Анхаар, амны хаалтаа зүү, тахал биднийг ангуучлахад бэлэн байна!

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Анхаар, амны хаалтаа зүү, тахал биднийг ангуучлахад бэлэн байна!

Анхаар, амны хаалтаа зүү, тахал биднийг ангуучлахад бэлэн байна!

Хятадын Ухань хотод анх дэлгэрсэн коронавирусийн тархалт дэлхийн өнцөг булан бүрт "зөөвөрлөгдөж" байна.  “Амны хаалтаа зүүж, ариун цэврийг сахих, халдвар гарсан бүсээс ирсэн бол өөрийгөө 14 хоног тусгаарлах” зааврыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Эрүүл мэндийн яам, Засгийн газар, холбогдох байгууллагуудаас өгч,  төр засгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч буй. Гэвч, цаг агаар дулаарах тусам  монголчуудын анхаарал суларч, амны хаалтаа зүүхгүй хэнэггүйтэж  эхэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэд амны хаалт  зүүх нь "Өөрийгөө болон хайртай бүхнээ, эх орноо хамгаалах  явдал" гэж  олон нийтэд байнга сануулж,  шинэ коронавирусийн  дэгдэлт  4-5 сард оргил үедээ хүрнэ гэсэн таамгийг дэвшүүлэх болсон. Дэлхийн олон улсад нэг өдөрт хэдэн мянгаараа цар тахлаар халдварлаж, олон зуугаараа үхэж байгаа энэ үед монголчууд хэзээ мөдгүй тэсрэх бөмбөгөн дээр амьдарч байна гэсэн үг. 

Гэтэл хүүхдээ дагуулсан, амны хаалтаа зүүгээгүй иргэд олширч, гудамж талбайд хөл хөдөлгөөн ихсэж байна. Энэ бол цар тахал. Монгол дотроосоо коронавирус халдварлаагүй гээд тайвшрах асуудал огтоос биш. Өвчин, тахал, үхэл зовлон монголчуудын үүдэн дээр отоод сууж байгааг сана. Гэтэл нэг хүний хэнэггүйтэл улс үндэстэнд ямар гай тарихыг бидний нүдэн дээр өрнөж буй дэлхийн улс орнуудад нүүрлэсэн гамшиг харуулж байна. 

Тиймээс иргэдээ тайвширч, хэнэггүйтэж болохгүйг анхааруулж,  Улсын Онцгой комиссоос /УОК/ "Амны хаалтаа зүүцгээе" аян өрнүүлэх шийдвэр гарч тус аяныг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-нийг дуустал улс орон даяар зохион байгуулахаар болсон.  Төр засаг нь өөрсдийнх нь амь насыг аврахын төлөө зүтгэж, хичээж, эрүүл мэндийн салбарынхан амрах сөхөөгүй ажиллаж байхад иргэд бид ч дор бүрнээ хариуцлагатай байх учиртай. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүний эрхээс илүү иргэний үүрэг хариуцлагыг хөндөх цаг ирсэн. Энэ нь үүргээ биелүүлээгүй иргэнд ҮҮРЭХ хариуцлагыг нь тооцох ёстой гэсэн үг. 

ТЭГВЭЛ АМНЫ ХААЛТ ЗҮҮГЭЭГҮЙ ИРГЭДЭД  ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ?

Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хоёрдугаар сарын 17-нд мэдээлэл хийхдээ “Амны хаалт зүүгээгүй, нус цэрээ хаяжи байгаа иргэдэд эргүүлүүд шаардлага тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл,  эрх бүхий байцаагч нар шаардлага тавин амны хаалт зүүгээгүй иргэнд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна”гэсэн юм.

Гэсэн ч өнөөдрийг хүртэл  амны хаалт зүүгээгүй ганц иргэнд хариуцлага тооцоогүй байна. Гэтэл гадуур амны хаалт зүүгээгүй иргэд улам олширох болсон.  Цар тахлын үед төрийн анхааруулга санамжийг зөрчиж, амны хаалт зүүхгүй яваа иргэнд хариуцлага тооцоё гэхээр Зөрчлийн тухай хуульд ийм заалт байхгүй. Бусад хуульд ч ийм зохицуулалт байхгүй. Тиймээс Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулж, цоорхой үүссэн асуудлуудыг журамлахаар шийджээ.

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМД  АМНЫ ХААЛТЫГ  ЗҮҮХ ЁСТОЙ ГЭСЭН ХЭМ, ХЭМЖЭЭГ ТОГТООЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Цагдаагийн Ерөнхий газрын нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ч.Чинбат хэлэхдээЗөрчлийн тухай хуульд амны хаалт зүүгээгүй иргэдийг торгох заалт байхгүй учраас цагдаагийн байгууллага өнөөдрийг хүртэл иргэдэд амны хаалтаа зүүхийг зөвлөж ирсэн.

Хэрэв УОКоос хорио цээрийн дэглэмд иргэд амны хаалтыг заавал зүүх ёстой гэсэн хэм, хэмжээг тогтоож өгвөл тэдгээр хүмүүст хариуцлага тооцох боломжтой болно. Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн  нэг дэх хэсэгт  зааснаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн гэх шалтгаанаар амны хаалт зүүгээгүй иргэн тус бүрийг  150 мянган төгрөгөөр торгож  хариуцлага тооцох юм. 

Одоогоор ямар ч  хуулийн заалт байхгүй учраас амны хаалт зүүгээгүй иргэдийг  торгох ямар ч боломжгүй. Учир нь аливаа зөрчил гэдэг нь Зөрчлийн тухай хуульд заасан  зөрчил болон бусад захиргааны актуудаар тогтоогддог. УОК өнгөрсөн хоёрдугаар сард цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарган, хот руу орж гарах хөдөлгөөнийг хязгаарлан  хорио цээрийн дэглэмд шилжсэн. Тухайн үед орон нутгаас нийслэл хот руу хулгайн замаар явахыг завдсан жолооч нар болон бусад зөрчил гаргасан  иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн  нэг дэх хэсэгт  зааснаар хариуцлага тооцсон” гэв.

Ерөнхийдөө аливаа нэгэн  хуулийн зүйл,  заалтыг үндэслэн иргэдэд шаардлага тавих ёстой төрийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд хүчгүйдэж байсан нь  ийнхүү харагдаж байгаа юм.

ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАНА

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа юм байна. Уг  хууль удахгүй УИХ-аар батлагдана. Дээрх хуульд коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбоотой болон дагаж мөрдөх бүхий л асуудлыг хуульчлан тусгах аж.  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Амны хаалт зүүхгүй байгаа хүнийг торгодог арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Эрсдэлийн судалгааг  арван байгууллага хийж, халдвар тархах магадлал маш өндөр гэсэн дүгнэлт гарсан. Бид эрсдэл дунд байна. Амны хаалтаа зүүцгээе, гараа угааж, шаардлагагүй бол гадуур явахгүй байя гэсэн уриалгыг дахин дахин дэвшүүлж байна" гэжээ. Тиймээс амны хаалтаа зүүхгүй байгаа иргэдийг  торгох зэрэг хуулийн зохицуулалтыг Цар тахлын эсрэг хуульд оруулахаар болжээ.

ЗӨРЧИЛ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА ХЯНАЛТ ТАВИНА

 Хотын дарга С.Амарсайханы хэлснээр хороо дүүргийн 1700 гаруй хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж, иргэдэд хяналт тавих аж.   Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 6790 албан хаагчид эргүүлээр ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтыг хэрэглэж хэвших болон хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөж байгаа юм байна. Нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулах бэлтгэл ажлыг хангаж дууссан бөгөөд энэ сарын 15-наас эхэлж ажиллах аж. Өнөөдрийн байдлаар 180 гаруй олон нийтийн цагдаа ажилладаг байна. Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй аж. Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллахыг хотын дарга анхааруулсан.  Цар тахлын хууль батлагдсанаар төрөөс өгч байгаа анхааруулга, зөвлөмжийг үл тоовол олон нийтийн цагдаа хяналт, хариуцлага тооцох эрхтэй болно гэсэн үг юм.

Тахал баян, ядуу гэж хэнийг ч ялгахгүйтэй адил Монгол Улс дотроосоо  коронавирусийн халдвар тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Ийм байхад нэг хүний хэнэггүй зан, тэнэг үйлдлээс болж нийт хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд асуудал үүсч болзошгүй.  Тиймээс хүн бүр ухамсартай байж, аюулт өвчнөөс сэргийлэх дэглэмийг өдөр бүр алгасалгүй мөрдөх шаардлагатай байна.

Дэглэм мөрдөөгүй цагт хэчнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө, Европын орнуудаас хангалттай харсан. Иймээс сүржигнэлээ гэж бодолгүй, дор бүрнээ ухамсартай хандаж, аюулт өвчнөөс сэргийлэхгүй бол тахал та биднийг ангуучлаад эхэлж мэднэ. Анхаар, тахал биднийг ангуучлахаар аль хэдийн зөөвөрлөгдөөд ороод ирснийг!!!

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж