ОБЕГ: Өвсөө шатааснаас болж гал алдах дуудлага тасрахгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Өвсөө шатааснаас болж гал алдах дуудлага тасрахгүй байна

ОБЕГ: Өвсөө шатааснаас болж гал алдах дуудлага тасрахгүй байна

Хаврын хуурайшилт эхэлсэн энэ өдрүүдэд орчны цэвэрлэгээ хийх, бөөгнүүлсэн хог, өвсөө шатаах зэргээс үүдэн гал түймрийн дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт ирсээр байна. Тус газарт иргэдээс ирүүлсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.

                   ӨНЖМӨЛ ӨВС ШАТААСНААС БОЛ ХЭД ХЭДЭН АЙЛЫН ХАШААНД ГАЛ ГАРЧЭЭ

  • Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт өчигдөр өдөр 13:07 цагийн орчимд иргэн Л-ийн “Марк 2” загварын автомашин шатаж байсныг дүүргийн Гал унтраах ангийн алба хаагчид унтраажээ. Алба хаагчдыг очиход машины хөдөлгүүр шатаж байсныг таван минутад унтраасан байна.
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Өлзийт” хорооллын хоёрдугаар гудамжинд иргэн М-ын эзэмшлийн “Спринтер” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ. Автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 14:56 цагийн орчимд дүүргийн Онцгой байдлын газарт иржээ.
  • Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Цээнийн нэгдүгээр гудамжны задгай иргэн Х-ын 10 метрийн урттай хашаа, хоёр га талбайд өнжмөл өвс шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ. Гал түймрийн дуудлага өчигдөр өдрийн 15:54 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангид иржээ.
  • Хан-Уул дүүргийн зургадугаар хорооны нутаг, Нүхтийн долдугаар гудамжинд иргэн А-ийн гурван метрийн урттай хашаа, иргэн Н-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 4 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ. Гал түймрийн дуудлага өчигдөр орой 18:37 цагт ирсэн байна.
  • Булган аймгийн Булган сумын Хужирт багийн Хийдийн нэгдүгээр гудамжинд иргэн Б-ын эзэмшлийн 28х30 метрийн хэмжээтэй хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг аймгийн Онцгой байдлын алба хаагчид унтраажээ. Гал түймрийн дуудлага өчигдөр 16:19 цагт ирсэн байна.
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэрт хүрэн цохио” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ Малчин О-ын өвөлжөө шатаж байсныг алба хаагчид унтраасан байна. Гал түймрийн дуудлага өчигдөр 16:25 цагт ирж, Гал түймэр унтраах аврах ангийнхан 18:00 цагт очиж  1 цаг 10 минут ажиллаж унтраасан байна.

           СҮХБААТАР, ДОРНОД АЙМАГТ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

Мөн ахуйн хүрээний гал түймрийн дуудлагаас гадна Дорнод, Сүхбаатар аймагт ой хээрийн түймэр гарсан байна. Тухайлбал,  Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн “Ухаан-Овоот” гэдэг газарт гал түймэр гарч 22 га талбай шатжээ. Мөн тус аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Шилийн худаг” гэдэг газарт гал түймэр гарч 270 га талбай шатсан байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Сүүл сэрвэн” гэдэг газар гал түймрийн улмаас урьдчилсан байдлаар 6000 га талбай шатжээ.

           15 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ЭСЭН МЭНД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Гал түймрийн дуудлага мэдээллээс гадна Нийслэлийн онцгой байдлын газарт амиа хорлосон байж болзошгүй  гэсэн дуудлага иржээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү вилла” хотхоны 2/А байранд иргэн Э/15 настай, эмэгтэй/ гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжээд амиа хорлож болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас өчигдөр орой 18:14 цагт иржээ.  Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 18:23 цагт очиж, хаалгыг онгойлгон иргэн Э /15 настай, эмэгтэй/-г тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Банзрагчид хүлээлгэн өгсөн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж