Хоригдлуудыг суллах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

VS

Хоригдлуудыг суллах нь зөв үү?

Шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хорих газруудад ял эдэлж буй  хөнгөн ялтай хоригдлуудыг суллах тухай асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт хөндсөн. Гэхдээ хоригдлуудад өршөөл үзүүлэх нэрээр цаанаа том эрх ашиг тээн, зарим ялтныг суллах вий гэсэн болгоомжлол бас бий. Тиймээс VS  буландаа хоригдлуудыг суллах эсэх талаарх талуудын  эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Шоронд ч гэсэн монгол хүн ял эдэлж байгаа. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана.

ХУУЛЬЧ Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

Шулуухан хэлэхэд бага бус тооны гишүүд нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй энэ УИХ Өршөөлийн хууль батлах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Тэр тусмаа ганц, хоёрхон жилийн өмнө хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах замаар олон арван авлига, албан тушаалын гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож байсан улс шүү дээ. Ер нь албан тушаалтнуудын өршөөл үзүүлэх сайхан санаачилгын цаана өөрсдийнх нь өчүүхэн ашиг сонирхол явах нь бий. Тухайлбал, 2015 оны Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байсан 160 гаруй ялтныг хамруулж, тухайн үеийн Ерөнхийлөгч уг хуульд хориг тавьж байсныг санаж байна.

Ер нь 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд УИХ зургаан удаа Өршөөлийн хууль баталж байжээ. Дундажлан авч үзвэл таван жил тутам гэсэн үг. Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг тодорхойлдог хууль тогтоох байгууллага ийнхүү ойр ойрхон Өршөөлийн хууль баталж байгаа нь буруу. Дүгнэж хэлэхэд, нэг бол УИХ-аас баталсан Эрүүгийн хуулийн зохицуулалт муу, эсхүл өөр сонирхол улстөрчдөд байна гэсэн үг.  Нөгөө талаас, гэмт хэргийн цаана хохирогчдын эрх ашиг гэж чухал зүйл бий. Мөн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын үүднээс ч энэ нь зохимжгүй юм. Зүйрлэж хэлэхэд үймээн самуун, дайнд нэрвэгдсэн улс орнуудад үндэсний эв нэгдлийг хангах зорилгоор Өршөөлийн хууль гаргах тохиолдол бий. Түүнээс бус манайх шиг оронд Өршөөлийн хуулийг ойрхон давтамжтайгаар батлах явдал бараг заншил болж тогтсон нь гаж буруу жишиг дээ.

Өөр нэг онцгой анхаарах зүйл бол өнөөдөр илрээгүй байгаа боловч хэдэн жилийн дараа илрэх, Өршөөлийн хууль гарахаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэргүүд юм. Албан тушаалтнуудын үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг асар их цаг хугацаа, хүн хүч, зардал хөрөнгө гарган илрүүлээд шүүхээр ял шийтгэх гэтэл тэдэн оны, тийм Өршөөлийн хуулиар ялыг нь өршөөн хэлтрүүлсэн тул хэмээн ялаас чөлөөлөх явдал олон гарсан. Үүнийг дахин давтмааргүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
БурууБуруу
20
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж