ТБХ:Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

ТБХ:Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

ТБХ:Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахдаа, Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлангаас Байнгын хороо асууж тодруулан, судлах асуудал гарсан тул хойшлуулахаар болсныг мэдэгдлээ. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Төсөл санаачлагч гишүүн Н.Оюундарь танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсний нэг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударга өрсөлдөх орчныг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн орчин бүрдсэн болно. Байгууллага, аж ахуйн нэгжид ногдуулах татварын хэмжээ жил бүр нэмэгдэж, татвар төлөлтийн хэмжээ ч сүүлийн жилүүдэд өссөн байна. Монгол Улс 2015 оноос хойш иргэн, аж ахуйн нэгжид худалдан авсан бараа үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд сар бүр дунджаар 700 мянган татвар төлөгч баримтаа бүртгүүлж байгааг онцлов. 

Түүнчлэн, хууль хэрэгжих эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн  шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3838-аар, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 1027-аар нэмэгджээ. Дээрх судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлөн их биш байна. Энэ байдал нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулах магадлалтай гэж байлаа. 

Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авалтыг татварын ачааллыг бууруулах /буцаан олголтын хувийг нэмэх/ замаар эрчимжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байна. Хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгч иргэдэд буцаан олгогдох мөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдэж, татварын тэгш, шударга байх зарчим бүрэн хангагдана. Олон улсын жишигт нийцсэн, тогтвортой татварын орчинг бий болно  гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэхэд Засгийн газар дэмжих боломжгүй гэснийг тодруулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, НӨАТ нь улсын төсвийн 30 хувийг  буюу гуравны нэгийг бүрдүүлдэг гэдгийг тодотгоод буцаан олголтын хувь хэмжээг нэмбэл ойролцоогоор 1.3 их наяд төгрөг хасагдана гэж тооцвол тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүйд хүрнэ. Иймд Засгийн газар зарчмын хувьд дэмжих боломжгүй гэснийг мэдэгдлээ. 

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос  2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

Төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж танилцуулгадаа, НӨАТ нь бараа, ажил үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн түвшингээс хамаардаг. Энэ нөлөөлөл нь инфляцийн түвшинг өсөхөд нөлөөлдөг. Түүнчлэн НӨАТ нь өндөр орлоготой хүмүүст бага дарамттай байдаг бол жижиг, бага орлоготой аж ахуйн нэгжүүдэд маш их дарамт болдгийг танилцуулгадаа тодотгосон. 

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувь хэсгийн “Ш.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын ”… 10 хувиар ногдуулна.” гэснийг"… 5 хувиар ногдуулна.” гэж өөрчлөх саналыг төсөлд тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар, О.Батнасан, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “НӨАТ-ын буцаан олголтыг 9 хувь болгож, татвараа 1 хувь болгоё” гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан “Татвар багасгахыг дэмжиж байгаа ч НӨАТ-аар татвар төлөгчдийг бүртгэлжүүлэх боломжгүй. Цаашдаа миний боловсруулсан хялбаршуулсан татварын талаарх хуулийн төслийг дэмжиж, бүх хүн татвар төлөхөд анхаарах шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, НӨАТ шууд бус татвар ч, үнийн бодлогод нөлөөлдөг учир буцаан олголтын хувийг нэмэх, татварыг бууруулах агуулгатай хуулийн төслүүдийг гишүүдээс өргөн барьж байгаа нь цаанаа энэ асуудлыг эргэн харах шаардлагатай гэдгийг харуулж байгаа тул дэмжиж байгааг илэрхийлж байлаа. 

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газараас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. 

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох сапбарын сайд, дарга нарт даалгасан. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий төрийн өмчит “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан ажиллаж байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа. 

Одоогийн байдлаар тус компани нь өдөрт 3,000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж өдөрт 3,500 хүртэл тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 19/12 дугаар тогтоолоор сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор сайжруулсан хатуу түлшний нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон өртгөөр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу 1 тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын өрхийн худалдан авах чадварыг бууруулах, улмаар амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгааг төслийн танилцуулгад онцолсон. 

Иймээс сайжруулсан шахмал түлшийг “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан бөгөөд сайжруулсан шахмал түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг өмнө нь төсөвт хураан авч төвлөрүүлж байгаагүй, шинээр авч эхэлж байгаа тул төсвийн орлогод нөлөө үзүүлэхгүй гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд  танилцуулгадаа тодотгов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэхдээ  хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн  Д.Оюунхорол “Монгол Улсын Засгийн газраас хийсэн хамгийн үр дүнтэй ажил нь түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглож улмаар олон нийтийн эрүүл мэндийг хамгаалж, утааг багасгаж, хүлэмжийн хийг бодитойгоор бууруулж чадсан. Иймд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд, хэлэлцүүлгийн явцад төслийн зарим агуулгыг засч, сайжруулах саналтай байгаагаа илэрхийлэв. 

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн. 

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр үргэлжлэв. 

Тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт гэх нэрээр газар ашиглах эрх аван амины болон нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж ихээр баригдсан нь дархан цаазат газрын байгалийн унаган төрх, төлөв байдал, дэглэм горимыг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, нутаг дэвсгэрийн нягтрал, хүн амын бөөгнөрөл, зам тээврийн ачааллыг багасгах, нэгэнт эвдэгдсэн, унаган төрхөө алдсан байгалийг дахин нөхөн сэргээхэд эдийн засгийн талаас нь дэмжлэг үзүүлэх нөхцөл боломж бүрдүүлэх зорилготой гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан. 

Мөн тэрбээр танилцуулгадаа, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлтийг Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга, байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас үл хамааран аж ахуйн нэгжээс Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар иргэнээс 1м кв талбайгаас 1000 төгрөг, 6.3-д зааснаар хуулийн этгээдээс 1м кв талбайгаас 3000 төгрөг байхаар хуульчлан татвар авахаар зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар дээр дурдсан эерэг нөхцөл байдал бий болохоос гадна тухайн орон нутаг болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн эх үүсвэр шийдвэрлэгдэнэ гэдгийг онцлов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. 

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат  нарын 21 гишүүнээс  2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр  өргөн мэдүүлсэн  “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун танилцуулсан.  

Улсын Их Хурлын 2015 оны “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” 104 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын 3.1.11-д “үр тариа, буурцагт болон бусад таримлын төрөл, сортыг нэмэгдүүлэх, буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамлын үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх”, 3.1.13-д “өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хот, суурингийн хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах” гэж тус тус заасан. Гэтэл хүнсний ногооны тариалалт жилээс жилд буурч, зах зээл дэх импортын хүнсний ногооны хувь хэмжээ нэмэгдсээр байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон. 

Түүнчлэн тэрбээр, Улсын хэмжээнд 2018 онд хүнсний ногоо 8.6 мянган га талбайд тариалж, 102.2 мянган тонн ургац хураан авч байсан бол 2019 онд улсын хэмжээнд хүнсний ногоо 8.3 мянган га талбайд тариалж, 90 гаруй мянган тонн ургац хураан авч төмс, хүнсний ногооныхоо нийт хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Хүнсний ногооны хэрэгцээний хоосон орон зайг гадны чанарын баталгаагүй төмс, хүнсний ногоо эзэлж байгаа нь дотоодын хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд учрах эдийн засгийн сөрөг нөлөөллөөс гадна хүн амын эрүүл мэндэд харшилж, зарим өвчлөлийн эх үүсвэр болж байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт харуулж байна. Түүнчлэн сүүлийн үед манай улсын хүнсний ногоо үйлдвэрлэлийн томоохон компаниуд энэ чиглэлийн бизнесийг тогтмол алдагдалтай байсан гэх шалтгаанаар ээлж дараалан зогсоох боллоо.  Сэлэнгэ аймагт гэхэд 6000 гаруй хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч байснаас одоогийн байдлаар 3000 болтлоо багассан статистик мэдээлэл байна гэж байлаа. 

Эдгээр шалтгаан, нөхцлөөс хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд одоо 15-20 хувиар тогтоогоод байгаа зарим төрлийн хүнсний ногооны импортын татварыг 30  хувьд хүргэх,  харин үр  тариа, тэжээлийн таримал болон тосны үрийг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгохоор хуулийн төсөлд тусгажээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуултж асууж, санал хэлсний дараа “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж