Халх голын асуудлаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Халх голын асуудлаар хэлэлцлээ

“Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, ХААИС, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.   

Халх гол чөлөөт бүс байгуулах 75 дугаар тогтоол энэ оны долдугаар сард батлагдсан. Халх гол бүсийг байгаль орчин, эдийн засаг, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Тиймээс холбогдох албан тушаалтан, орон нутгийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн 120 хүн оролцон энэхүү хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

Хэлэлцүүлгийн үр дүнд Халх гол чөлөөт бүсэд дагаж мөрдөх тариалангийн технологийн журам, Мал амьтны хорио цээрийн журам гэсэн үндсэн хоёр журмыг батлах зөвлөмж гаргах юм байна.

Д.Айлтгүй. ХААИС-ийн МААБТС-ийн багш

-Халх гол чөлөөт бүсэд хэрэгжих Мал амьтны хорио цээрийн журам боловсруулах үндсэн зөвлөмжийг гаргах зорилготойгоор та болон танай салбарын эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулсан байна. Энэ хэлэлцүүлэг дээр таны хэлж байгаа гол санаа юу байсан бэ?

-Халх голын бүс нутагт хөдөө аж ахуй хөгжүүлэх боломж бий. Гэхдээ Халх голын хөрс маш их эмзэг хөрс байдаг. Өөрөөр хэлбэл ширхэг чулуу байхгүй, ялзмагт үе нь 40 см, эвгүй эдэлчихвэл салхины элэгдэлд ороод, элсэнцэр хөрс болж хувирах магадлалтай. Тиймээс өнөөдөр тариалан эрхэлж байгаа талбайгаасаа илүү хагалах шаардлага байна уу үгүй юу гэж иргэн хүний хувьд боддог. Одоо байгаа талбайгаа зөв ашиглах хэрэгтэй байна. Харин Халх голд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх боломж бий. Ингэхдээ өвөлдөө байр маллагаанд ордог ийм мал аж ахуйг хөгжүүлж болно. Мөн бэлчээрийн  мал аж ахуйг ч хөгжүүлэх боломжтой.


Ж.Мижиддорж. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор

-Халх гол чөлөөт бүсэд газар тариалангийн чиглэлээр ямар бодлого баримталбал ирээдүйтэй гэж судлаач хүний үүднээс харж байна вэ?

-Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа баттай болгож чадвал тэр улс хөгждөг. Энэ чиглэлээр Халх гол Чөлөөт бүсийг эргэлтэд оруулж болно. Ингэхдээ нэгдүгээрт бүс нутгийн тогтвортой хөгжил их чухал. Жишээ нь төвийн бүс ургац алдаж байхад зүүн, баруун бүс ургац авч байна шүү дээ. Хоёрдугаарт зүүн бүсийг эргэлтэд оруулахын тулд мэдлэгт суурилсан технологийг ашиглах хэрэгтэй. 20 жилийн өмнө Халх голын чөлөөт бүсийг хөндөхгүй энэ нутгийг хэвээр нь байлгана гэдэг үзэл баримтлал байсан. Яагаад гэвэл тэр үед хөрс хамгаалах технологи манайд орж ирээгүй байсан. Гэтэл өнөөдөр бол энэ асуудал өөрөөр эргэсэн. Бид дэвшилтэд технологийг ашиглаж энэ бүсэд тариалах сортыг гаргаж чадсан. Мөн тариалах арга техникийг ч боловсруулж чадсан. Тиймээс энэ чөлөөт бүсэд баримтлах гол бодлого бол хөрсөө хагалж хөндөхгүй, зөвхөн тарьдаг технологи хэрэгжүүлэх шаардлагатай. Хамгийн гол хөрсөө авч үлдээд үржил шимийг нь алдахгүй хэрэглэх бодлого шаардлагатай.  


Ц.Баярмаа. ХХААЯ-ны ХҮБХЗГ-ын дарга

-Энэ хэлэлцүүлгийн үр дүнд Халх голын чөлөөт бүсийг хөгжүүлэх үндсэн хоёр журмын чиглэл, зөвлөмж гарна гэж та бүхэн үзэж байна. Тэгвэл хэлэлцүүлгийн явцад гарч байгаа гол санал санаачлагуудаас юу байна. Тэр санал санаачлагыг бодитоор хэрэгжүүлбэл ямар үр дүн бий болно гэж дүгнэж байна вэ?

-Халх голыг чөлөөт бүс болгоно гэхээр буруу ойлголттой хүмүүс байна. Мэдээж Монгол Улсын нөөц газар байгаа болохоор болгоомжтой хандах нь зүйтэй. Халх голын мал аж ахуй, хөдөө аж ахуйн бодлоготой болгох, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдэх юм. Үүний тулд 500 мянган га газрын цөөхөн хувьд тусгай хашсан бүс болгож эрдэм шинжилгээний ажил хийх, малын үржил шимийг судлах, боловсон хүч бэлтгэх бааз суурь бий болно. Энэ нь стандартад нийцсэн малын гаралтай бүтээгдэхүүнийг өртөг шингэсэн үнээр экспортолж, үр тариа, гурилын үйлдвэр байгуулж, Монгол брэнд гаргаж ирэхээр зорьж байна. Тэр ч утгаараа эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлаж олон шинэ санал  санаачлалыг энэхүү хэлэлцүүлгийн явцад хөндөж байна. 

Т.ДАВААНЯМ

       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж