"Улс төрийн оноо авахаас илүү оновчтой шийдэл чухал байна"

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

"Улс төрийн оноо авахаас илүү оновчтой шийдэл чухал байна"

"Улс төрийн оноо авахаас илүү оновчтой шийдэл чухал байна"

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн алдагдал, “Covid-19”-ийн халдварын тархалтын улмаас санхүү, эдийн засгийн салбарт учирч болзошгүй эрсдэлийг даван туулах боломжийн талаар эдийн засагч Б.Мөнхсоёлтой ярилцлаа.


-“Covid-19” халдварын энэ хүнд цаг үед Засгийн газар чадах чинээгээрээ л ажиллаж байна гэж хүмүүс дүгнэж буй. Эдийн засагчийн хувьд та Засгийн газрыг хэр оновчтой шийдвэрүүд гаргаж байна гэж боддог вэ?

-Коронавирусийн үед Засгийн газраас барьж буй эдийн засгийг идэвхжүүлэх бодлого хангалтгүй байна гэж бид үзээд, хэд хэдэн зөвлөмж гаргасан. Анх энэ оны хоёрдугаар сард энэ асуудлыг хөндсөн. Жишээлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатайгаар 50 хувиар хөнгөлвөл зохилтой гэсэн зөвлөмж гаргасан. Нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувиар зургаан сар хөнгөлнө гэхээр бараг 600-гаад тэрбум төгрөг зөрөх нь. Үүнийг төсвийн бусад хөрөнгө оруулалтын зардал жишээлбэл, орон нутагт соёлын төв барих, эсвэл музей засварлах, дотуур байр барих зэрэг өнөөдөр цаг хугацаа нь тулгамдсан биш ажлуудыг хойшлуулаад, тэр хөрөнгө оруулалтуудыг танах замаар, илүү чухал зүйлүүдэд зарцуулахад зориул гэсэн зөвлөмж юм. Сая Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөсний нэг нь энэ байсан. Зургаан сарын хугацаанд 100 хувь төлүүлэхгүй байхаар байна, гэхдээ энэ дээр тайлбар нэмж хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төлөхгүй гэдэг нь ажил олгогч талдаа ч, даатгуулагч ажилтан талдаа ч төлсөн мэтээр бичилт хийх нь. Магадгүй тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүс жил алдах вий гэж санаа нь зовж байгаа. Учир нь, нэг талдаа ажилласан жил буюу нийгмийн даатгал төлсөн жил чухал, мөн хамгийн өндөр үргэлжилсэн долоон жилийн дундаж цалингийн тодорхой хувиар тэтгэврийн хэмжээг тогтоодог. Тиймээс жил тасалдчих вий хэмээн ойлгож болно. Засгийн газар энд дутах мөнгөний эх үүсвэрийг тооцох ёстой.

-Нийгмийн даатгалд 25 хувийн шимтгэл төлж байгаа. Төлүүлэхээ больё гэхээр хүмүүст ойлголт хангалтгүй байна?

-Зарим хүн яг 25 хувийн хэдийг нь авах юм бэ гэж асууж байна. Төлөх ёстой байсныг нь л төлүүлэхээ больчих учраас төлөхөө байсан хувиа л авна гэсэн үг. Иргэн 11.5 хувиа төлөөгүй мэтээр цалингаа авах нь байна. Ажил олгогч өөрөөс төлдөг 12.5 хувиа төлөхгүйгээр орлого нь илүү ахиу байх нь гэдэг ч юм уу иймэрхүү тайлбар хэрэгтэй байх шиг байна. Түүнчлэн үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн даатгуулагч иргэнд ажилгүйдлийн даатгалын сангаас гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгоно гэсэн. Энэ хангалттай байж чадах уу, дэмжлэг болж чадаж байгаа үгүйг нарийн тооцож чадахгүй байна гэж шүүмжлүүлж байгаа. Зарим аж ахуйн нэгж ажиллагсадтайгаа тохироод, цалингаа ажилгүйдлийн даатгалаас авчих ч боломжтой болж магад. Тийм учраас маш нарийн тооцоо хэрэгтэй. Үгүй бол хуулийн хүрээнд цоорхой гарангуут манифуляц гарах магадлалтай. Дэлхийн банкны хамгийн сүүлийн судалгаагаар Монголын хүн амын 30 хувь буюу 29,6 хувь нь ядуурлын түвшинд байгаа талаарх судалгааны үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь шахуу ядууралтай.

Ядуурлын шугамаас амархан доош орох магадлалтай эмзэг бүлгийнхэн 40-45 хувь байсан санагдаж байна. Энэ яг одоо коронагийн үед хөндөгдөх ёстой асуудал.

Эдийн засаг, бизнес хэвийн явж байх үед ажилтай ч орлого, цалингийн хэмжээ нь харьцангуй бага байсан учраас эмзэг бүлэгт орчихсон, одоо ажлын байрны асуудал үүсч байна. Авдаг цалингийн асуудал үүсч байгаа үед ядуурлын шугам руу орчихсон байх магадалтай. Тэгэхээр 30-аас дээш хувь нь ядуурсан байх магадлалтай ийм эдийн засагтай үед бид саяын гаргасан хөтөлбөр хангалтгүй гэж үзээд нэмж гурван гол зөвлөмж боловсруулсан юм.

-Ямар ямар зөвлөмжүүд вэ?

-Нэгт, ажилгүйдлийн тэтгэмж буюу түүнтэй адилтгах санхүүгийн дэмжлэгийг хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон албан бус хөдөлмөр эрхэлж буй иргэдэд олгох. Өөрөөр хэлбэл, бүртгэлгүйгээр хувиараа хөдөлмөр эрхэлж буй, жишээлбэл, Нарантуул зах, эсвэл гудамжинд жижиг сажиг юм зараад зогсч байдаг хүмүүс байдаг. Хоёрдугаарт, амьжиргааны түвшин доогуур, эмзэг бүлгийн хүүхдүүдэд олгох хүнсний талон болон бусад халамжийн хэмжээг нэмэгдүүлэх гэж байгаа. Бид олон жил хавтгайруулсан халамжийн бодлого гэж шүүмжилж ирсэн. Тэр нь шаардлагагүй хүмүүст мөнгө тараагаад, шаардлагатай гол хүмүүст харин хангалттай байж чадахгүй, хоёрын хооронд бодлогын үр дүнг сарниулж байгааг хэлж байгаа юм. Түүний оронд яг тэр ядууралтай, өл залгаж чадахгүй байгаа эмзэг хэсгүүдээ л зорилтот бүлэг болгоод, хэмжээг нь арай ихэсгээд өгөх хэрэгтэй. Жишээ нь, хүүхдийн 20 мянган төгрөг дээр нэмээд 10 мянган төгрөг өгнө гэж байна, гэхдээ бодох хэрэгтэй.

-10 мянган төгрөг бас яг эзэндээ очиж чадах уу гэдэг асуудал л даа?

-Зарим тохиолдолд эцэг, эхийн ухамсрын асуудал бас байна. Гэр бүлийн хүчирхийллийн асуудал гэх мэт олон кейс сонсогдож байна. Хүүхдэдээ яг санаа тавьж чадаж байна уу, хүүхдийн мөнгө нэмчихдэг, түүгээр нь магадгүй зарим хүмүүс архи аваад уучихдаг.

АНУ, Европын зарим улс хүнсний талон тараадаг нь оновчтой байдаг. Яагаад гэхээр хүнсээр дамжуулж өдөрт авах ёстой тэжээл, чанартай хүнсээр хооллох боломж хүүхдүүдэд бүрдэнэ. Тэгэхээр энэ илүү ач холбогдолтой.

Мөн хичээл нь орж байсан бол 10 жилийн хүүхдүүд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаад, магадгүй гэртээ хангалттай хоол хүнстэй байж чаддаггүй хүүхдүүд өлөө даваад л байсан. Одоо гэртээ суучихаар нийгмийн шинжтэй хэд хэдэн асуулт гараад байгаа юм. Нэгэнт “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдана гээд төсөв гаргачихсан юм чинь тэр мөнгөө хүүхдүүдэд хүнсний талон тараах замаар амьжиргааг нь дэмжих механизм үүсгэх ёстой гэж үзээд байна.

“НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХОЛНО” ГЭДЭГ БОЛЧИХВОЛ БУРУУ

-Хүүхдийн мөнгөн дээр хэрвээ та хүсэлт гаргавал гэсэн үг бий. Шаардлагагүй хүмүүст олгох хэрэггүй гэдэг?

-Халамж хавтгайрахаас сэргийлж байгаа. Хэдийгээр хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэж байгаа ч гэсэн бидэн шиг амьдралаа авч явж чадаж байгаа хэсгүүд нь хүүхэд бүрийнхээ тоогоор сар болгоны 20 мянгыг заавал авах шаардлагагүй. Тэгэхээр энэ тал дээр дутагдалтай хэдий ч зорилтот болох механизм үүсчихсэн байна. Гуравдугаарт, бид аж ахуйн нэгжийн бизнесийн, хэрэглээний болон орон сууцны зээлийн төлбөрийн дарамтыг бууруулах чиглэлээр өмнө нь гарсан шийдвэрүүдэд хяналт тавих, шаардлагатай бол зээлийн төлбөрийг хойшлуулах харилцаанд зээлийн батлан даалтын хэрэгслээр дамжуулан төрөөс баталгаа гаргах гэсэн зөвлөмж гаргасан. Жишээлбэл, Монголбанк арилжааны банкуудаас авсан зээлийн төлөлтийг хойшлуулах боломж бүрдэж байгаа талаар мэдэгдэл хийсэн. Өөрөөр хэлбэл, чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийг тооцдог хугацааг сунгасан гэсэн үг. Энэ нь арилжааны банкууддаа эргээд ачаалал үүсгэх магадлал бий. Өөрөөр хэлбэл, магадгүй төлбөрийн чадвартай аж ахуйн нэгж, иргэд мөнгөө төлөхгүйгээр эргэлдүүлэх нөхцөл үүсч мэднэ. Хэрэв боломжтой бол нэгэнтээ төлөх зээлийг цаг хугацаанд нь төлөөд явах нь зээлдэгчид өөрт нь ч, банкиндаа ч дөхөмтэй. Нөгөө талдаа санхүүгийнхээ секторыг давхар авч үзэхгүй бол “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно” гэдэг болчихвол буруу. Тийм учраас, бизнес, эдийн засгийнхаа салбарыг ямагт том, бүтэн зургаар нь харж байгаасай, тооцож байгаасай. Өөрөөр хэлбэл, харилцан ярилцаж, диалог үүсгэхгүйгээр Засгийн газар хөндлөнгөөс шийдэж чадахгүй асуудлууд байна.

-Засгийн газар юу шийдэж чадах вэ?

-Засгийн газар, УИХ өөрийн эрх мэдэл нь хүрдэг, өөрөө бодлогыг нь боловсруулж, шийдвэрийг нь гаргадаг асуудлуудаа л зохицуулах ёстой. Жишээлбэл, дурдагдаж буй нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ гэх мэт татвар, хураамжийн хөнгөлөлт, чөлөөлөлт. Зарим нэг аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар 100 хувь, зарим нь тодорхой хувиар чөлөөлөгдөхийг хүсч байна. Гэхдээ аливаа татвар төлөлт шударга байх ёстой гэсэн зарчмаа бид гээж болохгүй. Эдийн засагч бидний санаа зовж буй бас нэг асуудал нь

Засгийн газар эдийн засгийг идэвхижүүлэхэд авах арга хэмжээний нийт төсөв 5.1 их наяд төгрөг гэж мэдэгдсэн. Түүний 3.7 их наядыг олон улсын болон донор байгууллагуудын санхүүжилт, үлдсэн хэсгийг төсвөөс зохицуулна гэсэн байгаа юм. Энд тодорхойгүй зүйл байна.

Өнөөгийн энэ байдал үргэлжилсэн ч, эс үргэлжилсэн ч бидэнд байгаа байнгын дарамт юу вэ гэхээр Засгийн газрын өрийн асуудал. Бид өнөөдөр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаад эргээд гүн ангал руу унахгүйн тулд бүх юм тооцоотой, ил тод, ойлгомжтой баймаар байгаа юм. Тэгж байж бид санаа бодол, оюунаа уралдуулна. Тодорхойгүй зүйлд бид оновчтой зөвлөмж өгөхөд хэцүү.

-Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал одоогоор 270 орчим тэрбум төгрөг. Энэ нь төсөв тодотгоод байх хэмжээний алдагдал биш гэж Сангийн сайд С.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн, энэ байр суурин дээрээ хатуу зогсч буй. Төсөв тодотгох зайлшгүй шаардлагатай юу?

-Төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Хоёр сараас хойш эдийн засгийн болон эдийн засгийн бус чиглэлийн хүмүүс төсвөө тодотгохыг хүсч байгаа. Төсвийн тухай хуулиар энэ нөхцөл нь бүрдчихсэн. Зарим хүмүүсийн өрөөсгөл ойлгоод байгаа шиг төсвөө тодотгоод, мөнгөө хэмнээд, хадгал, хумь гэж ерөөсөө хэлээгүй.

Эрэмбэлэх замаар зөв, оновчтой, тулгамдсан зүйлдээ зарцуул гэж хэлээд байгаа юм. Энэ жил сонгууль болно, нэмээд коронагийн хүндрэл үүсчихсэн. Сонгуулийн жил учраас олон эрсдлүүд байсан. Уул уурхайн салбар давамгайлсан, түүнээсээ хамааралтай эдийн засагтай улсын хувьд төсвийн орлого тооцсоноор бүрдэхгүй байх байнгын эрсдэлтэй.

Хэрвээ Хятад улсад манай гол экспортолдог түүхий эд, эрдэс баялгийн үнэ унах, эрэлт багасвал манай төсвийн орлого тооцсоноос бага орж ирдэг. Тийм учраас сүүлийн тав, зургаан жил доод тал нь нэг их наядын алдагдалтай байсаар ирсэн буюу бид орлогоо хэтэрхий эерэг, өөдрөг төсөөлдөг гэдэг шүүмжлэл ямагт байдаг. Ийм байтал сонгуулийн жилтэй холбогдуулаад зарим аймаг, сумдад маш их хөрөнгө оруулалт зоочихсон.

-Хүмүүс шүүмжлээд байхад санаатайгаар ийм юм хийгээд байна гэж үү?

-Тийм ээ. Дээрээс нь корона угаас хэцүү байсан төсвийг улам сульдаагаад байна. Төсвийг иргэн, аж ахуйн нэгж болгон бага гэлгүй өөрсдийнхөө төлөх ёстой зохих татваруудаар дамжуулж бүрдүүлж байгаа. Хоёрдугаарт, бид нэгэнт татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлснийхөө хувьд төрийн чанартай үйлчилгээ авмаар байна. Одоо эрүүл мэндийн үйлчилгээ ямар байгаа билээ? Зарим нь ихэнхдээ хувийн эмнэлэгт мөнгөө төлж үйлчлүүлж байна. Шимтгэлийн хэрэгцээ ач холбогдол маш бага. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэл төлж байна, гэтэл нийгмийн даатгалын сан хоосон хэвээрээ. Байнга жил тутам нөхөж явж байна. Бид хөгшрөөд, нас дээр гараад, ядуурмааргүй байгаа. Тийм ч учраас тэтгэврийн реформ ярьж байна. Бид бүгд энэ улсын нэгж. Тийм учраас одоо эрч хүчтэй ажиллаж байгаа цагтаа өгөх ёстой юмаа өгч байна. Нас дээр гараад бид сульдана, эмзэг болно, улсаасаа хамааралтай болно. Тэр үед авах ёстой юмаа бүрэн хэмжээгээр нь авмаар байна. Иймээс иргэд одооноос хяналт тавиад, шаардаад, зөв зохистой явахыг хүсч байна.

-Эдийн засгийн өсөлт сүүлийн таван улирал дараалан буурч, 2020 эхний хагаст ч үргэлжлэн саарах төлөвтэй байгааг эдийн засагчид онцолж байна. Удахгүй сонгууль болно. Түүний дараа эдийн засгийн нөхцөл байдал төсөөлснөөс ч илүүтэй хүндэрнэ гэсэн мэдээлэл бий. Эдийн засагт ямар “аврал” байна вэ?

-Ер нь саарах нь тодорхой. Өндөр хөгжилтэй, нөөц баялаг ихтэй улсууд хүртэл эерэгээр харж, бид даваад гарчихна гэж байсан бол санаанд оромгүй тархалт явагдлаа. Жишээлбэл, АНУ-д унтаад босоход хэдэн зуугаараа тархаж байна. Энэ байдал эрүүл мэнд, хүн ам зүй, эдийн засаг, бизнес талаасаа бидний тооцоолж, төсөөлснөөс илүү их цаг хугацаа авах, илүү их алдагдал хүлээх магадлалтай болгочихлоо.

ОУВС-ГИЙН ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ СУНГАХ ТАЛААР БАС АВЧ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ

-Дэлхийн улс орнуудын Төв банкууд мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих шийдвэр гаргаж байна? 

-Улс орнуудын Засгийн газрууд мөнгөний бодлогоо зөөллөх буюу бодлогын хүүгээ бууруулах, зээлийн шинэ суваг бий болгох, татаасаар дэмжих, бусад олон төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт бий болгох гэх мэт өөр өөрийн нөхцөлд тохирсон бодлого явуулж байна. Манай Засгийн газрын хөтөлбөр найман гол чиглэлээр явах боловч зарим дутагдалтай талууд болон гурван зөвлөмжийн талаар хэлсэн. Өөрөөр хэлбэл, гол зорилтот бүлэгтээ хандахаас илүү томоохон аж ахуйн нэгжүүд ч хамрагдахуйц хавтгайрах шинжтэй арга хэмжээнүүд байгаа юм. Тухайлбал, энд эмэгтэйчүүдийн асуудлыг дурдмаар байна. Гэртээ суугаад, хүүхдээ хардаг огт ажилгүй, эсвэл бичил, жижиг хэмжээний хөдөлмөр эрхлэх замаар мөнгө олдог ээжүүдэд ч хүнд нөхцөл үүсч байна. Тийм учраас, бусад орнууд шиг яг эмэгтэйчүүд, ээжүүд рүүгээ хандсан арга хэмжээнүүдийг авмаар байгаа юм. Наад зах нь хүнсний талон, ээжүүдийг дэмжсэн бусад хөтөлбөрүүд байж болохоор байна. Жишээлбэл, ажлын байр хомс, ажилдаа явах боломжгүй болчихсон түр зуур гэртээ суух шаардлагатай болсон ээжүүдэд цахим технологийг ашиглаад бүтээлч санаанууд гарах боломжтой гэж бодож байна. Зарим улсууд өр зээлээ төлөх хөрвөх чадварт нь дэмжлэг болох бага хэмжээний бэлэн мөнгө өгч байна. Хөрвөх чадвар гэдэг нь орлого нь одоо орж ирэх боломжгүй, гэхдээ зээл төлөлт нь тулгамдсан тохиолдолд авах арга хэмжээ гэсэн үг.

-Засгийн газар 2012 оноос хойш нийт долоон бонд гаргаж, долоон их наяд гаруй төгрөг босгосон. Ирэх оноос бондуудын эргэн төлөлт эхэлнэ. Тэдгээрийг төлөх боломж манайд ер нь байна уу?

-Хэцүү шүү дээ. Манай зээлжих зэрэглэл хэрвээ муудаад эхэлвэл өрийг өрөөр л төлж байгаа үед хүүгийн зардал улам өснө гэсэн л үг. Олон улсын зах зээл дээр доллараар бонд гаргачихвал дахиад л бас ханшийн асуудал үүснэ.

-Халдвар тархсан улсууд иргэддээ чиглэсэн өөр ямар арга хэмжээнүүд авч байна вэ? Манайх юун дээр анхаарал зохих вэ?

-Дээр товч дурдсанаас гадна нэмж хэлэхэд зарим улсууд аливаа дэмжлэг үзүүлэхдээ бидний яриад байгаа эмзэг бүлгийнхэн буюу ганц бие, өрх толгойлсон ээж аав, залуучууд, боловсрол муутай, ядуурлын түвшинд очсон хүмүүс, нялх хүүхдүүдтэй залуу хосууд гэх мэт энэ хүмүүсээ илүү анхаарч байна. Зарим улс их хол байрладаг айл өрхүүдэд хүнсийг нь хүргэж өгөх үйлчилгээ хүртэл үзүүлж байна. Манай тохиолдолд коронавирусийн тархалт харьцангуй маш бага байгаа учраас одоохондоо шаардлагагүй. Энэ нь өвчний тархалт ихтэй улсуудад авч байгаа арга хэмжээ. Сувилахуй, анагаахын чиглэлд ажиллаж байгаа хүмүүсийн гуравны хоёр нь эмэгтэй хүмүүс. Тэднийгээ илүү их анхаарах асуудал яригдаж байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн нэлээд хувь нь эмэгтэйчүүд байгаа. Эд нартаа алдагдсан орлого дээр нь илүү дэмжлэг үзүүлэх зорилгоор маш хөнгөлөлттэй зээл олгож байна. Манайд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж бий, маш их асуудал дагуулсан.

Орлого өндөртэй, тогтсон бизнестэй хүмүүс, УИХ-ын гишүүд, эрх мэдэлтнүүд, шийдвэр гаргагчид өөрсдөө жилийн гуравхан хувийн хүүтэй зээл авсан байсан. Одоо энийгээ гол зорилтот бүлгүүдэд олгож эхлэх, түүн дотор эмэгтэйчүүдийг илүү харгалзаж үзэх хэрэгтэй. Энэ мэтчилэн санхүүгийн хувьд хамгаалсан бодлогууд л чухал хэрэгтэй байна.

-Зарим хүн мөнгө хэвлэх боломжтой гэдэг байр суурь илэрхийлэх болж. Харин та?

-Мөнгө хэвлэнэ гэдэг инфляцийг маш их хөөрөгдөнө. Эргээд макро эдийн засгийнхаа нөхцөл байдалд ачаалал үүсгэх учраас бид дэмжихгүй байгаа. Арилжааны банкуудын зайлшгүй байлгах нөөцийн хэмжээг 8.5 хувь болгосон нь зөрүү 1.5 хувь зах зээл рүү гарах нь. Мөнгөний нийлүүлэлт, зээлийн эх үүсвэрийг нэмэх энэ шийдвэр чухал. Бодлогын хүүг илүү бууруулж нэг оронтой тоо руу оруулах ёстой байсан болов уу гэж үзэж байгаа. Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсон. Үүнийг сунгах талаар бас хэлэлцэх ёстой байх. Бусад донор улс, олон улсын байгууллагуудын үзүүлж буй хөнгөлөлттэй зээл, тусламжийг яг зорилтот арга хэмжээнүүдэд зарцуулах шаардлага байгаа гэж бодож байна. Ер нь төвлөрч болох бүх нөөц хөрөнгө боломжуудыг боломжит зах зээл дээр нь байршуулахаас өөр аргагүй нөхцөл тулгамдчихаад байгаа шүү дээ.

-Бид цар тахлын энэ үед эдийн засаг, улс төрийн ямар соёлтой байх ёстой вэ?

-Ер нь аль болохоор зарцуулалтыг оновчтой зөв байлгах, улс төрийн оноо хайсан явдлыг багасгах, хамгийн гол нь хүнээ бодсон, хүнээ дээдэлсэн, хүндээ хүрэх шийдвэрүүд гаргах ёстой. Хүн гэдэг чинь өөрөө иргэн, аж ахуйн нэгж, гэр бүлүүд буюу энэ нийгмийн гол бүрдэл. Хүний амьжиргаанд хүрсэн арга хэмжээнүүдийг авч, байнгын анализ тооцоо, дүн шинжилгээ, мониторинг хийх нь чухал гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж