Коронавирусийн хямрал хүнсний хомсдол үүсгэж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Коронавирусийн хямрал хүнсний хомсдол үүсгэж болзошгүй

Коронавирусийн хямрал хүнсний хомсдол үүсгэж болзошгүй

Дэлхий нийтийг нөмрөөд буй шинэ төрлийн коронавирусийн цар тахал нь олон сая бизнесүүдийг дампууруулж, бараг бүхий л улс орнуудыг хөл хорионд оруулаад байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр гаргасан тайландаа энэхүү нөхцөл байдал удаан үргэлжилбэл дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, цаашлаад хүнсний хомсдол үүсгэж болзошгүй гэж анхааруулжээ.

Хүнсний салбар бол тариаланчид, фермерүүд, ХАА-ын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл үйлдвэрлэгчид, боловсруулах үйлдвэрүүд, тээвэрлэлт, жижиглэн худалдаачид болон бусад салбаруудын оролцоотой маш том цогц сүлжээ бүхий салбар юм. Гэтэл коронавирусийн үеийн хөл хорионы дэглэм, хилийн хязгаарлалт, шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, тээврийн болон агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа тасалдаж байгаа нь хүнсний үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүнийг олон улсад түгээх үйл явцад маш том саад болж байна.

Дэлхийн хүнсний хангамжийн тогтворгүй байдал нь хамгийн ядуу буурай улс орнуудын иргэдэд хамгийн ихээр нөлөөлнө гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний аюулгүй байдлын хорооноос (CFS) мэдэгджээ.

Хүнсний салбарын томоохон төлөөлөл болсон хувийн компаниуд ч гэсэн тун удахгүй нүүрлэж болзошгүй хүнсний хомсдолын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Засгийн газруудад уриалав. "Засгийн газар, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, олон улсын агентлагууд Covid-19 цар тахлын тархалтыг дэлхийг хүнс, хүмүүнлэгийн хямралд хүргэхээс өмнө яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна" гэж “Nestle”, “Unilever” зэрэг компаниудын удирдлагууд дэлхийн удирдагчдад хандан нээлттэй захидал илгээжээ.

ХЯТАД УЛС ХҮНСНИЙ ХЯМРАЛЫГ ДАВЖ ЧАДНА

Хятад улсад нэг хоёрдугаар сард коронавирусийн тархалт хамгийн их байсан. Тус улс орон даяар хөл хорио тогтоож, бараг бүх салбарын бизнес нь зогссон гэж хэлж болно. Ингэснээр шинэ ургац, малын тэжээл хомсдож, нядалгааны газрууд ч мөн үүдээ барьсан. Хятад улс өмнө нь хүнсний хомсдолтой тулгарч байсан. Түүхээс харвал, “Их өлсгөлөн” буюу 1958-1962 оны хооронд тус улс эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн гэх тооцоо бий.

Гэхдээ орчин үеийн Хятад бол огт өөр улс болсон. Техник технологийн салбарт тэргүүлэгч энэ гүрэн хүнсний аюулгүй байдлыг сайжруулахын тулд олон жилийн турш үрийн аж ахуйн томоохон үйлдвэрүүдийг худалдан авахад хэдэн арван тэрбум доллар зарцуулж иржээ.

Эдгээр хүчин чармайлт энэ удаад хүнсний салбар дахь цохилтыг зөөлрүүлсэн бололтой. Тус улсын Засгийн газар хөдөө аж ахуйг сэргээхийн тулд 20 сая ам.долларын нөхөн төлбөр тарааж, дрон, жолоочгүй ХАА-ын тээвэр хэрэгслийн технологид ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүнчэн тариаланчид тариалангийн талбайд ажиллахдаа  эрх баригчдын тараасан амны хаалт, хамгаалалтын хэрэгслийг өмсч, орон нутгийн засаг захиргаанаас өгсөн ариутгагч бодисыг сайтар хэрэглэж байгаа талаар Хятадын төрийн Синьхуа агентлаг мэдээлэв.

АВСТРАЛИ УЛС ЭКСПОРТЫН ДАРАМТТАЙ ТУЛГАРЧ БАЙНА

Австрали нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ гуравны хоёрыг экспортолдог Ази, Номхон далайн бүсийн томоохон нийлүүлэгч орон юм. Гэтэл энэ их эргэлт одоо аюулд ороод байна. Нисэхийн салбар цар тахлын үед хамгийн их хохирол амсч, олон улсын нислэгүүд бараг тэр чигтээ зогслоо. Үлдсэн цөөн хэдэн онгоцоор хоол хүнс зөөнө гэдэг бол өртөг төдийн чинээ өндөр болно гэсэн үг.

Энэ байдал нь нийт улс орны эдийн засагт хоёр төрлийн аюул учруулж байна. Австралийн нийт экспортын 14,5 хувийг хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг. Хэрэв тариаланчид бараагаа экспортлох боломжгүй бол улс орон хэдэн арван тэрбум долларын алдагдал хүлээх болно.

Харин тариаланчид бараагаа зөвхөн дотооддоо буюу Австралид зарж борлуулж болно. Гэвч энэ бас л сөрөг нөлөөтэй. Гэнэт их хэмжээний бүтээгдэхүүн дотоодын зах зээлд орж ирснээр эдгээр барааны үнийг огцом унагана. Энэ хэрээр импортлогч улсууд ч хохирол амсана. Тус улсын Засгийн газар яаралтай арга хэмжээ авснаар нислэгийн тоог нэмэгдүүлэхэд 110 сая австрали доллар (67.4 сая ам.доллар) зарцуулж, экспортлогчдод бараагаа олон улсын гол зах зээлд хүргэхэд туслахаа мэдэгдэв.

ХОНГКОНГ, СИНГАПУР ХҮНСНИЙ ХОМСДОЛД ӨРТӨХ АЮУЛ БАГАТАЙ

Хонгконг, Сингапур бол Азийн хамгийн том санхүүгийн төвүүд боловч газар тариалангийн хувьд хязгаарлагдмал, аль аль нь хөдөө аж ахуйн зах зээл жижигтэй бөгөөд хүнснийхээ 90-ээс дээш хувийг импортолдог.

Гэхдээ тэд хүнсний хомсдолд өртөх аюул багатай. Хонгконг хүнсээ эх газрын Хятадаас, Сингапур Малайзаас импортолдог. Өөрөөр хэлбэл, хоёулаа дэлхийн хамгийн том хүнсний эх үүсвэрээс хүнсээ импортлодог учир эдгээр томоохон эх үүсвэрүүд тогтвортой байх үед хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн тасалдах аюул багатай юм.

НОМХОН ДАЛАЙН АРЛУУД ХАМГИЙН ИХ ЭРСДЭЛТЭЙ

Номхон далайн арлуудын бага орлоготой, импортын хамааралтай орнуудын хувьд энэ бол маш том хямрал. “FAO”-ийн ахлах эдийн засагч Дэвид Даве "Хамгийн эрсдэлтэй нь Кирибати, Микронезия, Тувалу зэрэг эдийн засгийн суурьгүй улсууд юм" хэмээн хэлжээ.

Лаос, Мьянмар зэрэг зарим хөгжиж буй орнууд дотооддоо будаа зэрэг гол нэрийн бүтээгдэхүүнийг тариалдаг ч газар нутаг жижиг тул тийм ч удаан тэсэхгүй. Гол найдвар нь бас импорт. Орлогын эх үүсэр нь аялал жуулчлал дээр тогтдог энэ улсууд руу дэлхий даяар тахал өвчин дэгдэж байхад хэн ч аялахгүй. Аялал жуулчлалын орлого нь алдагдсанаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хомсдол, санхүүгийн хямрал гээд хоёр талаас цохилтод өртөх болно.

ХҮНСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТЭД ХҮНДРЭЛ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ

Коронавирусийн цар тахлын улмаас зарим улс оронд хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом өсч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд гурил, будааны спот, фьючерс үнэ хурдацтай өсч байна. Энэ нь гурил, будаа импортлогч улсуудын эдийн засагт дарамт болж байгаа аж. Тухайлбал, Нигерид будааны жижиглэнгийн үнэ III сарын сүүлийн дөрвөн өдөр 30 хувиар өссөн байна. Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн улмаас бизнесүүд хаагдаж, ажилгүйдэл нэмэгдэж, газрын тосны зах зээл уналтад орж, зарим улсад дефляци үүсэх эрсдэл бий болжээ. Өнгөрсөн сард газрын тосны үнэ буурсны улмаас хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг огцом буурч, био түлш хийхэд ашигладаг элсэн чихрийн эрэлт саарчээ.

Хэдийгээр ерөнхий үзүүлэлт ийнхүү буурсан ч гол нэрийн бүтээгдэхүүний үнэ эрс өссөн байна. Агуулахуудад нөөцөлсөн будааны хэмжээ дэлхий нийтийн хэрэглээг олон жилийн турш хангах боломжтой ч тээвэрлэлтэд саатал үүсчээ.

"Covid-19" цар тахлын уршгаар Филиппиний дийлэнх будаа, гурилын импорт дамждаг гол боомт ачааллаа дийлэхгүй, хаалгаа барих эрсдэлтэй тулгарч буй аж. Кофегоороо алдартай Гватемал, Хондурасын боомтын ажиллах цаг богиноссон нь дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг хязгаарлахад хүргэжээ. Мөн олон хүн цугларахыг хориглосон тул ачаа буулгаж, ачих хүн хүрэлцэхгүй байгаа аж. Лос Анжелесийн боомтын тээвэр 31 хувиар буурчээ. Халдварын цар хүрээ тэлж, дэлхийн хүнсний хэрэгцээний гол бүтээгдэхүүнийг нийлүүлдэг ОХУ, АНУ болон Өмнөд Америкийн боомтын ажиллагаа зогсвол хомсдол үүсэх аюултай. Энэтхэг улс бизнесийн дийлэнх ажиллагааг зогсоосон нь тус улсаас авдаг хувцас бараа, хоолны амтлагч тасалдахад хүргэж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар зарим боомтын ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлжээ. Тухайлбал, хэдэн мянган тонн хөлдөөсөн бүтээгдэхүүн боомтод гацсаны улмаас устгалд оруулах шаардлагатай тулгараад байсан БНХАУ-ын боомтын ажиллагаа хэвийн ажиллаж байна. Мөн шар буурцаг, үхрийн мах, элсэн чихэр, кофены гол экспортлогчдын нэг Бразилын боомтууд Засгийн газар, компаниудын хамтарсан шийдлийн ачаар хэвийн горимдоо шилжжээ.

Нийт 1.8 тэрбум хүн амтай Өмнөд Азийн бүс нутагт аялал жуулчлал буурч, нийлүүлэлтийн сүлжээнүүд тасалдаж, хувцасны эрэлт багасч, хэрэглэгч болон хөрөнгө оруулагчид буурах төлөвтэй байгаатай холбоотойгоор Дэлхийн банк Өмнөд Азийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг 1.8-2.8 хувь болгон бууруулсан байна. Халдварын тархалтаас өмнө уг үзүүлэлтийг 6.3 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байв. Түүнчлэн тус бүс нутгийн орнуудын тэн хагас нь эдийн засгийн “гүн хямрал”-д орж болзошгүй байгаа аж. Мөн Өмнөд Азидаа хамгийн томд тооцогддог Энэтхэгийн эдийн засаг энэ санхүүгийн жилд 1.5 хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх урьдчилсан таамаглалаас 3.5 хувиар буурчээ. Дэлхийн банк олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдал болон ард иргэдээ хамгаалах, ялангуяа хамгийн ядуу, хамгийн эмзэг хүн амаа хамгаалах үйл ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засгаа аль болох хурдан сэргээхийн тулд одоо хийх шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг Засгийн газруудад зөвлөжээ.

Дэлхийн банк мөн цагаач ажилтнуудад зориулан түр хугацааны ажлын хөтөлбөрүүд боловсруулж, нэн шаардлагатай экспорт, импортын саад тотгорыг бууруулахын зэрэгцээ бизнес, хувь хүмүүсийн өрийг чөлөөлөхийг зөвлөсөн байна. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн банк цар тахлыг даван туулах, эдийн засгаа сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор эмзэг орнуудад ирэх 15 сарын хугацаанд 160 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

ДЭЛХИЙ НИЙТ ЦААШИД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

НҮБ одоогоор коронавирусийн хямралд ямар нэгэн байдлаар өртсөн орнуудыг дотооддоо яаралтай арга хэмжээ авч, хүнсний хангамжийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахыг уриалж байна. Засгийн газрууд эмзэг бүлгийн иргэддээ бэлэн мөнгө тараах, хүнсний яаралтай нөөцийн сан бүрдүүлэх, хөдөө аж ахуйн ажилчдыг хамгаалах арга хэмжээ авах замаар иргэдээ хамгаалж чадна гэж “FAO” мэдэгдлээ. Мөн олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн нээлттэй худалдааг чухалчлаад, Засгийн газрууд энэ хугацаанд экспортын хязгаарлалт, импортын тарифыг арилгах хэрэгтэй байна гэж НҮБ-ын тайланд дурджээ.

Иргэддээ бэлэн мөнгө тараах чадваргүй улс орнуудад олон улсын санхүүжилт хэрэгтэйг ч дээрх тайланд онцолсон байна. “Нийлүүлэлтийн сүлжээг бага багаар хөдөлгөж, худалдааг нээлттэй байлгах олон улсын хамтын ажиллагааг эрэлхийлснээр улс орнууд хүнсний хомсдолоос урьдчилан сэргийлэх, хамгийн эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах боломжтой" гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага онцлон тэмдэглэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж