Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр (2020.04.14)-ийн хуралдаан 14:25 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг танилцуулав. Хүсэлтэд “Миний бие Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгох үүднээс болон эрүүл мэндийн шалтгаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйг хүлээн авна уу” гэжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 8 нь буюу 72.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Байнгын хорооны гишүүд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав.
Тус байнгын хорооны хуралдаан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй тул зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав.
Холбоотой мэдээ