Ийм л цагт эх орон гэж байдаг

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Ийм л цагт эх орон гэж байдаг

Ийм л цагт эх орон гэж байдаг

Халдварын тохиолдол 13-аар нэмэгдэж, нэгээр цөөрсөн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв. Шинэ коронавирусийн халдвараар ганц хоногийн дотор 70 мянган хүн шинээр халдвар авсны 13 нь Монгол Улсад бүртгэгдсэн гэсэн үг. Тэд ОХУ-аас ирсэн оюутнууд болохыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмээ хэлжээ.

Даяарчлагдсан цэнхэр бөмбөрцөг дээр олон сая хүн цар тахлаар өвчилж, гадаад улсад амьдарч буй олон зуун мянган хүн эх орон, элэг нэгтэн рүүгээ тэмүүлж байна. Хятад, орос, америк, монгол, хар шар байхаас үл хамаараад хамгийн хүнд үедээ ургаа барааддаг нь хорвоогийн амьдрал. Ийм л хүнд үед эх орон гэж байдгийг мэдрэх сайхан. Ийм л хэцүү үед ээж аавыгаа барааддаг нь жам.

Нийт тохиодлын тоо 30 болж, нэг дор 13 хүнээс коронавирус илэрнэ гэдэг иргэдийн хувьд таагүй мэдээ. Одоо хилээ тас хааж, үүдээ цоожлохыг олон хүн шаардаж байна. Болно л доо, гэхдээ “цар тахал авчирлаа, цаашаа бай” гэж хүний газар уйлж, өвдөж, орох орон, идэх хоолгүй болсон  үр хүүхэд, хань ижил, аав ээждээ хатуурхаж чадах уу.

Монгол хүн Монголдоо очихгүй бол монгол хүнийг хэн нутагтаа аваачиж, эмчилж, эдгээх юм бэ. Ийм л үед монголчууд хүн чанартай, хүнлэг байх ёстой биш үү!

Оюутнуудын биеийн байдал харьцангуй гайгүй, заримаас нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй аж. Шинж тэмдэг илрээгүй нөхцөлд хэн ч өөрийгөө өвчин тусчихлаа гэж бодохгүй нь лав.  Халдвар тээгчид 19-23 насныхан. Монголд бүртгэгдсэн тохиолдлуудын олонх нь залуучууд. Тиймээс би халдвар авахгүй, авсан ч хөнгөн хүрнэ гэж хэнэггүйтэхээс илүү амны хаалтаа зүүгээд гараа угаах нь амь насаа эрсдэл оруулахаас сэргийлэх та бидний хийж чадах, хайртай бүхнээ хамгаалж чадах арга.  Ийм л үед монголчуудад эвдрэл талцал биш эв нэгдэл чухал.

А.Амбасэлмаа дарга хэлэхдээ “Бид халдвартын бэлтгэгдсэн клиникийн хоёр том байшинд тусгаарлалт, ажиглалт болон батлагдсан, сэжигтэй тохиолдлуудыг хянаж, эмчилж байгаа. Манай эмч нар ээлжээр ажиллахад бэлэн,  зохицуулалт хийнэ. Одоогоор ХӨСҮТ-ийн эмч нар өвчтөнүүдийг эмчлэх бүрэн чадамжтай” гэсэн тайлбар өгсөн байна лээ.

УОК-оос ч ийм эрсдэл байгааг, эмч, эмнэлгийн байгууллагуудын тусламж, үйлчилгээ хүртээмжээ бодолцож иргэдээ татаж байгаагаа УОК-оос удаа дараа мэдээлж буй. Тэд, хэн ч байлаа эх орондоо вирус тээгээд очихыг хүсээгүй. Энэ хэцүү үед ээж, аав, элгэн саднаа бараадахыг бодсон. Түүнээс цар тахлаар улстөржих тусмаа Монгол Улс улам их аюулд орно гэсэн үг. “Covid-19”-ийг хохирол багатай давах нь ганц У.Хүрэлсүхийн үүрэг биш. Амны хаалт зүүх нь Д.Сарангэрэлийн амь насыг хамгаалаад байгаа юм биш.  Дэлхий нийтэд гамшиг тарьж буй коронавирусээс нэг ч гэсэн иргэнээ эрүүл, амьд авч үлдэх нь улс орон бүхний туйлын зорилго болсон. Монголын Засгийн газар ч ялгаагүй, эх орондоо вирус тархаахгүйн төлөө, гадаадад байгаа иргэдээ аюул, тахлаас аврахын тулд боломжит бүх л аргаа ашиглаж байна. Дэлхий нийтийн хамгийн том дайсан болсон коронавирусийн ялахад бидэнд эв нэгдэл, хүнлэг сэтгэл хэрэгтэй. Ямар уужим юм бэ, монгол хүний сэтгэл гэж дуулдаггүй бил үү, монголчууд.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж