Хоёрхон сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Ээлжит сонгуульд улс төрийн намууд хэнийг нэр дэвшүүлж, ямар хөзөр дэлгэхээс бүх зүйл шалтгаална. Ялангуяа МАН, АН гэх хоёр том намын хөзөр жижиг намуудад, сонгогчдод маш чухал юм.
Өнгөрсөн 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН 64 суудал авсан ч бүрэн эрхийн хугацаагаа 61-үүлээ дуусгаж байна. Тэдний гурав нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Үнэмлэхүй олонх болгосон ард түмний итгэлийг эрх баригчид концесс авсан хэргээр өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагаж, УИХ-ын даргаа огцруулсан, бүлэглэн ЖДҮ-ээс зээл авсан гээд олон асуудалтай ээлжит хугацаагаа үдэх гэж байна. Тэгвэл тэд ирэх дөрвөн жилд юу хийх, ямар бодлого хэрэгжүүлэх, хэн гэдэг нэр дэвшигчийг гаргаж ирэх гээд олон асуулт сонгогчдын өмнө байна.
Баттай нь гэвэл намын дарга нь ЖДҮ болон гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэж ам гарав.
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны сонгуульд ёс зүйтэй, итгэлтэй, ажил, амьдралын туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ гэдгээ зарласан. Түүнээс гадна ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ бүлгийн хурал дээрээ албан ёсоор илэрхийлжээ. Тэгэхээр одоогийн 61 гишүүнээс ЖДҮХС-аас зээл аваагүй нь тун цөөхөн гэж хэлж болох ч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа нь бүр цөөхөн учраас хэн нь нэр дэвшихгүй, хэн нь нэр дэвших вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татсан асуудал болж байна.
Хуулийн байгууллагад одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Батзориг, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболдын хэргүүд шүүхийн шатанд, шүүх рүү шилжихэд бэлэн болсон гэдгийг хуулийн байгууллага мэдэгдсэн. Энэ цуваа цааш үргэлжилж болзошгүй гэх мэдээлэл ч бий. ЖДҮХС-аас зээл авсан, авсан зээлээ банк бусаар дамжуулан өндөр хүүтэй зээл олгосон гэх асуудалтай хэд хэдэн гишүүн ч байгааг эх сурвалжууд хэлж байна. Угтаа бол ЖДҮ дуулианаар Я.Содбаатар, Г.Тэмүүлэн, Н.Учрал, Ж.Энхбаяр, А.Сүхбат, Х.Болорчулуун гээд 50 орчим нэрс зарлагдаж байсан удаатай. Тэдний зарим нь зээлээ буцаан төрд нь өгсөн бол банк бусаар эргэлдүүлсэн, зээлээ зориулалтын бусаар ашигласан хүмүүсийнх нь асуудал өнөөдөр “хүнд” байна. Гэхдээ цаашид бүх зүйл МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шалтгаална. Тэр нэгэнт ЖДҮ-чдээ, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлачихлаа.
Гэхдээ улс төрийн үйл явц, өрнөл сонгууль дөхөх тусам хурцдаж, тохиролцдог, түлхэлцдэг жамтай. Тиймээс ядаж ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй гэх амлалтдаа хүрээрэй, Ерөнхий сайдаа. Таны ам ажлын зөрүүнээс сонгогчид сонголтоо хийнэ гэдгийг энд тодотгоё.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ