АНУ-ын том хотуудад хархнууд хөл хорионоос болж идэх хоолгүй болсны улмаас амьд үлдэхийн тулд сүргээрээ тулалдан, нэгнээ барьж идэх болсныг мэрэгч амьтан судлаач эрдэмтэд онцолж байна. Өмнө нь хархнууд Нью Йорк, Лос Анжелес зэрэг хотуудад том рестораны хаягдлаар хооллодог байж. Гэтэл коронавирусийн тархалтыг тогтоон барихын тулд хөл хорио тогтоож, ресторануудыг хаасны дараа хархнууд гэнэт хоолны хомсдолд орсон тухай хотын мэрэгч судлаач Бобби Корриган тайлбарлажээ.
Тэрбээр “Зөвхөн АНУ-д ч биш дэлхийн олон оронд том хоолны газруудын хогон дээр хархнууд байдаг байсан. Харин одоо тэдэнд шинэ асуудал үүссэн байна. Энэ бол хүн төрөлхтний эртний түүхтэй ижил үйл явдал. Эрт үед хүмүүс арлыг эзлэхийн тулд цэрэг, арми дагуулан ирж, тулалддаг байсан. Хотын хархнуудад яг тийм үйл явдал тохиолдож байна. Хархны хоёр арми хоорондоо тулалдана, аль нь ч ялсан бай хамгийн хүчтэй нь амьд үлдэнэ. Тэд зөвхөн хогны төлөө тулалдах биш, үхсэн нэгнээ барьж идэж байна” хэмээн тайлбарлажээ.
Ийнхүү хархнууд хоорондоо дайтсанаар байгалийн шалгарал болж, ирээдүйд хархны илүү ухаантай, түрэмгий шинэ зүйл үүсч болзошгүй гэнэ. Энэхүү асуудалд анхаарлаа хандуулан хөл хорионы үеийн хархнуудыг судлахаар Фордхэм их сургуулийн биологич Майкл Х.Парсонс төлөвлөж байгаа аж. Тэрбээр “Өмнө нь хархнууд аймхай, хүний нүдэнд өртөхөөс зайлсхийдэг байсан. Тэр үед хамгийн ухаантай, зоригтой нь хүнээс айлгүй ил гарч өөр газраас хоол хайдаг байсан. Харин одоо бол бүх л сүрэг өлсөхийн эрхэнд ил гарч, өөр газраас хоол хайн, өрсөлдөгч сүргийнхэнтэй дайтахад бэлэн болж” хэмээн ярьсан байна.
Сайнаар бодоход энэ үйл явдлын үр дүнд хархны тоо толгой буурч, цөөн үр төл гаргадаг болж магадгүй ч муугаар бодоход байгалийн шалгарлын дүнд цоо шинэ, хүчирхэг, ухаантай хархны зүйл үүсч магадгүй юм. Хархнууд удаан хугацаанд ийнхүү нэг нэгнээ барьж идээд байхгүй нь мэдээж. Тэд ямар нэгэн байдлаар шинэ хүнсний эх үүсвэр олох болно. Харин тэр үед хархнууд одоогийнхоос илүү ухаантай, хүчирхэг болон хөгжсөн байх гэнэ.
Харх бол маш түргэн үрждэг амьтан. Хээлээ ердөө 23 өдөр тээдэг. Энэ нь харх нэгэнт улам хүчтэй болж хувьсвал тэдний тоо толгойг хязгаарлах нь маш хэцүү гэсэн үг. Мөн нэгэнт ил гарч хоол хүнс хайж сурсан харх дахиж хүнээс айх айдасгүй, түрэмгий, ухаалаг болсон байх болно. Энэ хувьсал өвчний хоёр дахь давлагаа эхлэх үед аль хэдийн явагдсан байх гэнэ. Түүнээс гадна хамгийн аймшигтай нь харх бол өвчин тээгч амьтан. Одоогоор харх Covid-19 туссан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч олон тооны нян, шимэгч, хантавирус зэргийг тээж хүнд халдаах аюултай нь хэдийн нотлогдсон билээ.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ