Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч МАН-ынхантай “үзэлцсээр” гурван жилийг ардаа орхижээ. УИХ-ыг тараах санал гаргаж, гаргасан шийдвэрт нь хориг тавина гээд ямар нэг байдлаар эсэргүүцсээр иржээ. Бүр нэг сайд, түүний төсөв дээр гэхэд найман удаа хориг тавьсан байх жишээтэй. Түүгээр зогсохгүй Ерөнхийлөгч томилогдсоныхоо дараагаас эхлэн энэ УИХ-ыг чадамжгүй учраас тарах саналыг хэд хэдэн удаа тавьж байв. Хамгийн анх 2018 оны аравдугаар сард “Энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлж байв. Түүнээс хойш хэд хэдэн удаа чуулганы индер дээрээс УИХ-ыг тарахыг анхааруулж байв.
Сүүлийн үед Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах саналыг идэвхийлэн гаргах болов. Ингэхдээ бүр санал асуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын вэб сайтаар дамжуулан зохион байгуулжээ. Энэхүү санал асуулгад оролцсон нийт иргэдийн 52 хувь нь сонгуульд санал өгөхгүй гэсэн бол 48 хувь нь саналаа өгнө гэж илэрхийлжээ. Мэдээж дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед олон хүнийг нэг дор цуглуулахгүй байх, халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх нь зүйн хэрэг ч Засгийн газар, УИХ-ын зүгээс ээлжит сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй хэмээн хэлж, тайлбарлаж буй.
Ерөнхийлөгч бол улс орны эв нэгдлийг хангагч байх ёстой, ийм ч үүрэгтэй. Гэвч УИХ-ыг тараах, УИХ-ын аливаа шийдвэрт хориг тавих, ээлжит сонгуулийг хойшлуулах зэрэг идэвх санаачлага гаргаж, өөрөө “гардаж” илэрхийлэх нь зүйд нийцэхгүй баймаар. Мэдээж цар тахлаас үүдээд цаг үе нь эвгүйтвэл УИХ өөрөө ээлжит сонгуулийг хойшлуулах эсэхийг шийдвэрлэнэ. Тийм эрх нь ч УИХ-д бий. Гэтэл Ерөнхийлөгч яагаад идэвхийлэн санаачлагч нь байгаад байна вэ, энэ парламентыг, энэ УИХ-ыг эсэргүүцэх нь Ерөнхийлөгчийн “мөнхийн хүсэл” биш байлтай.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ