Д.Баттулга: Э.Бат-Үүлийн хүүгийн компанид эрх олгосон хүн нь би шүү дээ

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Д.Баттулга: Э.Бат-Үүлийн хүүгийн компанид эрх олгосон хүн нь би шүү дээ

Д.Баттулга: Э.Бат-Үүлийн хүүгийн компанид эрх олгосон хүн нь би шүү дээ

Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгатай ярилцлаа.


-Та өмнө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан хүн. Энэ хүнтэй олон жил хамтран зүтгэсэн. Тийм учраас энэ хүний талаар байр сууриа илэрхийлэх хүмүүсийн нэг болов уу?

-Монгол Улсад ардчилсан хувьсгал ялаад 30 жилийн түүхээ үзэж байна. Хэдхэн хоногийн өмнө АН үүсэн байгуулагдсаны 30 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. 30 жилийн өмнө Монгол Улсад ардчилал, хүний эрхийн төлөө олон хүн зүтгэж, ардчилсан хувьсгалыг хийж байсан. Тэр үед ардчилсан хувьсгалыг манлайлж явсан хүн бол Элбэгээ, Бат-Үүл хоёр. Үүнтэй хэн ч маргахгүй. Энэ бол түүх. Мэдээж хэрэг 30 жилийн хугацаанд ганц ардчилал биш Монгол Улсын хөгжилд алдсан ч юм байгаа, оносон ч юм байгаа. Миний хувьд оносон нь илүү байх аа гэж боддог. Оносон нь алдсанаасаа илүү учраас Монгол Улс өдий зэрэгтэй явж байгаа юм. Сүүлийн 300 жилийн түүхийг авч үзэхэд монголчууд яг жинхэнэ тусгаар тогтнолоо 1990 онд олсон юм шүү дээ. Үүнийг ардчилсан хувьсгалаар олсон. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Харин одоо 30 жилийн дараа зарим алдаа дутагдлыг хэдэн лидерүүдэд нь нялзаах, тэдний нэр хүндийг унагаах гэсэн оролдлого гарсаар байна. Хувь хүнийхээ хувьд би үүнд эмзэглэж явдаг. Мэдээж шалгах ёстой юмыг шалгах ёстой. Үүнийг Элбэгээ ч тэр, Үүл ч хэлдэг. Асуудал байгаа бол шалга. Гэхдээ хуулийн дагуу яв. Харин хүнийг хараар будаж, нэр хүндийг нь унагаах зорилготой байж болохгүй. Элбэгээтэй 30 жил ардчиллын төлөө зүтгэлээ. Энэ хүнийг би дэндүү сайн мэднэ. Энэ хүн юуны төлөө явж байсныг мэднэ. Тийм учраас бүх зүй- лийн учир олдоно гэж найдаж байна.

-Сүүлийн үед Хотын дарга асан Э.Бат-Үүлийг тойрсон асуудал ч мундахгүй байна. 30 жилийн алдаа оноог хэдэн лидерүүдэд нялзаах гэсэн оролдлого гарсаар байна гэж та хэлж байна…

-Үүл бид хоёр бас л адил- хан. Ардчилсан хувьсгал 90 онд гарч ирэхэд хамт зүтгэсэн. Хүний амьдралын хувьд 30 жил гэдэг багагүй хугацаа. Тиймээс бие биенээ маш сайн мэддэг болсон. Энэ 30 жил Үүл маань юуны төлөө зүтгэж байв. Одоо юуны төлөө зүтгэж байна гэдгийг маш сайн мэдэж байна. Үүлийн нэг зан бий. Өөрийнхөө үзэл бодолд тууштай. Хүмүүс мэднэ дээ. 2004 онд байх, 62-ын бүлэг гэж АН, МАН бусад нам нэгдээд хамтран Засгийн газар байгуулаад явж байхад Үүл ганцаараа намын байр суурин дээр хатуу байсан. Ганцаараа гадна гарч зогсож байгаад л “Сонгуулийн үр дүнг та нар будлиантуулж байна. Сонгуулийн үр дүнгээр намууд хийх ёстой ажлаа хийх ёстой.

Сөрөг хүчин нь сөрөг хүчин ч шиг байж эрх баригч нам эрх баригч шиг байх ёстой” гэж байсан. Тиймээс Үүл ямар нэгэн албан тушаал горилж байгаагүй. Яг л өөрийнхөө зарчмыг барьж л байсан. 1997 онд санагдаж байна, би УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд дарга байсан. Тэгэхэд Үүл хэвлэлийн эрх чөлөөний тухай маш их дуугарч өөрөө Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлан боловсруулж батлуулж чадсан хүн. Тэр үед хэлж байсан. “Энэ бол 90 оны хувьсгалын дайтай зүйлийг хийсэн шүү” гэж байсан.

-Хамгийн сүүлд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүгдэх тов гараад байна. Тэр асуудал нь та хоёрын нийслэлд нэг баг болоод хамтран ажилласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн асуудал. Үнэхээр тэр хүн өөрийн хүүгийнхээ компанид шалгуургүйгээр төсөл өгчихсөн хэрэг үү?

-2012 онд Үүл нийслэлд сонгуулийг удирдаж ороод ялсан. Засаг дарга болсон, би НИТХ-ын дарга болсон. Тэгэхэд Үүл сонгуулийн үеэр нэг л юмыг ярьж байсан. Гэр хорооллыг өөрчлөх ёстой, гэр хорооллын газрыг үнэтэй болгох ёстой, дахин төлөвлөх ёстой, 21 дүгээр зуунд гэр хорооллынхон ийм байдалтай байж болохгүй. Зайлшгүй өөрчлөх ёстой гэж ярьсаар байгаад гарч ирсэн. Тэгээд ч түүнийгээ хэрэгжүүлэх гэж маш их хүчин чармайлт гаргасан. ИТХ-аасаа журмаа гаргаад явсан. Нэг зүйл байдаг юм. Тэр үед Гэр Хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хороог байгуулж байсан. Төслийн удирдах хорооны дарга нь нөхөр Д.Баттулга. Үүлийг хүүхдийнх нь “Грайндлайн” гээд компанитай холбоод албан тушаалаа ашиглаад дахин төлөвлөх эрх олгосон гэж буруутгаад байдаг. Гэтэл тэр эрхийг олгосон хүмүүсийнх нь нэг нь Д.Баттулга. Төслийн удирдах хороо газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад, компанийн үйл ажиллагаа, төлөвлөлт, санхүүгийн байдлыг мэргэжлийн хүмүүс судлаад Төслийн удирдах хороо руу саналаа оруулж ирдэг. Төслийн удирдах хороо олонхын саналаар шийддэг журамтай. Тэгж л гарч ирсэн компани. Түүнээс биш Засаг дарга хүүгийнхээ компани оруулж ирээд гаргана гэсэн зүйл байхгүй. Энэ бол маш том шалгуураар орж ирж гарч байсан компани. Үнэн мөн нь олдох байх гэж боддог. Үүлийг яаж ч хуулиар дарамталж, шийтгэсэн шантрах хүн биш.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлчүүд одоо ч хүлээсээр байдаг том төсөл. Тухайн үед та бүхэн яаж ажиллаж байв?

-Тухайн үед бид 24 байршил тогтоон зарлаад 16 байршилд бүтээн байгуулалт хийж байсан юм. Хамгийн түрүүнд дэд бүтцийн асуудлыг шийдэж, барилгажуулалтыг эхэлж байсан. Баянзүрхийн Батоникийн цэцэрлэгийн ойролцоо Хууль сахиулах их сургуулийн орчимд нэлээд барилгажсан шүү дээ. Хамгийн анх бид тэнд шаваа тавьж байлаа. Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчимд, Баянхошуу, 100 айл, Дөлгөөн нуурын орчимд, Яармагт бүтээн байгуулалтууд өрнөж байлаа. 2012 онд тэнд бүгд л гэр хороолол байсан. Одоо хар даа. Яаж өөрчлөгдсөн байна. Олон айл газраа үнэгүй солиод орон сууцанд орсон. Мэдээж зөрчил дутагдалтай зүйл байж л байсан байх. Аливаа ажил бэрхшээлтэй явдаг. Бэрхшээлийг зөрчил болгоод яриад байвал ажил явдаггүй. Бэрхшээлийг шийдээд урагшаа явах ёстой. Хоёрдугаарт, гэр хорооллын газар үнэд орсон. Газрын үнэ бидний тооцооллоор 7-8 дахин өссөн. Маш их өсөлт. Би Хотын өнөөгийн удирдлагуудад хэлж л байсан. Улстөржиж болно. Улстөржихгүй авч явах хэдхэн зүйл хотод байдаг. Түүний нэг нь дахин төлөвлөлт шүү. Та нар улстөржихгүйгээр ололтыг нь улам бататгаад дутагдлыг засаад цааш авч яваарай гэж хэлж байсан. Бусдыг бол чөлөөтэй улстөржүүл, цэцэг ногоогоо улстөржүүл гэж. Уг нь хотын төвөө цэцэгжүүлэх нь их зүгээр байсан юм. Зардал багатай. Гэтэл одоо бол цэцэгжүүлэх битгий хэл олон жил ургасан модоо тайрч хаядаг болчихлоо. Эндээс АН, МАН хоёрын аливаа асуудапд хандах хандлага ямар өөр вэ? гэдэг нь харагдаж байгаа юм. Манай нам 2012-2016 онд хотоо цэцэгжүүлж, ногоожуулж, гэр хорооллын дахин төлөвлөлт, хогны асуудлыг шийдэж мөн нийтийн тээвэрт шинэчлэл хийж байсан. Эдгээр ажил чинь Үүлийн маань удирдлага дор хэрэгжүүлж байсан. Зүгээр нэг хэлээд тушаагаад болчихдог юм биш, хэлж тайлбарлаж байж хүмүүсээ удирддаг. Лидер гэж тийм л байх ёстой. Хотын ажлыг урагшлуулахын тулд хөрөнгийг нь шийдэх гэж Засгийн газартайгаа нэлээд үзэлцдэг байж. Одоо харахад өнөөгийн Засгийн газар нь нийслэлээс тэдэн төгрөг авна гэдэг, нөгөөх нь За гээд л толгой дохидог. Цаана нь хийх ёстой ажлууд нийслэл дээр үлддэг, хөрөнгө мөнгөгүй болоод. Ийм л болчихож. Тэгэхэд бид Улаанбаатарт бий болсон төсвийг хотдоо заръя. Улсын төсвийн онгорхойг нөхдөг байж болохгүй, харин Засгийн газар нэмж хотод хөрөнгө оруулж, нийслэлээ хөгжүүлье гэж асуудлаа танилцуулж явсны хүчинд Гудамж төсөл, Гэр хорооллын дахин төлөвлөлт болон бусад төслүүд хэрэгжсэн. Би боддог юм, гэр хорооллын дахин төлөвлөлт дээр дөрвөн жил алдлаа даа гэж. Аливаа зүйлийг нөхөж болдог байх, ганц нөхөж болдоггүй нь цаг хугацаа. Хайран дөрвөн жил.

-Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн үед улс орон, хот тосгод бүр шийдвэртэйгээр ажиллаж байгааг бид харж байна. Нийслэлийн удирдлагын багт ажиллаж байсны хувьд танаас ийм үед Хотын захиргаа яаж ажиллах ёстой талаар байр суурь сонирхмоор байна?

-Манай намын байр суурь тодорхой байгаа. Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн үед хязгаарлалтын арга хэмжээ авах нь тодорхой. Харин түүнд хохирч байгаа хүмүүсийн хохирлыг барагдуулах нь төрийн үүрэг. Улсынх байна уу, хувийнх байна уу хамаагүй. Т ийм учраас өнөөдөр энэ томоохон хөрөнгө оруулалтуудаа зогсоо. Коронавирусийн үед цэцэрлэгт хүрээлэн тохижуулж, Чингисийн музей барих шаардлага алга. Томоохон хөрөнгө оруулалтуудаа зогсоож бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Одоо хүмүүс туйлдаж эхэлж байна. Цагаан сар тэмдэглээгүй ч гэсэн монголчууд бэлтгэлээ хийсэн байсан. Түүнийгээ гуравдугаар сард хэрэглээд авсан. Одоо бол орлогогүй болсон. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлийнхэн буюу бичил бизнесийнхэнд хуримтлал байхгүй. Өнөөдрийн олсон орлогоороо амьдардаг хүмүүс. Тэр хүмүүсийг хоёр сар ямар ч хуримтлалгүй болгоход юугаар амьдрах вэ. Цалингаа тавьж чадахаа байсан. Дээрэлхэж байгаа юм шиг, цалин тавьж чадахгүйг нь мэдсээр байж нийгмийн даатгалын шимтгэлийг авахгүй гэж яриад байдаг. Цалин тавьж чадахгүй юм чинь тэртэй тэргүй нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Тийм учраас хүнд бодитой дэмжлэг хэрэгтэй. Би Хотын Тэргүүлэгчдийн хурал дээр ч хэлсэн. “Засгийг та нар харахаа боль. Хот төсөвтөө тодотгол хийж, иргэдээ бага ч гэсэн дэмжье” гэж. Эмч, сувилагч нар, мэргэжлийн хяналт, хууль хяналтынхан маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Хотоос бол цагийн хязгаарлалт, байгууллага аж ахуйг зогсоох шийдвэр гаргаснаас биш ямар нэгэн дэмжлэг үзүүлсэн алхам хийхгүй байна. Одоо зүгээр суухгүйгээр дэмжих ёстой газарт нь бага ч гэсэн дэмжлэг үзүүлье гэсэн санал гаргаад явж байгаа. Харамсалтай нь бидний хийдэг хандлага өөр юм.

-Нийслэлийн АН дээр саяхан нэг будлиан гарлаа. Юу болоод өнгөрөв?

-Нэг их эмзэглээд байх асуудал биш. Нэгдүгээрт нам доторх асуудал. Хоёрдугаарт, намын дүрмийг зарим гишүүд буруу зөрүү ойлгосны үндсэн дээр тийм яриа гарсан. Удахгүй нэг мөр болох байх.

-Ярилцлагын төгсөлд ирэх сонгуулийн өнгийг асуумаар байна. АН сонгуульд хэрхэн оролцох бол?

-АН-ын хувьд ирэх сонгууль өнгөтэй байгаасай гэж бодож байна. Мэдээж энэ бол АН өөрөөс нь, нэр дэвшигчдээс, түүнд ажиллаж байгаа намын байгууллагуудаас шалтгаална. Хамгийн гол нь бид өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг хэр зэрэг хүмүүст тайлбарлаж ойлгуулж чадах вэ. Хэр зэрэг зөв нэр дэвшигчдээ гаргаж ирэх зэргээс маш их шалтгаална. Хийх ажил маш их байгаа. Бүх шатандаа ялахын төлөө л ажиллана.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж