Сураг ажиг: Цэцийн гишүүн болох тохироо ба горилогчид

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Сураг ажиг: Цэцийн гишүүн болох тохироо ба горилогчид

Сураг ажиг: Цэцийн гишүүн болох тохироо ба горилогчид

Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод таван сар өнгөрчээ.  Тодруулбал, Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон.  Түүнээс хойш бүтэн таван сар болж байхад дараагийн гишүүдийг нь УИХ томилоогүй, Улсын дээд шүүх санал болгоогүй өдийг хүрэв.

ЦЭЦИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.

УИХ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн дарга Д.Одбаяр-2016.11.17-ны өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Н.Чинбат-2017.06.09-ний өдөр томилогдсон. 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд Цэцийн даргаар сонгогдсон.
  • Цэцийн гишүүн Д.Солонго-2013.12.26-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Ш.Цогтоо-2014.01.3-ны өдөр томилогдсон

Угтаа бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар урьд санал болгосон байгууллага нь дараагийн хүнийг нэр дэвшүүлж, УИХ томилох ёстой. Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүдэд нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай.

3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам:

  • Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.

Улсын дээд шүүхээс Цэцийн дараагийн гишүүдийг томилох саналыг гаргаагүй ч, албан бусаар Цэцийн гишүүнд горилж яваа хүмүүс олон байгаа сурагтай. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгч О.Зандраа,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Д.Эрдэнэчулуун, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган, Монголын Өмгөөлөгчийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганбаатар нарын долоон хүний нэр яригдаж байна. Эдгээр хүмүүсийн зүгээс Ерөнхийлөгчтэй “зөвшилцөж, тохиролцохоор” уулзалт хийж, дээгүүр доогуур гүйх болсон талаар хөшигний ард яригдаж байна. Хэдийгээр Улсын дээд шүүх санал болгох бүрэн эрхтэй ч  Ерөнхийлөгчтэй ямар нэг байдлаар “тохироогүй” хүний нэр дэвшүүлнэ гэдэг юу л бол хэмээн учир мэдэх хүмүүс жиг жуг гэлцэнэ. Тэгэхээр албан бусаар Ерөнхийлөгчтэй “тохиролцсон” хүнийг Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнд санал болгох болов уу гэсэн таамаг улс төрийн болоод хуулийн хүрээнд яригдаж байна.

Үндсэн хуулийн Цэц нийт есөн гишүүнтэй. Ерөнхийлөгчөөс гурван хүнийг санал болгож томилуулдаг бөгөөд тэрбээр 2018 онд Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нарын гурван хүнийг санал болгож томилуулж байсан. Гэвч дараагийн хоёр хүн мөн л Улсын дээд шүүхээс томилогдох бөгөөд Ерөнхийлөгчийн “захиалга” орохоос өөр сонголтгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч дэмжвэл дараагийн хоёр хүнийг томилох боломжтой болж, Ерөнхийлөгч Цэцэд таван “хүнтэй” болно гэсэн үг. Эрх баригч МАН-ынхан өөр хоорондоо хэмлэлдэх зуур Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн “мэдэлд” очлоо хэмээх яриа ч хуулийнхан дунд гарч эхэлжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж