Чикаго Буллс баг ерөнхий менежер Гар Форманыг халлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Чикаго Буллс баг ерөнхий менежер Гар Форманыг халлаа

Чикаго Буллс баг ерөнхий менежер Гар Форманыг халлаа

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Чикаго Буллс баг өөрсдийн ерөнхий менежер Гар Форманыг халж байгаагаа өчигдөр (2020.04.13) зарлалаа. Мөн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөрөө Артурас Карнисовасыг, Жон Паксоныг сагсан бөмбөгийн үйл ажиллагааны ахлах зөвлөхийн суудалд тус тус томилж байгаагаа зарласан байна.

Тус багийн эзэн Жерри Рейнсдорф “Гар Форман Чикаго Буллс багийн төлөө эхлээд скоутаар дараа нь удирдлагын түвшинд эцэж, цуцашгүй ажилласан. Тэрбээр энэ багт байх хугацаандаа гайхалтай хувь нэмэр оруулж, тод залуу авьястнууд болох  Деррик Рөүз, Жоаким Ноа, Таж Гибсон, Жимми Батлер, Коби Уайт нарыг багтаа элсүүлсэн. Тэр бол миний итгэж болох зөвлөх бас найз. Хүн бүрийн өмнөөс түүний энэ багийн төлөө хийсэн бүх зүйлд талархал илэрхийлмээр байна. Гар үргэлж Буллс хэмээх гэр бүлийн нэг хэсэг байх болно” хэмээжээ.

Харин Гар Форман “Буллс багийн төлөө хорь гаруй жилийн турш ажилласан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Рейнсдорфийн гэр бүлээс илүү мэргэжлийн спортын багийн эзэд гэж байхгүй. Миний бүрэн эрхийн хугацаанд үргэлж туслаж дэмжиж байсан Жерри болон Майкл нарт баярлалаа. Буллс хэмээх баг үргэлж миний зүрхэнд онцгой байр суурийг эзлэх болно” хэмээжээ.

Гар Форман нь 22 жилийн турш Чикаго Буллс багт хүчин зүтгэсэн бөгөөд 12 жилийн турш тус багийн скоутын үүргийг гүйцэтгэж, дараагийн 10 жил нь багийн ерөнхий менежерийн албыг хашжээ. Энэ хугацаандаа Гар Форман 2011 оны NBA-ийн оны шилдэг менежерийн шагналыг хүртсэн байна.

Ийнхүү сүүлийн жилүүдэд уналтанд ороод байсан Чикаго Буллс баг шинэ удирдлагатай боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж