"Байдал хүндэрвэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлана"

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

"Байдал хүндэрвэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлана"

"Байдал хүндэрвэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлана"

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.04.14/ мэдээлэл хийж байна. Тус штабаас Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байгаа юм.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.БАДРАЛ:

-ОХУ-аас 282 иргэнээ хүлээн авсантай холбогдуулан халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсэн. Тиймээс гадаадад байгаа иргэд эх орондоо ирэх шаардлага байхгүй байна. Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаар БНХАУ-ын Эрээн хот дахь иргэдээ татан авчрах талаар мэдээллээ. Эдгээр иргэд нь эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн байсан. Татаж авах бэлтгэл ажил хангагдсан. Төлбөрөө төлж чадахгүй иргэд БНХАУ-ын хууль дүрмийг зөрчсөн иргэд болон эх орондоо ирж байгаа иргэдийг тусад нь тусгаарлана. Өнөөдөр энэ ажлыг зохион байгуулахаар МХЕГ, ХХЕГ, цагдаагийн байгууллага, ГХЕГ ажлын хэсэг иргэдээ авчрах ажлыг зохион байгуулна. Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй ч санхүүгийн хүндрэлд орсон иргэдээ татан авах ажлыг судалж, тооцоо хийж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зөрчлүүдийг зохицуулах чиглэлээр хууль батлах чиглэлээр үүрэг өгсөн тул хоёр хуулийн төслийг боловсруулж, удахгүй УИХ-д өргөн барина.

Гадаадаас иргэдээ татан авах асуудлыг Улсын онцгой комисс хуралдаж шийдвэрээ гаргадаг болсон. Тиймээс чартер нислэг үйлдэх  хуваарь тодорхой гараагүй. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ойлгож байгаа ч онгоцны буудал, олон нийтийн газраас халдвар авах эрсдэл өндөр байна. Гадаад дахь иргэдээсээ Монгол Улсын Засгийн газар хүлцэл өчье. Тиймээс гадаад дахь иргэд өөрсдийн боломж нөхцөлд тулгуурлан өөрсдийгөө халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулъя. Нөхцөл байдал хүндэрч байна. Улсын онцгой комиссын шуурхай штабаас халдвар тархсан нөхцөлд авах арга хэмжээний хүрээнд гамшгийн үеийн бэлтгэл сургуулилтын сургалтын бэлтгэлийг хангаж байна. Сургалтыг дөрөвдүгээр сард багтаан Улаанбаатар хотод Сэлэнгэ аймагтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү сургуулилтаар эмнэлгүүдийн хүртээмж, эмч эмнэлгийн ажилтны тоог тодорхой болгоно. Халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд Бүгд Найрамдах Польш улсаас хээрийн эмнэлгүүдийг оруулж ирсэн. Бидэнд сургуулилт хийх нөөц боломж нь байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:

-Гэрээр тусгаарлагдаж буй иргэд хаяг дээр байхгүй зөрчил гарч байна. Эрдэнэт хотод таван иргэн гэртээ харилгүй удсан тохиолдол гарсан. Ийм зөрчилд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцсон. Зөрчил гаргаж буй иргэдэд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн. Тусгаарлалтаас гарсан иргэдэд төр шатны байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна. Одоогоор 2000 гаруй иргэн гэрийн дэглэм сахиж байна. Гэртээ тусгаарлагдаж буй иргэд хариуцлагатай байхгүй бол халдвар тархах эрсдэлтэй гэдгийг сануулъя.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх шинээр эмнэлэг барих шаардлагатай гэх саналыг олон нийтийн зүгээс илэрхийлж буй. Энэ асуудлаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын мэдээлснээр манай улс шинээр эмнэлэг барих шаардлагагүйгээр хүн амд тусламж үзүүлэх боломжтой аж.  Эмнэлгийн тусламж, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Яармагт баригдаж буй төрөх эмнэлгийг зургадугаар сард ашиглалтад оруулснаар коронавирусийн халдварын үед өвчтөнүүдийг байрлуулж, эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Тус эмнэлэг нь нийт 800 өрөөтэй юм байна.

Мөн короанавирусийн халдварын өвчлөл гадаадын улс орнуудад нэмэгдэж байгаа тул гадаадын улс орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгджээ. Хэдийгээр гадаадаас тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авчрах асуудал яригдаж байгаа ч энэ нь коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг  нэмэгдүүлж байгааг Улсын онцгой комиссын шуурхай штабаас анхаарууллаа. Тиймээс гадаадын улс орнуудад амьдарч буй Монгол Улсын иргэд эх орондоо ирэх гэж яаралгүй өөрсдийн нөхцөл боломжид тулгуурлан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөв. Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн хувьд онгоцны буудалд олноороо бөөгнөрөх, олон нийтийн газарт халдвар авах эрсдэл өндөр байгааг анхаарууллаа.

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЖОЛООЧ НАРЫГ БАЙРЛАСАН БАЙРАНД НЬ ТУСГААРЛАНА

Мөн нүүрс тээвэрлэлтийг эхлүүлсэнтэй холбоотойгоор Гашуунсухайт, Ханги зэрэг боомтоор нүүрс тээвэрлэлт хийж буй жолооч нарыг ээлж нь дууссан бол 14 хоног тусгаарлахаар болжээ. Тодруулбал, нүүрс тээвэрлэлт хийж, ээлж нь дууссан жолооч нарыг амрах 14 хоногийн хугацаанд нь орон нутаг руу явуулахгүйгээр байрлаж буй байранд нь тусгаарлах юм байна.

НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРВЭЛ ХОТ ХООРОНДЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд одоогоор орон нутгийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагагүй гэж үзжээ. Хэрэв цаашид нөхцөл байдал хүндэрвэл хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй юм байна. Түүнчлэн коронавирусийн халдвартай холбоотой худал ташаа мэдээлэл түгээсэн, мэдээллийг гуйвуулсан фэйсбүүк пэйж хуудас, мэдээллийн сайтуудад хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагад үүрэг болгожээ. Түүнчлэн Сэлэнгийн боомтоор нэвтэрч буй олон улсын тээврийн машинуудыг Улаанбаатар хот руу хөдөлгөөнд оролцоход зам давааны хүндрэл үүсч, цагдаагийн байгууллагуудын автомашин эвдэрч байгаа тул төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг дайчлахаар болсон байна.

Олон нийтийн дунд эргэлзээ дагуулаад буй амны хаалт зүүгээгүй иргэнийг торгох уу үгүй юу гэдэг асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбатын мэдээлснээр Зөрчлийн тухай хуулиар 5.13 дугаар зүйлд зааснаар 150 нэгжээр торгох хуулийн заалт хүчинтэй аж. Улсын онцгой комиссын шуурхай штабаас маск зүүгээгүй иргэн санаатайгаар халдвар тарааж байна гэж олон нийт үзэж,  гэмт хэрэгтэнд ч тооцно гэдгийг тодотгов.

                 ГАР АРИУТГАГЧИД ТЕХНИКИЙН БОДИС АШИГЛАЖЭЭ

МХЕГ-ын дэд дарга Г.СУГАРБАТ:

-Зөрчлийн тухай хуулиар 5.13 дугаар зүйлд зааснаар 150 нэгжээр торгуулна. Мөн гар ариутгагч үйлдвэрлэж буй аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэг 18 аж ахуй нэгж  гар ариутгагч бодис үйлдвэрлэж байна. Гар ариутгагчид 96 хувийн хүнсний спирт ашиглах ёстой. Харин Нахиа, Монос компани гар ариутгагч үйлдвэрлэхдээ техникийн спирт ашигласныг хүнсний спирт ашиглах үүрэг чиглэл өгсөн. Түүнчлэн ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй компаниудын ариутгалын бодис зарим нь стандартад нийцэхгүй байгаа тул стандартын дагуу ариутгалын бодисоо найруулж хэрэглэхийг зөвлөе.

Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээлснээр өндөржүүлсэн бэлэн байдлын үед гаргасан зөрчлүүдийг зохицуулах чиглэлээр хууль батлах чиглэлээр үүрэг өгсөн тул хуулийн хоёр төслийг боловсруулж, удахгүй УИХ-д өргөн барина гэдгийг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
13
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж