ХЭҮК-ын эрхэм зорилго: Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахих, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлж ажиллана.
ХЭҮК-ын үйл ажиллагааны зорилго: Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хараат бус хяналт тавих. Хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох үр дүнтэй үйл ажиллагаа явуулах.
Энэ бол Монголын Хүний эрхийн үндэсний комиссын эрхэм ба үйл ажиллаганы гол зорилго. ХЭҮК-ын дарга нь Ж.Бямбадорж. Сүүлийн өдрүүдийн гол дуулианы эздийн нэг. "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаатай ярьж буй бичлэг нь задарч, түүндээ тайлбар хийсэн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хүний эрхийг хамгаалах хүн биш гэдгээ нотоллоо гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй юм.
"Зөв амьдрах ухаан" ТББ тойрсон маргаан өнөөдрийн нийгмийн нэг сэдэв болсон. Архичин, биеэ үнэлэгчдийг авч тэжээж байгааг нь зөвтгөх нэгэн байхад ядарсан, зүдэрсэн иргэддээ хүчирхийлэл үзүүлж буй Г.Загдааг буруутгах нь ч олон байв. Тус ТББ нь орон гэргүй, архичин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон байр, ажлын байраар хангаж, хүүхдүүдийг нь асардаг байгууллага. Г.Загдаа түүний гэр бүл төрийн хийх ёстой ажлыг 13 жил тус төвийг ажиллуулж иржээ. Бусдыг асарч, нийгэмшүүлснийх нь төлөө Монголын төр төсвөөс тодорхой мөнгө төгрөг өгнө. Олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэг ч бий. Жилдээ 800 сая хүртэлх санхүүжилт төсвөөс авдаг байсныг Ж.Бямбадорж дэлгэжээ. Гэвч, тэр энэ хугацаанд Г.Загдаагийн хашаанд юу болж байсныг мэдэж байснаа хэвлэлд ярьж. Тэгвэл мэдсээр байж чимээгүй байсны шалтгаан юу байв, ХЭҮК-ын дарга аа!
Монголд хүний эрх хэрхэн зөрчигдөж ирсний ганцхан жишээ бол Г.Загдаагийн төрийн бус байгууллагыг тойрсон үйл явдал. “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад насанд хүрсэн 62, бага насны 59 хүүхэд амьдардаг ч хүүхэд асрах тусгай зөвшөөрөлгүй. Энэ төвд харьяалагдаж байсан нэг эмэгтэй хүүхдээ авч чадахгүй байгаа талаар удаа дараа сошиалаар, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байлаа. Арга ядарсан бүсгүй эцэст нь Г.Загдаад хүчирхийлүүлж байсан, зодуулдаг байснаа дэлгэв. Гэтэл ХЭҮК-т Г.Загдаатай холбоотой гомдол цөөнгүй ирдэг байжээ. Үүнийг Ж.Бямбадорж дарга өчигдөр мэдээлсэн.
Цагдаа нар Г.Загдааг баривчилж, харин тэнд амьдарч байсан хүүхдүүдийг асрах газар, амрамжийн төвд хүргэв. Асуудал ингээд дууссангүй, хуулийн байгууллагаас Г.Загдааг хүчингийн хэрэг хийсэн байж болзошгүй нотлох баримт байгаа хэмээн нэг сарын хугацаанд саатуулах шийдвэр гаргав. Энэ бол нийтэд ил болсон асуудал. "Зөв амьдрах ухаан" ТББ байгууллагад амьдардаг хүмүүсийн хувьд үнэн худал нь мэдэгдэхгүй дарамт, шахалт, хөдөлмөрөө мөлжүүлдэг, бусдын эрхэнд амьдардаг гэх яриа гарсаар багагүй хугацаа өнгөрсөн.
Харин өчнөөн хүний эрх зөрчигдсөнийг мэдсээр байж, өөрийн бичлэг задарсны дараа Ж.Бямбадорж дарга хүний эрхийг тэмцэгч болж хувирав. Бичлэг дэлгэгдээгүй бол тэр чимээгүй л байх байж. "Гөлөгнүүдтэй гөлөг шиг харилцаж бай" гэсэн түүний үг олон хүнийг бухимдуулсан. Хариу тайлбар нь бүр тэнэг.
Ард түмнээ гөлөг гэж өхөөрддөг даргын бичлэг олон нийтэд ил болгосныхоо хариуд Г.Загдаагийн төрөөс авч байсан татаас, санхүүжилтийн талаар Ж.Бямбадорж дарга ам нээв. Тэрбээр, Г.Загдааг нийт 2018 онд нийт 800 сая төгрөгийн санхүүжилт авсан гэв. Түүний мэдээлснээр “Зөв амьдрах ухаан” ТББ нь 2013 онд 265 сая төгрөг, 2014 онд 171 сая төгрөг, 2015 онд 81 сая, 2016 онд 30 сая, 2017 онд 24 сая төгрөгийн санхүүжилт авсан гэнэ. Түүнчлэн иргэн Г.Загдаа нь олон хүний ажиллах хөлсийг нь өгөөгүй, халамжийнх нь мөнгийг хураан авдаг гэх мэт олон гомдол мэдээлэл байгаа ч тогтоогдоогүй тул яаж ч чадаагүй гэж Ж.Бямбадорж "арьсаа хамгаалав". Үгүй л дээ, ингэлээ гээд та энэ ажил тохирч байна гэсэн үг биш. Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхээс гадна, ажлаа хийж чадаагүйнхээ төлөө тэтгэвэртээ гарах цаг болжээ. Г.Загдаагийн тараасан бичлэг ХЭҮК-оос хүний эрхийг хамгаалах болсны нотолгоо юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ