Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) цахим хуралдаан 10:20 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-“Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр товлосон билээ.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
-ДУР ДУРААРАА ЯВДАГ БАЙДЛЫГ ЦЭГЦЭЛНЭ-
ТББХ-ны дарга С.БЯМБАЦОГТ:
-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудалд Сангийн яам, хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан төрийн захиргааны байгууллагуудын хоорондын харилцаа, үндсэндээ бодлогыг нь төлөвлөөд гаргачихдаг, хэрэгжүүлэх мөнгө санхүү байхгүй гэвэл яах вэ гэдэг асуудал үнэхээр чухал хөндөгдөж буй асуудал. Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1-д маш тодорхой заалт орсон. Монгол Улсын хөгжлийн бодлого, төсөв, санхүүг батлахдаа хөгжлийн бодогод заавал нийцүүлсэн байх гэж орсон. Өөрөөр хэлбэл Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын төсөв Үндсэн хуультай нийцэж явах ёстой. Түүнийг хэрэгжүүлэхийн төлөө зорьсон зорилго тавьсан байх ёстой.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт нь тогтвортой байна гэж Үндсэн хуулинд бий. Өөрөөр хэлбэл үндсэн хуулинд орсон заалт зөрчигдсөн тохиолдолд холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх эрх зүйн үндсийг нь энэ хуулиар бий болгож өгч байгаа. Мөн дээрээс нь энэ хуулинд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцогчдын эрх, үүргийг маш тодорхой тусгаж өгч байгаа. Засгийн газар ямар эрх, үүрэгтэй байх юм, УИХ-ын бүрэн эрх юу байх вэ, хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан төрийн захиргааны байгууллага ямар бүрэн эрхтэй байх вэ, мөн төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ямар эрх үүрэгтэй байх вэ гэдгийг маш тодорхой тусгаж өгсөн. Энэ тодорхой заалтууд зөрчигдвөл хэрхэн хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг энэ хуулинд зааж өгч байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АМАРЗАЯА:
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль тогтоомж дээр яагаад Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг үндэслэл болгож уялдуулаагүй вэ? Монгол Улс өнөөдөр яаж хөгжих вэ, маргааш ямар хөгжлийн гарц боломж гарц ирэх вэ гэдэг дээр тулгуурлаж энэ хууль эрх зүйн баримт бичиг гарч ирнэ гэж бодож байгаа. Энэ хуулин дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг л онцолсон байна?
ТББХ-НЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ:
-Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллана. Үүндээ 2030-аас орхигдсон асуудлуудыг оруулаад явъя гэж Ажлын хэсэг төлөвлөн ажиллаж байна. Зөвхөн мал аж ахуйн салбарт 10 гаруй төрлийн бодлогын баримт бичиг батлагдсан байна. Ажил хийсэн нэр зүүхийн тулд янз бүрийн бодлогын бичиг баримт батлаад байдаг. Үүнийг л Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулъя гэж бодож байгаа юм. Ийм замбараагүй байдлыг цэгцлэхгүй бол Л.Оюун-Эрдэнэ гишүүн 564 бодлогын баримт бичиг байна гэдгийг хэлээд байгаа. Бид урт хугацааны хөгжлийн бодлоготой, түүнийг хэрэгжүүлэх хуультай болж байж дур дураараа явдаг байдлыг цэгцэлнэ. Энэ зорилгоор ийм хуулийн төсөл оруулж ирж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ БОСГО ӨНДӨРТЭЙ БАТАЛДАГ БАЙМААР БАЙНА
УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХБОЛД:
-Хоёр саналыг шийдэх нь зөв юм байна гэж бодож байна. Энэ хуулийг хэрэгжих явцад намуудын оролцоо чухал. Өнөөдөр сөрөг хүчин байгаа улс төрийн нам маргааш эрх баригч боллоо гэхэд өмнө нь гаргасан баримт бичгүүдийг хүлээн зөвшөөрөх зохицуулалт хийх нь зөв юм болов уу. УИХ-аар баталлаа гэхэд энэ хөгжлийн бодлогын баримт бичгийг босго өндөртэй баталдаг баймаар байна. Нэг зүйл дутуу хийчихжээ. Улсын төсөв, үндсэн чиглэл баталдаг эрх зүйн орчин дотор Хөгжлийн бодлого хариуцсан сайд нь хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтөө хариуцаж явдаг болох нь зөв байх аа.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Монгол Улсын хөгжил бидний хүссэн хэмжээнд байж чадахгүй, энэ бүхэн бодлого төлөвлөлтгүйтэй холбоотой боллоо гэж яриад байдаг. Нэг дороо хий эргээд байгааг л байхгүй болгох гол зорилготой хууль гэж бид оруулж ирсэн. Өнөөдөр байгаа маш олон давцал байгааг арилгах чиглэлд хийсэн маш олон зүйл байна. Үүнтэй холбоотойгоор энэ хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо нь улсын түвшинд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбарын түвшинд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжээс бүрдэхээр зохицуулж өгсөн.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг улсын түвшинд Монгол Улсын Шадар сайдын тэргүүлсэн үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбарын түвшинд тухайн салбарын сайд, тухайн салбарын төрийн захиргааны байгууллагын дарга, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар удирдана. Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний хөгжлийн хүрээлэн нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллахаар төсөлд суулгаж өгсөн гэдгийг тодотгов.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа хэлэлцүүлгийн шатанд төр-хувийн хэвшил-их дээд сургуулийн гурвалсан түншлэлээр хөгжлийн бодлого, төлөвлөлтийг төлөвлөж тооцох, үнэлж дүгнэх, хяналт шинжилгээ хийх тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах, энэ талаар системтэй нэгдмэл ойлголт, нэгдсэн зохицуулалт чухал учраас бодлогын олон баримт бичгүүдийг нэг мөр болгон цэгцлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх талаарх Улсын Их Хурлын тогтоолд заасны дагуу тус Байнгын хороогоор эхний хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлж байгааг онцлоод хэлэлцүүлгийн дараа дараагийн шатанд бусад Байнгын хороодын төлөөллийг оролцуулах саналтай байгаагаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд хөгжлийн бодлогын хэрэгжилтэд улс төрийн намуудын оролцоо чухал учраас хөгжлийн бодлого, төлөвлөлтөд улс төрийн намууд, тэр дундаа парламентад суудалтай намуудын санал, бодлогыг авч тусгах нь зүйтэй, түүнчлэн хөгжлийн бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаар хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад өндөр босго тогтоож өгөх шаардлагатай байгааг санал болгов.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.
ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫГ 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВУУЛНА
Байнгын хорооны хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ онд батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохих хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс товлон зарлаж, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоохоор тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг батлуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Сонгуулийн ерөнхий хорооны саналын дагуу Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхийг дэмжив.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан горимын саналаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтлоо.
Холбоотой мэдээ