас, компьютер руу татагддаг гэлээ. Гэхдээ энэ бүхний хэрэглээг ор тас хориглож болохгүй байх. Зохимжтой хэрэглээг зөвлөхгүй юу?

-Дэлгэцтэй холбоотой зүйлийг ор тас хааж, хорьж болохгүй. Зохистой хэрэглээнд суралцах хэрэгтэй.

Хамааралтай болсон хүүхдийг дэлгэцээс холдуулахад уурлаж, уцаарлаж, эсэргүүцдэг. Гэлээ гээд эцэг эхчүүд дэлгэцээс холдуулах шийдвэртээ тууштай хандах хэрэгтэй. Тайвшрахаар нь зохистой хэрэглээг хэрэгжүүлж болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу

Хоёр хүртэлх насныханд дэлгэцийн хэрэглээг бүрэн хориглоно.

2-5 хүртэлх насныханд өдөрт нэг цаг

7-13 хүртэлх насныхан хоёр цаг

13-аас дээш насныхан өдөрт гурав хүртэлх цаг дэлгэцээр юм үзэж болно. Үүнд зурагт, утас, компьютер зэрэг бүх хэлбэрийн дэлгэцийн хэрэглээ багтаж байгаа. Энэ заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй байхад хүний сэтгэцийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг зүйл үзүүлэхгүй. Тиймээс зохистой хэмжээнд дэлгэцээр юм үзүүлээд үлдсэн цагт хийх зүйлийг нь олж, хуваарь гаргаснаар хөл хориог үр бүтээлтэй өнгөрүүлж болно.

-Харин өсвөр насныхантай илүү сайн ярилцах хэрэгтэй байх, тийм үү?

-Өсвөр насныханд найз нөхдийн харилцаа хамгийн чухал байдаг. Гэтэл карантинтай холбоотойгоор найз нөхөдтэйгөө уулзаж чадахгүй байгаа энэ үед эцэг эхчүүд тэдэнтэй найзын түвшинд сайн ярилцах хэрэгтэй. Сонирхлынх нь талаар, ирээдүйгийнх нь талаар, хичээл сонголтынх нь талаар сайн ярилцаж болно. Буруу зүйл ярьсан ч шүүмжлэлгүйгээр сонсох ёстой. Ингэснээр хүүхдүүд эцэг, эхтэйгээ найзын төвшинд, илүү нээлттэй ярилцдаг. Мөн онлайнаар найз нөхөдтэйгөө ярилцах боломжийг нь хангах хэрэгтэй.

-Цахим орчинд хүүхдүүдийг буруу зүйлд уруу татах, хүүхдүүдийг тэр дундаа өсвөр насныхныг хохироох тохиолдол их гарах болсон. Өсвөр насныхны цахим хэрэглээг хэрхэн хянах вэ?

-Хүүхэд аливаа зүйлийг даган дуурайдаг болохоор сошиалд өрнөж буй сөрөг зүйлд татагдах, донтох эрсдэлтэй байдаг. Үүнээс болоод гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох тохиолдол ч гарч байгаа.  Тиймээс цахим хэрэглээнд эцэг эхчүүд маш сайн хяналт тавих хэрэгтэй.

Хяналт тавьж байна гээд хүүхдийн хувийн орон зай руу нэвтэрч, бүх зүйлийг нь уншаад байж болохгүй. Харин хүүхэдтэйгээ сайн ярилцаад, ямар ямар зүйл рүү орж болохгүйг нь тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй.  Техник технологийн мэдлэгээ дээшлүүлээд ямар групп руу нэгдэж, юу хийж байгааг нь мэдэх хэрэгтэй.

Найзын түвшинд харилцаа үүсгэж чадвал хүүхдүүд ээж, ааваасаа ямар ч зүйлийг нуудаггүй. Сэрэмжлүүлж хэлж байгаа зүйлийг нь маш сайн хүлээж авдаг.  Хүүхэдтэйгээ ярилцдаггүй хэрнээ хэрэглээнд нь хөндлөнгөөс шууд орж ирээд, хориг тавьснаар хүүхэд улам нууц хэлбэр рүү шилждэг. Хамгийн гол нь ээж, аав харилцаандаа анхаарснаар өсвөр насны хүүхдээ цахим халдлагаас хамгаалах боломжтой.

ТУХАЙН НОМЫН АГУУЛГА АЗ ЖАРГАЛТАЙГААР ТӨГСДӨГ БАЙХ ЁСТОЙ

-Номоор дамжуулан хүүхдийг уйдаахгүй, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой. Гэхдээ ямар ном сонгох нь насны онцлогоос шалтгаалаад өөр байх. Насны онцлогт нь тохируулаад ямар ном авч өгвөл зохимжтой вэ?

-Уншиж сураагүй, бага насны хүүхдүүдэд эцэг, эхчүүд ном уншиж өгөх нь маш чухал. Ялангуяа унтахаас нь өмнө үлгэрийн ном уншиж өгвөл зохимжтой. Мөн таваас бага насны хүүхдүүд зурагтай номонд дуртай байдаг. Тухайн номны агуулга нь аз жаргалтайгаар төгсдөг байх ёстой. Ингэснээр хүүхдийн сэтгэл санаа тайвширч, сайн унтаж, муу зүүд зүүдлэхээс нь сэргийлдэг.

-Үлгэр ярьж өгчихөөд эцэг, эхчүүд тэр үлгэрийнх нь талаар яриулах гээд байдаг. Энэ нь зөв үү?

-Хэрэв хүүхэд өөрөө ярихыг хүсч байвал яриулж болно. Харин хүсэхгүй байхад нь заавал яриулж, багш шиг хандаж болохгүй. Хүүхэд маргааш нь дахиад тэр номоо уншуулъя гэж болно. Өөрт нь таалагдсан зүйлээс хүүхэд залхдаггүй. Тиймээс эцэг эхчүүд цааргалалгүйгээр номыг нь уншиж өгөх хэрэгтэй. Мөн хүүхдийг уншаад сурчихсан юм чинь өөрөө унш гэж болохгүй. Нэг болон хоёр дугаар ангийн хүүхдүүд аав, ээжээрээ ном уншуулах дуртай байдаг. Хүүхэдтэйгээ хамтран ном унших нь илүү үр дүнтэй бүтээлч байдаг. Бага насны хүүхдэд ном уншиж өгөхөөс гадна буддаг ном авч өгөх нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Энэ бүхнийг хамтдаа хийх шаардлагатай.

Өсвөр насны хүүхдүүдийн унших номыг өөрсдөөр нь сонгуулах дээр. Хүүхэд өсвөр насандаа өөрийн сонирхолтой, үзэл бодолтой болдог. Тиймээс тэднийг сонголт, үзэл бодлыг дэмжих шаардлагатай.

-Эцэг, эхчүүд завгүй байна гэх шалтгаанаар хүүхэддээ бага цаг зарцуулдаг. Тэгэхээр багадаа хэдэн цагийг хүүхэдээ зарцуулахад хангалттай вэ?

-Боломж бүрийг хүүхэддээ зарцуулах хэрэгтэй. Бүр болохгүй бол өдөрт нэг цагийг хүүхэддээ зарцуулаарай.

Ээж, аав нь хүүхдэдээ хайртай, тэдэнд ямагт анхаарал, халамж хандуулдаг гэдгээ мэдэгдэж байнга тэвэрч байгаарай. Бухимдсан, стресстсэн байдлыг арилгахад хамгийн чухал биеийн хэлэмж бол тэврэлт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MOGEUH 2020-04-15 202.55.188.46

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Zochin 2020-04-15 192.82.68.66

Taalagdlaa

Avatar

зочин 2020-04-15 103.111.68.3

Хүүхэд гэлтгүй манайхан хүний яриаг гүйцэд сонсолгүй цэц булаацалдхан ялах гэж бие биенийхээ дээр гарах гэж улайран тэмцэлддэг. Цаг хугацаа зөв бурууг шүүгээд өгнө. Хүнтэй санаа бодол нийлэхгүй байсан ч гүйцэд сонсоно гэдэг том соёл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж