ЭМЯ: Шинээр 13 тохиолдол илэрч, нийт тохиолдол 30 боллоо

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Шинээр 13 тохиолдол илэрч, нийт тохиолдол 30 боллоо

ЭМЯ: Шинээр 13 тохиолдол илэрч, нийт тохиолдол 30 боллоо

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн мэдээлснээр 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан нийт таван хүн эдгэж, эмнэлгээс гарчээ.

Харин гаднаас зөөвөрлөгдсөн өвчлөлийн тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн лабораторит нийт 502 хүнд хийсэн шинжилгээний хариу гарчээ. Үүнээс Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж тусгаарлагдсан 260 хүний хариу сөрөг гарсан бол тандалт судалгааны зорилгоор уушгины хатгалгаагаар өвдсөн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс гадна ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44 хүнд хийсэн шинжилгээний хариу өчигдөр /2020.04.13/ гарч 13 тохиолдол батлагдлаа. ОХУ-аас ирсэн 282 зорчигч нь Москва-Улаан Үд рүү нислэг үйлдсэн, Эрхүү-Улаан-Үд рүү ирж, хилээр орж иржээ. Москва-Улаан-Үд рүү ирсэн зорчигчдыг Амар зочид буудалд байрлуулжээ. Дархан-Уул аймагт 110 хүнийг тусгаарлаж, батлагдсан нэг тохиолдол нь Москвагийн Төмөр замын дээд сургуульд сурдаг байжээ. Батлагдсан тохиолдлуудын мэдээллээр тухайн сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Коронавирусийн халдвар илэрсэн иргэний ойрын хавьтал болох 30 хүн Москвад сурч байсан оюутнууд аж. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр Дархан-Уул аймагт тусгаарлагдаж, батлагдсан нэг тохиолдлыг Улаанбаатарт шилжүүлэн ХӨСҮТ-д тусгаарлан байрлуулж, эмчилж байгаа аж.

ХАЛДВАР КЛАСТРААР ТАРХВАЛ АМЬСГАЛЫН АППАРАТ ДУТАГДАЛТАЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Сүүлийн 24 цагийн дотор Азийн орнуудад өвчлөл эрс нэмэгдэж байна. Тэр дундаа Сингапур улсад өвчлөл нэмэгдэж байна. Шалтгаан нь, гадаадаас ирсэн иргэдээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн ч хүмүүс тусгаарлалтын дэглэм сахиагүй, бусдад халдвар тархаажээ. Иймд тус улсад хүмүүс оршин суугаа газраас гарахгүй байх, зай барих, олон нийтийн үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн Япон улсад өвчлөл нэмэгдэж, хоёр мужид онц байдал зарласан байна. Манай орны хувьд гадаадаас ирсэн иргэдээ 21 хоног тусгаарлаж буй нь зөв зүйтэй арга гэдгийг харуулж байна. Тусгаарлалтаас гарсан иргэд 14 хоногийн дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй.

Коронавирусийн халдварын нэг шинж тэмдэг нь уушгины хатгалгаа өвчин. Одоогоор бид 456 ширхэг уушгины аппарат авч нөөцөлсөн. Амьсгал дэмжих аппарат хүн амын дунд хангалттай бий.

Мэдээж халдвар кластраар тархвал дутагдалтай байж болзошгүй гэж үзэж байна. Монголд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлууд тухайн үедээ ямар нэгэн шинж тэмдэг зовиур илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлаж лабораторийн шинжилгээгээр баталсан. Бид гаднаас хүн зөөвөрлөж авчрахдаа сөрөг хариу гарсан хүмүүсээ татан авч, авчирсныхаа дараа тусгаарлаж байна. ОХУ-аас ирж буй хүмүүс маш олон хотоор дамжсан оюутнууд тул дээрх шаардлагыг биелүүлж чадаагүй.

МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСИЙН ТОХИОЛДОЛ 30 БОЛЛОО

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Ингэснээр эдгэсэн таван хүн болж байна. Өмнө нь эдгэж гарсан иргэд мөн тусгаарлалтаас гарч, гэрийн 14 хоногийн тусгаарлалтад шилжиж байна. Гэртээ гарсан ч гэсэн давтан шинжилгээ авна. Өчигдөр ХӨСҮТ-д 500 шинжилгээ хийсэн бөгөөд 260 хүнээс коронавирус илрээгүй. Мөн ОХУ-аас ирсэн хүмүүсээс шинжилгээ авахад шинээр 13 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд нийтдээ Монгол Улсад коронавирусийн тохиолдол 30 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Москвагаас Улаан-Үдэд ирж, хоёр хоногийн өмнө Монголын хилээр орж ирсэн Москвагийн 30 оюутныг өчигдрийн /2020.04.13/ батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэж үзээд шинжлэхэд 13 хүнээс коронавирус илэрсэн. Биеийн байдал хэвийн байна. Насны хувьд 19-23. Батлагдсан тохиолдлуудын сурч байсан сургуулийн оюутнуудаас өвчлөл бүртгэгдсэн мэдээллийг бид авсан. Эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улсад халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс иргэд хүн бүр эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж хэрэгжүүлэх нь чухал байна. Үндсэндээ батлагдсан 30 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын 2-3-т нв өвчний шинж тэмдэг илэрсэн, бусдад нь одоогоор шинж тэмдэг нь балархай байна.

ЭМЯ: Коронавирусийн 13 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн эдгэрчээ

Posted by News.mn on Monday, April 13, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ХарамсалтайХарамсалтай
19
БурууБуруу
13
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж