"Дугаарын хязгаарлалт хийвэл автобусанд бөөгнөрөл үүснэ"

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

"Дугаарын хязгаарлалт хийвэл автобусанд бөөгнөрөл үүснэ"

"Дугаарын хязгаарлалт хийвэл автобусанд бөөгнөрөл үүснэ"

Өнгөрөгч амралтын өдрөөр монголчууд үндсэндээ амарсангүй. Учир нь ням гаригт /2020.04.12/ Онцгой байдлын Ерөнхий газрын /ОБЕГ/ дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийх үеэр “УОК-оос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт автомашины дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх үүрэг чиглэл өгсөн” хэмээн ярьсан нь иргэдийг ёстой л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг “бужигнуулав”.

Төд удалгүй Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудастаа “Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй. Шуурхай штабын зүгээс хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй. Бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Улаанбаатар хотын Засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа” гэдгийг  мэдэгдэх нь тэр. 

Дээрх хоёр мэдээллийн алинд нь итгэх ёстой  вэ хэмээн бухимдацгаасан иргэдийг тайвшруулахаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба, Тээврийн цагдаагийн албанаас удаа дараа мэдэгдэл хийж, тэгш, сондгойгоор явуулах албан ёсны шийдвэр гараагүй хэмээн үгүйсгэсэн ч иргэдийн хувьд ОБЕГ-ын байр суурь хачирхалтай хэвээр хоцорлоо. 

Харин дээрх үйл явдлаас харахад УОК дээр яригдаж, улмаар ОБЕГ-т байрлах Шуурхай штабаас гарч байгаа мэдээлэлд Засгийн газар хяналт тавьж чадахгүй байгаа бололтой.

Хотын дарга С.Амарсайхан  өчигдөр /2020.04.13/ дахин мэдээлэл хийн   “УОК-оос аймаг, нийслэлийн  засаг дарга нарт  авто машиныг тэгш сондгойгоор хэрэгжүүлэх санал ирсэн. Санал нь судлагдаж байна” гэв.

Тиймээс иргэдийн хувьд автомашины тэгш сондгойгоор хязгаарлалт хийх талаар ямар бодолтой байгааг сонирхлоо.

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ УЛАМ ЧАНГАТГАХ ЁСТОЙ

Иргэн Д.Цэндсүрэн  “Хөдөө орон нутагт автомашин бага,  такси унаа цөөн байхад тэгш сондгойгоор явна гэдэг нь ямарч утгагүй хэрэг. Хэрэв хязгаарлалт хийхээр болбол нийслэлд  ажилдаа явах хүмүүс нь автобусанд бөөгнөрөх эсвэл  гадуур алхах нь ихсэж цөөн хүмүүс л таксигаар үйлчлүүлэх байх. Гэхдээ хязгаарлалт хийхээс илүүтэй хүмүүст анхааруулга, сэрэмжлүүлэг өгвөл зүгээр санагдаж байна. Хүмүүс бүр дөжирчих шиг боллоо. Гадаа гудам ч, албан газруудад ч, эргэн тойронд амны хаалтгүй иргэд их болж. Үүнээс харахад хорио цээрийн дэглэмийг улам чангатгах ёстой гэж бодож байна” гэв


ТҮГЖРЭЛ ҮҮСЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙГАА УЧРААС ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ДЭМЖИЖ БАЙНА

Иргэн Б.Оюунсүрэн “Сүүлийн үед автомашины хөдөлгөөн ихсээд түгжрэл үүсэх хандлагатай байгаа учраас дугаарын хязгаарлалтыг дэмжиж байна. Ер нь өөрийн  машинаараа  очиж хүмүүстэй  уулзаж явах нь өөрөө  маш том эрсдэл дагуулна.  Түүний оронд автобусанд маскаа сайн зүүж, цонхоо сайн нээгээд, гартаа бээлий өмсөөд явбал эрсдэл бага. Үүнээс гадна барааны дэлгүүрүүдийн цагийн хуваарийг өдөр 12.00- 21.00 болгочих юм бол түгжрэл аяндаа алга болчих байх.  Манай үйлчилгээний байгууллагууд төрийн байгууллагатай адил цагийн хувиараар ажилладаг.  Захуудыг өдөр онгойлгоод оройхон хаагаад үзэх хэрэгтэй” гэв.


МАШИНАА ТАВИАД АВТОБУСААР ЯВ ГЭДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ

Иргэн Г.Гарьд “ Би хувьдаа дугаарын хязгаарлалтыг дэмжихгүй байна. Хоёр хүн цугларвал бөөгнөрөл  үүснэ  гэж үзээд  байгаа мөртлөө машинаа тавиад автобусаар яв гэдэг нь ямар учиртай юм.  Автобусаар явснаас хувийн машиндаа ганцаараа явсан нь хамаагүй аюулгүй шүү дээ. Өдөр бүр уулзах хүний тоог 80 хувь багасгах хэрэгтэй гэж Токиод хэлж байхад манайх автобусандаа бөөгнөрөл үүсгэх нь эрсдэл өндөр. Тэгээд муугаар бодоход дотроосоо халдвар илэрвэл яана вэ. Хэн хариуцлага хүлээх юм" гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж