Коронавирусийн халдвар гамшгийн хэмжээнд хүрч, дэлхий даяар ганцхан хоногт мянга, мянган хүн амь насаа алдсаар байна. Итали, АНУ, Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс оронд өвчлөл, нас баралт хамгийн өндөр байгааг ДЭМБ-аас өдөр бүр анхааруулж байгаа. Цар тахлын өмнө хүн төрөлхтөн өвдөг сөхөрч буй энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрт үхэл амьдралыг шийдэх амьсгалын аппарат хамгийн эрэлттэй бас дутагдалтай байна. Итали улсад амьсгалын аппаратууд нь хүрэлцээгүйн улмаас эмч нар өвчтөнүүдээсээ хэнийг нь амьсгалын аппаратад оруулж, амь насыг нь аврах, хэнийг нөгөө ертөнцөд явуулах асар хүнд сонголтуудыг хором тутам хийж байгаа. Коронавирусийн халдвар авсан Италийн иргэн 72 настай лам Жюсэппэ Берардел өөрөө хүнд өвдсөн ч амьсгалын аппаратаа өөр залуу хүнд өгч, амь насаа алдсан зүрх шимшрүүлсэн тохиолдол гарчээ.
Монгол Улсын хувьд коронавирусийн батлагдсан 17 тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Эдгээр нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Харин улсын хэмжээнд халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй, монгол хүн өвдөөгүйг Эрүүл мэндийн яамнаас тодотгож буй. Гэсэн ч бид тайвширах бус сонор сэрэмжээ алдаж болохгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулж байгаа. Хэрэв байдал муугаар эргэж, коронавирусийн халдвар улсын хэмжээнд тархвал хүн бүрт эмнэлгийн тусламж үзүүлэх амьсгал дэмжих аппарат хүрэлцээтэй юу гэдэг асуудал анхаарал татах асуудлын нэг яах аргагүй мөн.
ХӨСҮТ: УУШГИ ЗҮРХИЙГ ОРЛОХООР ҮНЭТЭЙ АППАРАТ БАЙХГҮЙ
ХӨСҮТ-д гэхэд өнөөдрийн байдлаар амьсгал дэмжих 20 аппарат байгаа аж. Байдал бишидвэл, коронавирусийг дарангуйлж, хүчийг нь сулруулдаг “авиган” эмийн хүрэлцээ болон тоног төхөөрөмжийн хангамж хэр байгааг эмнэлгийн захирал Д.Нямхүүгээс тодруулахад “Авиган эмийг эмчийн заавраар коронавирусийн халдвараар өвчилсөн өвчтөнүүдэд өгч байгаа. Авиган бол коронавирусийг дарангуйлах эмчилгээнд сайн үр дүн өгч буй Японы эрдэмтдийн гарган авсан эм юм. Эмний хэрэгцээ болон хүрэлцээ хангалттай байна. Японоос дахин худалдан авах шаардлагагүй. Амьсгал дэмжих аппарат, рентген аппаратын хүрэлцээ хангалттай байгаа. Гэхдээ уушиг зүрхийг орлохоор үнэтэй аппарат орж ирээгүй” гэлээ.
ХҮН БҮРТ ЗОРИУЛСАН ОРНЫ ТООГООР АМЬСГАЛЫН АППАРАТ ХҮРЭЛЦЭХГҮЙ
Нийслэлийн есөн дүүргийн эмнэлгүүдээс Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд амьсгал дэмжих аппарат, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хүрэлцээний талаар тодруулахад хангалтгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм. Тус дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Балдандугар “Энгийн үед амьсгал дэмжих аппарат, рентген аппарат хүрэлцээтэй. Одоогоор эмнэлгийн төвлөрсөн гурван хэсэгт л рентген болон амьсгал дэмжих, зөөврийн аппаратаар хангагдсан. Хэрэв амьсгалын замын өвчлөл ихсэх, коронавирусийн халдварын үед хүн бүрийн орны дэргэд байрлах амьсгалын аппарат байхгүй. Эмнэлгийн орны тоогоор хүн бүрт зориулж тоног төхөөрөмж бэлдэнэ гэвэл хүндрэлтэй. Энэ нь зөвхөн манай эмнэлэгт биш улсын хэмжээнд их дутагдалтай байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад тухайн өвчтөнд зориулсан тоног төхөөрөмж нь тус бүрдээ байхаар бэлтгэж байна. Гэхдээ бид өөрсдийн нөөц боломжийн хэрээр тоног төхөөрөмжөө ашиглаж байна. Ер нь цаашид нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн юм.
КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ТАРХСАН НӨХЦӨЛД 1000 АППАРАТ АШИГЛАНА
Эрүүл мэндийн байгууллагуудад амьсгал дэмжих аппарат болон рентген аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээ улсын хэмжээнд хангаллтай байгаа юу гэдгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаас тодрууллаа.
–Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад амьсгал дэмжих аппарат, рентген аппаратын хангамж хүрэлцээ хэр байна вэ?
-Та бүхний мэдэж байгаачлан коронавирусийн халдварын үед уушгины оношилгоо, амьсгалын замыг дэмжих эмчилгээ оношилгооны аппарат тоног төхөөрөмж үнэхээр шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 425 гаруй амьсгалын аппарат нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн эмнэлгүүдэд байна. Хамгийн сүүлд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр нийт 72 ширхэг амьсгалын аппарат авч, нийслэл, орон нутагт нэн шаардлагатай эмнэлгүүдэд хуваарилсан. Тухайлбал, "Цахим эрүүл мэнд" төслийн хүрээнд энэ сарын 13-нд 21 аймаг есөн дүүргийн нэгдсэн эмнэлэгт уушгины оношилгоонд маш чухал үүрэгтэй рентген аппаратуудыг хуваариллаа.
Ялангуяа зөөврийн рентген аппарат бол хүнд өвчтөн, мэс засалд орж буй уушгины хүнд үрэвсэлтэй өвчтөнүүдийг үзэх боломж бүрдэж байгаа юм. Цаашид нэмэлтээр амьсгал дэмжих аппарат, рентген аппарат 425 ширхгийг тусламжаар авахаар төлөвлөсөн.
Хэрэв коронавирусийн халдвар тархсан нөхцөлд нийт хэрэглээний 70 гаруй хувийг ердийн эмчилгээнээс шилжүүлэн ашиглахаар тооцсон.
Ер нь улсын хэмжээнд мянга орчим амьсгал дэмжих болон уушгины оношилгоонд чухал үүрэгтэй рентген аппарат байх нь зүйтэй гэж үзэж байна.
-Тусламжаар авч буй тоног төхөөрөмжийн хангалт нийлүүлэлт бүрэн хангагдсан уу. Хэрэв муугаар бодоход халдвар тархаж өвчлөлийн тоо нэмэгдэхэд эмнэлгүүдэд амьсгал дэмжих аппарат, уушгины оношилгоонд чухал үүрэгтэй рентген аппарат хүрэлцэх үү?
–Одоогоор эмнэлгийн тоног төхөөрөмжүүд бүрэн хангагдсан гэж хэлэхгүй. Ер нь аль ч хөгжилтэй орны эрүүл мэндийн салбарт бүх хүнд шаардлагатай тоног төхөөрөмж бүрэн хангагдсан байдаггүй. Монгол Улсын хэмжээнд урьд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа нь сайн талтай.
Нөгөө талаас коронавирусийн халдвар тархлаа гэхэд бид нөөц боломжийнхоо хэрээр иргэддээ тусламж үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Харин эмнэлгүүдийн тоног төхөөрөмж хангалттай гэдэг үгийг хэлж чадахгүй.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 415 орыг бүрэн тоноглоно. Одоогоор 278 ор тоноглоод байна. Нэг үетэй харьцуулахад эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн хангалт сайн байгаа. Бид 21 аймаг, есөн дүүрэгт шаардлагатай гэсэн амьсгалын аппарат, рентген аппарат дуслын шахуурга, хүчил төрөгчийн аппарат, тарианы шахуурга зэрэг бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хуваарилсан. Коронавируст халдвар гарлаа гэхэд эдгээр тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслүүдийг хилийн боомтууд дахь ойролцоо эмнэлэг, 21 аймгийн сум өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн есөн дүүргийн эмнэлгүүдэд нийлүүлсэн. Гэхдээ хүн бүрт хүрэлцээтэй байхаар тоног төхөөрөмж хангалттай гэж хэлэхгүй ч мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээ боломжийн түвшинд хангаж байна.
–Одоо нэн шаардлагатай байгаа амьсгал дэмжих аппарат, зөөврийн рентген аппаратын хүрэлцээг хангахад хэчнээн тэрбумын хөрөнгө оруулалт нэмэлтээр шаардлагатай байна вэ?
–Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 6.8 тэрбумыг эрүүл мэндийн салбарт баталсан. Энэ төсөвт зөвхөн тоног төхөөрөмж биш эм, эмнэлгийн хэрэгсэл /амны хаалт, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, эм тариа/ эмч нарын илүү цагийн хөлс зэрэг зардал багтсан. Хамгийн сүүлд, 27 сая ам.долларыг зөвхөн коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжид Сангийн яамтай хамтран Дэлхийн банкны төслөөс Эрүүл мэндийн яаманд шийдвэрлэж байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас 50 сая ам.долларыг эмнэлгийн тоног төхөөрөмжид зарцуулсан. Одоо 30 сая доллар зарцуулахаар төлөвлөөд байна.
-Коронавирусийг дарангуйлах хүчтэй авиган эмийг манай улсад ашиглаж эхэлсэн. Эмийн хүрэлцээ хэр байна вэ. Ямар үед хэрэглэх вэ?
–ДЭМБ-аас авиган эмийг коронавируст өвчний үед хамгийн үр дүнтэй болохыг нь тогтоосон. Энэхүү эмийг бид Японоос шууд худалдан авалт хийж, коронавирусийн халдвараар өвчилсөн 17 хүнд хэрэглэж байна.
Нийтдээ 400 гаруй сая төгрөг зарцуулсан. Цаашид өвчлөл ямар хэмжээнд хүрэхийг хэлж мэдэхгүй.
Тиймээс эм тариагаа нөөцөлсөн. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж буй санхүүжилтийг коронавируст шаардлагатай бүх эм эмнэлгийн хэрэгсэлд зарцуулж байна. Ийнхүү бүхэл бүтэн улсад уушиг, зүрх орлуулагч ганц байхгүй нь харамсмаар. Сайд, дарга нарын жил тутам сольж унадаг жипний үнэтэй болохоор арга байж уу. Эрх баригчид унаж буй жипээ зараад эрүүл мэндийн салбартаа ганц уушиг орлуулагч аваад өгчихвөл олон хүнд буян болно доо.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ