Монгол Улс – Дорж хаачсан бэ?
Ажилтан Дорж өнөөдөр ажил дээрээ үзэгдсэнгүй. Асуувал “гадуур ажил”-тай тул чөлөө авчээ.
Доржийн “гадуур ажил” үнэндээ төрийн байгууллагад хүсэлтээ өгөх ажил байж. Гэхдээ ажлын газар, түрээсийн байр, бүртгэлтэй оршин суудаг дүүрэг нь хотын гурван өөр өнцөгт тул манай хүн ихэнх хугацаагаа машинтайгаа түгжирч, очсон газраа зогсоол хайж өнгөрүүлсэн ажээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/
Доржийн хүсэлт нэр нь ганц боловч үнэндээ хавтас дүүрэн цаас хавсаргах учиртай. Дээд сургуулиа төгссөнөөс хойш гараараа ийм их бичиж байснаа тэр санахгүй байлаа. Анкет дээр нилээд хэдэн мөр, бусад газарт мөн адил, түүнчлэн замдаа нотариат, банк дээр гээд гарын үсгээ лав 20 удаа, утасны дугаараа 10-аас багагүй удаа, бүр мөнгө тушаахдаа хүртэл шар цаасан дээр хэдэн удаа данс, дүн, нэр, утас бичсэнээ мартжээ.
Энэ олон цаасан дотор Доржийн мэдээлэл нь анкетны гуравхан мөр текст юм.
Бусад нь өөрөөс нь гарахгүй, зөвхөн цуглуулж, хүргэж өгөх ёстой материалууд байв. Ер нь яагаад ийм олон мэдээлэл бүрдүүлэх ёстой, яагаад нэг газраас цаас авч нөгөө газарт хүргэдэг хүргэгчийн ажил хийгээд байгаагаа хэзээ ч нухацтай бодож байсангүй. Өмнө найзуудаасаа зөндөө сонсч байсан болохоор тийм л байх ёстой гэж хүлээж авах.
Гэхдээ иргэн Доржийн ганц хүсэлтийн цаана багадаа 10 орчим хууль, дагалдах журмууд хэрэглэгдэж, хүсэлтийг нь биелүүлэхэд дор хаяж 3 яам, 5 байгууллагын ажилтнууд үйлчилж байгааг тэр мэдэхгүй.
Тиймдээ ч тэр үү эелдэг ааштай бүсгүйн “ажлын 3 хоногийн дараа, ажлын цагаар ирж хариугаа ав“ гэсний хариуд өөрийн эрхгүй хэдэрлэж орхив. Ажлаасаа чөлөө авч цалин хорогдсон, өдөржин түгжирсэн, машинаа ачуулах шахаад хөөж зогсоож буцаасан, оочерт зогссон цаг гээд энэ бүх стресс үнэхээр цээжинд нь багтсангүй. Дахиад нэг өдөр хэлтсийн даргаа царайчилж цалингүй чөлөө авахад хүрсэн болохоор аргагүй байх.
Дорж гадуур ийм ажил “амжуулж” явсан болохоор ажил дээрээ үзэгдсэнгүй, харин Доржтой уулзаж хүсэлтээ өгөх ёстой Доржийн хэрэглэгчид ажлаа амжуулж чадсангүй хоосон хаалга мөргөв.
Эстони Улс – Хейко хаачсан бэ ?
Хейко өнөөдөр бас амжуулах ажилтай гэрээсээ гарчээ. Хуучин машинаа өчигдөр тохирсон найздаа худалдах бас л чухал ажил. Доржоос ялгаатай нь Хейко гэрээсээ эрт гарсангүй, ажлаасаа чөлөө авсангүй шууд ажилдаа очлоо. Харин замаараа кофе шоп орж бэлэн кофе авлаа. Уг нь ажил дээрээ очоод гараараа бутлаад, шүүгээд чанаж уух дуртай. Гэхдээ тэр амжуулах ажилтай яваа шүү дээ.
Ажлынхаа компьютерийг асаагаад нэгэн сайтруу өөрийн эрхээрээ нэвтрэн ороод “Тээврийн хэрэгсэл” цэсийг сонгов. Тэнд нь түүний хуучин машин, мотоцикл 2 нь дараалаад байж байна. Машинаа сонговол 3 товч байгаагын дундах “шилжүүлэх” гэдгийг нь дарлаа.
Гарч ирсэн цонх дотор “хүлээн авагч” нүдэнд найзынхаа иргэний дугаарыг (регистрийн дугаар) оруулаад гарч ирсэн овог нэр, зургийг харвал найз нь мөн байсан тул үргэлжлүүлэх товчийг дарлаа. Бүртгэлийн хөлс хэдэн еврог тэр цонхон дотроо төлчихлөө.
Энэ үед хотын нөгөө өнцөгт байх Хейкогийн найзад цахим мэдэгдэл ирлээ. ”Таньд мэдээлэл ирсэн тул энд дарж шалгаарай. ” Дараад орвол Хейко найзаас нь автомашин шилжүүлэх хүсэлт иржээ. “Зөвшөөрч байна” товчыг дараад машин түүнийх болов.
Энэ хооронд Хейко ууж амжаагүй кофегоо гартаа бариад цонхоор харангаа өнөөдрийнх нь үйлчлүүлэгчид ирж байгааг инээмсэглэн харж зогслоо.
Хейко хаашаа ч явсангүй.
Эстони улс 1.3 сая хүн амтай, өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан социалист дэглэмтэй байсан гэх мэт Монголтой тун төстэй орон юм. Эстонийн газар нутаг маш жижиг, байгалийн баялаг муутай. Гэхдээ тэд хамгийн том баялгыг бүтээсэн чадсан нь цаг хугацаа юм.
Эстони улсын төрийн болон хувийн үйлчилгээ 99 хувь цахимжсан тул иргэдийнх нь жилд хэмнэх цаг нийтдээ 844 жил, хэмнэсэн мөнгө нь ДНБ-ын 2 хувьтай тэнцэх аж.
ЦАХИМ ТАНИЛТ
Цахим засаглал, дижитал үйлчилгээний хамгийн эхний алхам нь цахим орчинд иргэн Доржийг хэрхэн ялгах, Дорж компьютерийн цаана өөрөө байна уу, өөр нэг хүн өмнөөс нь ороод байна уу гэдгийг таньж мэдэх явдал юм.
Үүнд Мэдээллийн аюулгүй байдлын зарчмуудыг ашигладаг. Тухайн иргэний хэн болох, юу мэддэг, юутай вэ гэдэг 3 мэдээллийг нийлүүлж хүн таних аргыг Эстониуд хэрэглэжээ.
- Иргэний давтагдашгүй дугаар буюу civil_id. Манай регистрийн дугаараас ялгаатай нь ямар нэг мэдээлэл агуулаагүй, тухайн хүний төрсөн он, сар, өдрийг мэдэх боломжгүй юм.
- Тухайн хүн өөрөө зохиосон, өөр хэн ч мэдэхгүй нууц үг. Нууц үгийн тухай бидний хангалттай мэдэх бөгөөд өдөр тутамд 10-аас багагүй нууц үг хэрэглэж байдаг.
- Цахим иргэний үнэмлэх, токен төхөөрөмж эсвэл гар утасны симд агуулагдах мэдээлэл. Энэ гурван янзын төхөөрөмжийг тухайн иргэнд өөрт нь олгосон байх ёстой.
Дийлэнх Эстониуд өнөөдөр цахим үнэмлэх эсвэл токеноо компьютерт залгаад нэр нууц үгээ оруулснаар цахим орчинд өөрийгөө найдвартай таниулж байна. Энэ шийдэл нь хүн өөрийн биеэр очих шаардлагагүй болгосон юм.
ТООН ГАРЫН ҮСЭГ
Цахим орчинд өөрийгөө таниулсны дараа өөрийн гарын үсгээ зурж хүчин төгөлдөр хуулийн харилцаанд орох шаардлагатай. Үүнийг мөн л цахим төхөөрөмж болон нууц үгээрэ шийдэж болно. Монголчуудын хувьд цахим банкнуудын гүйлгээний нууц үгтэй төстэй юм. Өнөөдөр дэлхийн олон улс оронд тоон гарын үсгийг бүрэн хүлээн зөвшөөрч хэрэглэж байгаа ба зарим орнууд зөвхөн цахим гарын үсгийг л хүчин төгөлдөр, цаасан дээр зурсныг хүчингүй гэж үзэж эхэлжээ. Нээрээ ч хүүхэд хүртэл дуурайгаад зурчихдаг гарын үсгээр хэдий болтол явах вэ дээ.
Цахим гарын үсгийг бүрэн хүлээж зөвшөөрсөн орнууд
(шараар тэмдэглэсэн улсууд нь зөвхөн цахим гарын үсгийг хэрэглэхийг шаарддаг. )
ТООН БИЧИГ ҮСЭГ БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛ
Иргэн хүн нууц үг, пин кодоо алдахгүй байх, бусдад мэдэгдүүлэхгүй байх, алдсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах гэх мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгээс эхлээд компьютерээ зөв асааж унтраах, ойр зуур оношлох, хэвлэх хувилах зэрэг энгийн ойлголтоос авахуулаад цахим үйлчилгээ авах, бичиг баримт бэлтгэх, тоон гарын үсэг ашиглах гээд эзэмших ёстой ур чадварууд цахим шилжилтэд хэрэг болно.
Технологийг зөв ашиглахгүй бол сөрөг үр дагавар, учрах эрсдэл өндөр. Нийтээрээ ашиглаж чадахгүй бол хүртээмжийн асуудал үүсч цахим шилжилт хэрэгжих боломжгүй болох, бүр зогсох хүртэл хүндрэл учирч болохыг зарим орны туршлага харуулаад байна. Залуучууд мэдээллийн технологи хурдан эзэмшдэг бол цахим шилжилт хамгийн хэрэгцээтэй бүлэг гэж болох ахмадууд, тусгай хэрэгцээт иргэдийн тоон бичиг үсгийн боловсролыг бид зайлшгүй анхаарч, хамгийн түрүүн суралцуулахад чиглэх ёстой. Энэ чиглэлд Азийн орнууд тэр дундаа БНСУ, Сингапур зэрэг орнуудын сайн туршлагуудыг ашиглаж болох юм.
Эстони Улс 1997 онд “Tiger Leap” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, бүх иргэдээ тоон бичиг үсэгт сургасан бөгөөд дунд сургуулийн агуулгад бүрэн багтааснаар тасралтгүй үргэлжлэх тогтолцоо болгосон юм.
X-ROAD
Эстониудын дараагийн том алхам нь мэдээлэл солилцооны X-ROAD системийг бүтээсэн явдал юм.
Тус систем нь холбогдож байгаа хэрэглэгч байгууллагуудыг нэг дороос бүх мэдээллийг авах боломжтой болгосон. Нэг дороос авах боломж гэдэг нэг газар бүх мэдээллээ бөөгнүүлэх биш харин олон байгууллагуудын мэдээллийг нэгэн виртуаль сүлжээнд холбох юм. Байгууллагууд шаардлагатай мэдээллээ “X-Road” системээс чөлөөтэй татаж ашиглах боломжтой.
Энэ нэг байгууллагаас нөгөө байгууллагад цаас, хуулбар зөөх шаардлагагүй болгов. Иргэн Дорж зөвхөн тухайн байгууллагадаа л хүсэлтээ өгөх бөгөөд шийдвэр гаргах ажилтан нь Доржийн тухай мэдээллийг X-Road системээсээ авч шийдэх эсвэл программ хангамж нь автоматаар мэдээллээ татаж шалгаад шийдвэрлэх юм.
“X-Road”-ын нэг чухал зарчим бол “нэг хэрэглэгч-нэг мэдээлэл” бөгөөд хэрэглэгчийн мэдээлэл тус системд байгаа л бол хэрэглэгчээс дахин дахин асуухгүй байх ёстой.
АВЛИГА
Цахим засаглал, хүнээс бага хамаарах хүнд сурталгүй үйлчилгээний ачаар өнөөдөр Эстони Улс авилгын түвшин хамгийн бага улсуудын тоонд багтаж байна.
Монгол Улсын хувьд Азийн Сан, Сант Марал сантай хамтран явуулдаг “АВЛИГЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ ТОГТООХ СУДАЛГАА 2019” судалгаанд дурдсанаар иргэдийн хувьд улс орны тулгамдсан асуудлуудын 3 дугаарт авлига орсон байна.
Засгийн газрын зүгээр авлигатай тэмцэж байгаа төрөл бүрийн арга хэрэгслүүд дундаас шинэ технологи нэвтрүүлэх нь “маш их чухал” гэж иргэдийн 62.9 үзэж байгаа нь цахим шилжилтийн хэр чухал болохыг харуулж байна.
ДОРЖ ХЭЗЭЭ ЧӨЛӨӨ АВАХГҮЙ БОЛОХ ВЭ?
Монгол Улсын нь цахим засаглалын чиглэлээр идэвхтэй бодлого явуулж, хэрэгжүүлж байгаа билээ.
Үе үеийн засгийн газрууд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж өнөөдрийн түвшинд ирээд байна. Тодруулбал дэд бүтцийн тал дээр маш их ажил хийгдэж бүх аймаг, сум өнөөдөр өндөр хурдны шилэн кабелийн интернэтэд холбогдоод байна. Түүнчлэн тоон дэд бүтцийн талаар багагүй ажлууд хийгдэж тоон гарын үсгээс эхлээд төрийн үйлчилгээний ТҮЦ машин, төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, татварын цахим систем, НӨАТ-ын и-баримт систем, нэвтрэлт танилтын ДАН системүүдийг дурдаж болно.
Хувийн хэвшлийн хувьд ч энэ чиглэлд нилээдгүй ахицтай явж байна. Бүх банкууд цахим банк үйлчилгээг веб портал болон мобайл апп хэлбэрээр үзүүлж байна. Финтек команиуд олноор төрөн гарч хэдэн зуун мянга хэрэглэгчтэй болоод байна.
Цахим шилжилтийг зөвхөн технологийн асуудал гэж ойлгодог цаг үе байсан. Гэвч цахим шилжилтийн гол түлхүүр нь улс төрийн шийдэл, байгууллагуудын уялдаа холбоо, төр хувийн хэвшлийн түншлэл, дүрэм журам, эрх мэдэлд баригдсан хуучин сэтгэлгээнээс шинэлэг сэтгэлгээрүү хамтдаа шилжих, хувь хүмүүсийн хандлагын асуудал юм.
Технологийн хөгжил энэ хугацаанд маш хурдан хөгжиж, өнөөдөр гар утас жирийн иргэний бүх хэрэгцээ, шаардлагыг хангах болсон энэ үед E-Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг ажлын үр дүнд иргэн төр гэдэг институцитэй нэг цонхоор буюу Апплейкшин ашиглан харилцаж, төрийн үйлчилгээгээ гар утаснаасаа авах боломж бүрдэх юм.
Иргэн Дорж хаашаа ч гаралгүй, гар утсаараа бүх үйлчилгээгээ авах тэр цаг ирж буй.
Б.ДОНДОГ
Холбоотой мэдээ