Дэлхийн газрын тосны эрэлт урьд өмнө байгаагүйгээр буурч байна. Өнгөрсөн сарын дундуур дэлхийн нефть экспортлогч томоохон орнуудын уулзалт болсноос хойш хоёр долоо хоногийн дараа АНУ болон нефть үйлдвэрлэгч, худалдан авагчдын дунд газрын тосны үнэ тогтворгүй болсон юм. Бид энэ удаагийн “Дэлхийн эдийн засаг” буландаа OПЕК-ийн өргөтгөсөн бүлэг газрын тосны гарцаа түүхэнд байгаагүй өндөр хувиар бууруулсан шийдвэрийг онцолж байна.
Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ даргалагч Саудын Араб, гишүүн бус ОХУ хоёр олборлолтоо танах асуудлаар өнгөрсөн гуравдугаар сард тохиролцоонд хүрч чадаагүй билээ. Дээрх шийдвэрийн үр дүнд хоёр орны хоорондын газрын тосны “дайн” төгсгөл болсныг гадны хэвлэлүүд онцолж байна. “ОПЕК+” болон “Их 20”-ийн орнуудын хооронд олон долоо хоног үргэлжилсэн хэлэлцээ эцэслэгдэж, дэлхийн газрын тосны гарцыг 10 орчим хувь бууруулахаар болсон байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урьдчилан тохиролцсон энэхүү хэлэлцээрийг Мексик эсэргүүцэж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд талуудтай дипломат яриа хийж, шийдэлд хүрснээр “OПЕК+” бүлгийн орнууд газрын тосны өдрийн гарцаа 9.7 сая баррелиар бууруулсан байна.
Мексикийн хувьд газрын тосны өдрийн гарцаа 100 мянган баррелиар танахаар болсон ч шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын улмаас эрэлт огцом буурч буй энэ үед "ОПЕК+"-ийн хэлэлцээр үнийг хангалттай хэмжээгээр тогтоон барьж чадсангүй. Брент төрлийн газрын тосны үнэ Лондонд 0.2 хувиар буурчээ. Гарц танах тухай шийдвэрийг гарахаас өмнө зах зээлд газрын тосны үнэ өнгөрсөн Пүрэв гаригаас эхлэн өссөн байна. Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар брэнт газрын тосны ханш баррель тутамдаа 24 ам.доллараас 36 ам.доллар болж өссөн бол өнгөрсөн долоо хоногийн Мягмар гариг (2020.04.07)-т брэнт маркийн газрын тосны ханш 33 ам.долларын түвшинд хэлбэлзэж байв.
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлч хүртэл ОПЕК-ийн гишүүн орнуудын газрын тосны гарц танах тухай өмнөх хэлэлцээр хэрэгжээд дууссан юм. Уг хугацааг үргэлжлүүлэн сунгах тухай хэлэлцээрт ОПЕК-ийн орнууд ОХУ-тай нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй билээ. Үр дүнд нь ОПЕК-ийн хамгийн том үйлдвэрлэгч, гишүүн орон Саудын Араб газрын тосны гарцаа нэмэгдүүлж, нийлүүлэлтийн ханшаа бууруулах замаар ОХУ-тай ханшийн “тулаан” өрнүүлснээр брэнт газрын тосны үнэ огцом буурсан юм.
Шинэ төрлийн коронавирусээс үүдэн улс орнуудад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор энэ сард дэлхийн газрын тосны эрэлт 20 хувиар буурах таамгийг судалгаа шинжилгээний байгууллагууд гаргажээ.
Харин энэ оны хэмжээнд газрын тосны эрэлт өнгөрсөн оныхоос 5 хувиар буурч 95 сая баррель/өдөр-т хүрнэ гэсэн таамгийг “Rystad Energy” байгууллага дэвшүүлсэн байна. Өнгөрсөн оны хувьд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 99.9 сая баррелиар хэмжигдэж байжээ. Эрэлт буурч буй үед ОПЕК болон ОХУ яаралтай гарц танах шийдэлд хүрч, зах зээлд газрын тосны ханшийн бууралтыг хазаарлах шаардлагатай байгаа юм. Уулзалтын үеэр үйлдвэрлэгч орнууд өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 10 хүртэлх сая баррелиар бууруулах шийдэлд хүрч болох тухай ОХУ-ын тал мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Трамп уг хэмжээ 15 сая хүртэлх баррелиар хэмжигдэнэ гэж жиргээд амжсан билээ.
Газрын тосны ханшийн бууралтын үед АНУ-ын занарын тос олборлогч болон Канадын элсний тос олборлогчид хамгийн их хохирол хүлээж байгаа аж. Учир нь тэдгээрийн олборлолтын зардал нь нэлээд өндөрт тооцогддог байна. Ханшийн түвшин нь газрын тос үйлдвэрлэгч орнуудын хувьд алдагдалтай бөгөөд удаан тэсвэрлэх боломжгүй дүн билээ.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Мөн газрын тосны олборлолт 421,190 баррель, газрын тосны экспорт 287,706 баррель, газрын тосны бүтээгдэхүүний импорт 305,008 тонн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ