"Гэрээр тусгаарлагдсан иргэдийн хаалганд хуулга наахаар авчихдаг"

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

COVID-19

"Гэрээр тусгаарлагдсан иргэдийн хаалганд хуулга наахаар авчихдаг"

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.


-Гадаад улсаас ирсэн иргэдээс коронавирусийн халдвар илэрсээр байгаад иргэд бухимдалтай байна. Цаашид ч гэсэн чартер нислэг хийгдэх үү?

-Дараагийн чартер нислэг хэзээ хийгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Таны хэлсэнчлэн иргэдийн бухимдлыг ойлгож байна. Нөгөө талд нь гадаадад байгаа иргэд маш хүнд нөхцөл байдалтай орох оронгүй, өвчин зовлонтой, мөнгө төгрөггүй болсон зэрэг  янз бүрийн л хүндрэл бэрхшээлтэй хүмүүс олон бий. “Хаданд хавчуулагдсан халиуны зулзага” шиг энэ завсарт нь бид холбогдох шийдвэрээ гаргаад  ажиллаж байна даа. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг хэд хэдэн удаа зохион байгууллаа. Бид дотоод нөөц боломждоо тулгуурлаж байгааг гадаадад байгаа иргэд маань ойлгох хэрэгтэй. Бүх иргэнээ татан авах боломж, бололцоо байхгүй.

-Өнгөрөгч амралтын өдөр ОХУ-аас ирсэн 282 хүнээс шинээр 13 халдварын тохиолдол илэрсэн. Өнөөдөр дахин Эрээнд байгаа 50 иргэнийг авчирна. Эрсдэлийг хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаа бүр дээр бид урьдчилан төлөвлөн зохион байгуулдаг. Гаднаас ирэх иргэдэд тодорхой шаардлага тавьж ирснийг та бүхэн мэднэ. ОХУ-аас 282 хүн ирсний дийлэнх нь оюутан. Тэд тусгаарлах байрны төлбөр болон тээврийн зардлаа төлсөн. Маш хүнд нөхцөлөөс оюутнууд ирсэн учраас шаардлагыг ухамсарлаж ойлгож байна. Эрээнээс ирэх иргэд мөн адил төлбөрөө төлсөн байхаас гадна шинжилгээ өгсөн байх ёстой. Энэ шаардлагаа ягштал баримтална.

-Тусгаарлалтад байгаа иргэд зөрчил гаргаж байгаа талаар та өмнө нь ярьж байсан. Өнөөдөр  нөхцөл байдал ямар байна, гарч буй нийтлэг зөрчил гэвэл?

-Тусгаарлах байранд байгаа иргэдийн зөрчил, дэг журам харьцангуй багассан. Эхэндээ хүндрэл бэрхшээл байсан. Энэ талаар ч би хэвлэлийн хурлуудын үеэр хэлж байсан. Харин гэрээр тусгаарлагдах ёстой иргэдийн зүгээс хүндрэл их учруулж байна. Тэдэнд хяналт тавьж Цагдаагийн байгууллага, нийслэл, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, сайн дурынхан гээд бүх шатандаа ажиллаж байгаа ч гэсэн зөрчлүүд буурахгүй байгаа.

-Тухайлбал ямар төрлийн зөрчил нийтлэг гаргаж байна вэ?

-Регистрийн дугаар, нэр ус нь буруу, нэг хүн 2-3 хаяг дээр бүртгэлтэй байх, асуумжид бичсэн хаяг дээрээ байхгүй зэрэг зөрчлүүд их гарлаа. Мөн бичиг баримттай холбоотой зөрчлүүд, бүртгэлтэй гар утасны дугаар дээрээ байхгүй гэх мэт зөрчил нь шинэ тутамд бидэнд тулгарч байгаа том хүндрэл бэрхшээл. Тиймээс бид УБЕГ-тай хамтарч ажиллаж байна.

Үндсэндээ 4000 гаруй иргэний  бүртгэлийг цэгцэллээ.

Гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүсийг хянах ажлын хэсгийг УОК-ын Шуурхай штаб дотроо байгуулсан. Энэ ажлын хэсгийнхэн маань тусгаарлах байрнаас гарсан бүх хүний овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаягийг нь доод шатандаа шилжүүлж хяналт тавьж зөрчлүүдийг арилгахаар хичээж  байна. Одоогоор 2000 гаруй иргэн гэрийн дэглэм сахиж байгаа учраас хүч тарамдах ч зүйл байна.

-Гэрийн дэглэм сахихгүй зөрчил гаргасан хүмүүсийг хэдий хэр хугацаанд олж авч байгаа вэ?

-Ажлын хэсэг маш шуурхай ажиллаж байгаагийн хүчинд хүнээ яаж ийж байгаад л олж авч байна.

-Тусгаарлалтын дэглэмээ гэрээр сахиагүй иргэдэд ямар хариуцлага оногдуулах уу? 

– Тусгаарлах байрнаас гараад гэртээ харихгүй хэд хоночихсон хүмүүс ч байна. Тэднийг олж хариуцлага тооцсон. Тухайлбал, тусгаарлах байрнаас гарсан таван залуу Эрдэнэтэд гэртээ хариагүй байсныг олж илрүүлсэн. Тэднийг Зөрчлийн хуулиар 150 мянган төгрөгөөр торгосон. Сүүлийн үед хариуцлагыг чангаруулж эхэлж байгаа. Тусгаарлах байранд байгаа хугацаанд нь цагдаа ороод зөрчилтэй холбоотой асуудалд мэдүүлэг авч, сахилгын хариуцлага тооцож болохгүй. Харин тусгаарлах байрнаас гарсны дараа нь хариуцлага тооцож байгаа.

-Тусгаарлалтаас гарсан хүнийг гадуур явж байхад нь хэн ч мэдэхгүй, танихгүй. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийгөө гэртээ тусгаарлана гэдэг нь тун эргэлзээтэй. Зарим оронд гэрийнх нь үүдэнд  тусгай тэмдэг тавьж бусдад анхааруулж байгаа. Энэ мэтчилэн арга хэмжээг гэрээр  тусгаарлагдаж буй  хүмүүст авах боломж бий юу?

-УОК-ын Шуурхай штабын бүрэлдэхүүнд Цагдаагийн байгууллагын төлөөлөл ажилладаг. Тэд тусгаарлалтаас гарсан иргэний хашааны хаалганд сэрэмжлүүлэг бүхий хуулга наасан боловч хуулаад хаясан эсвэл дээр нь будгаар дарсан тохиолдол ч гарсан. Хэдийгээр хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ч гэсэн бид иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэж байгаа. Аль болох албадлагын арга хэмжээг авахгүйгээр ойлголцчих болов уу гэсэн байдлаар их л барьж байна. Үүнийг ард түмэн маань ойлгох хэрэгтэй.

Тусгаарлалтаас гарсан хүний хувьд өвчтэй хүн биш шүү дээ. Дахин баталгаа болгож гэртээ дахин 14-21 хоног өөрийгөө тусгаарлаарай гэдэг шаардлагыг л тавьж байгаа юм. Түүнээс биш хажуудах хашааны хүн нь тухайн хүнийг өвчин тусаад ирсэн гэж хардаж сэрдэж гадуурхаж хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болохгүй.

Харин хөндлөнгийн хяналт тавьж тухайн хүнд шаардлага тавих эрхтэй. Мэргэжлийн байгууллагууд УОК-ын Шуурхай штабын тавьсан шаардлагуудыг  иргэд тоохгүй, хайхрамжгүй байх, өөрийгөө өмөөрөх зүйлс байна. Бид энэ бүх бэрхшээлийг бэрхшээл гэж харахгүй урагшаа хараад л ажиллаж байна.

-Гэртээ тусгаарлагдах  ёстой  2000 гаруй хүн бүрт хяналт хүрч чадаж байна уу?

-Тийм ээ. Гэртээ тусгаарлах 14 хоногийн хугацаа дууссанаар хяналт тавих шаардлагагүй гэсэн үг. Энэ хугацаад тусгаарлалтаас гарсан хүн бүрийн араас хөөцөлдөж, ажиллаж байна. Сүхбаатар дүүрэгт хаягтай атлаа Хан-Уул дүүрэгт амьдарч байх тохиолдол ч гарах юм. УОК-ын Шуурхай штаб, УБЕГ-тай хамтраад  маш олон хүний хаягжилтыг цэгцэлж байгаа. Хүн бүртэй нэг бүрчлэн утсаар ярьж хаяг, бүртгэлийг нь авахад маш их зардал, чирэгдэл гардаг. Наад талдаа өвчний талаар ярьж байгаа боловч цаанаа энэ өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулахын тулд маш олон байгууллагын хүмүүс өдөр, шөнөгүй ажиллаж байна. Зарим үед хэтэрхийн жижиг ажлыг ч гэсэн хийх гээд зүтгэцгээнэ.  Уг нь бичиг баримт, бүртгэлтэй холбоотой асуудал нь  тухайн иргэний  хариуцлагын  шүү дээ.

-Маск зүүгээгүй иргэнийг дурын нэг цагдаа торгох юм уу. Үүнд холбогдох байгууллагаас нь яаж хяналт тавих юм бэ?

-Хороодын хэсгийн ахлагчид олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэх шийдвэрийг УОК-ын өчигдрийн хуралдаанаас гаргасан. Хороодын хэсгийн ахлагчид олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэхдээ гэрээр тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавих, мөн маск зүүхгүй иргэдэд шаардлага тавина. Энэ хэрээр сахилга, дэг журам сайжирна гэсэн үг.

-Өнгөрөгч Ням гаригт та автомашины дугаарын хязгаарлалт хийх талаар мэдээлсэн нь сүүл рүүгээ ташаа мэдээлэл болж хувирсан. Ер нь цаашдаа автомашины дугаарын хязгаарлалт хийх үү?  

-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой  асуудал УОК-ын хуралдаанаар огт яригдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Сүүлийн үед гадуур иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Орон нутгийн зүгээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд анхаарал хандуулаач гэдэг саналыг Онцгой байдлын ерөнхий газрын даргад тавьсан юм билээ.Энэ дагуу Т.Бадрал дарга аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл явуулсныг хэвлэлээс харсан байх.

Мөн сүүлийн үед нийслэлийн том ресторануудад шөнийн 22 цагаас хойш хүмүүс олноор цугларч ярьж хөөрч, дуулж бүжиглэж байна. Ингээд назгайраад ирвэл том аюул болно. Энэ аюулаас бид урьдчилан сэргийлэхээр оролдож байгаа санаа нь тэр шүү дээ. Үүнийг л  иргэдийн зүгээс зөв ойлгох хэрэгтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж