Сонгууль-2020: Хөвсгөлд МАН хуучин бүрэлдэхүүнээр давшиж, АН сэлгэв

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

Сонгууль-2020: Хөвсгөлд МАН хуучин бүрэлдэхүүнээр давшиж, АН сэлгэв

Сонгууль-2020: Хөвсгөлд МАН хуучин бүрэлдэхүүнээр давшиж, АН сэлгэв

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 17  дугаар тойрог буюу Хөвсгөл аймгийг онцолж байна.


Шадар ван Б.Чингүнжавын төрсөн нутагт нэр дэвшин, өрсөлдөнө гэдэг зүрх зориг, стратеги шаардсан сонголт байдаг тухай улстөрчид ярьдаг. Сонгогчдод хүрч ажиллахад газар нутаг нь бартаа саадтайн дээр ард түмнийх нь тэмцэгч чанар нэр дэвшигч бүрт амаргүй сорилт илгээж иржээ. “Ялагдахдаа ч нэр төртэй ойчоорой” гэх захиасыг өмнөх үе нь хойч үедээ дайж үлдээдгийн учир нь зөвхөн нэг сонгуулийг бодож хөдөлж болдоггүй тойрог гэдгийг тодотгосон хэрэг билээ.

Монгол Улсад 1992 онд ардчилсан чөлөөт сонгууль болоход хөвсгөлчүүд Ардын их хурлын депутатаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч агсан Б.Чимид нарыг сонгосон бол 1996 онд ардчиллын туг Э.Бат-Үүл тэргүүтэй Ардчилсан холбоо эвслийг, 2004 онд Ерөнхий сайд асан М.Энхсайхан тэргүүтэй Эх орон ардчилал эвслээс нэр дэвшигчдийг УИХ-д сонгожээ.

Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар хөвсгөлчүүд хэнд итгэл үзүүлэх вэ гэдэг өнгө одоогоор тодорхойгүй ч МАН-аас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар өрсөлдөнө.

Ардчилсан намаас Монгол Улсын гавьяат хуульч агсан Б.Чимидийн хүү Ч.Батцогт, Хөвсгөл аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Баярмаа, бизнес эрхлэгч Х.Эрдэнэбаатар нар өрсөлдөх чимээ дуулдаж буй. Мөн бие дааж Монгол Улсын харцага, Босоо хөх монгол ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг өрсөлдөх шуум байна. Энэ жагсаалтад өөрчлөлт орохгүйгээр сонгуульд орвол МАН-аас нэр дэвшигчид илүү хүчтэй өрсөлдөгчид байж, хөвсгөлчүүд сонголтоо дахин баталгаажуулж болзошгүй байна.

УИХ-аас Хөвсгөл аймагт гурван мандат баталсан, нийт 140 мянга гаруй хүн амтай.  Хүн амынхаа тоогоор аймгуудыг тэргүүлдэг.

Хөвсгөлчүүд УИХ-ын 2012 оны сонгуулиас эхэлж сонголтоо өөрчилж, МАН-аас нэр дэвшигчдэд итгэл үзүүлсэн нь Хөвсгөл аймгийн Ардчилсан намын гишүүд дотооддоо хагарч, талцсан нь сонгуульд амжилтгүй оролцох үндэс болсон бол МАН-аас нэр дэвшигчид том эрх ашиг дээрээ нэгдэж чадсан байдаг.

УИХ-д хоёр удаа дараалан сонгогдсон УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хувийн хэвшлийн салбарт ажиллаж байх үеэс Хөвсгөл аймгийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох ажлыг гүйцэтгэсэн бол хатуу хучилттай авто замаар холбогдох ажил ч мөн түүний санаачлага, шахалтаар ажил хэрэг болсон юм.  Мөн УИХ-аас 2017 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл аймагт 38 сая ам.долларын төсөл хэрэгжих шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Төсөл хэрэгжсэнээр Хөвсгөл нуур орчмын экосистемийг хамгаалах, Хатгал-Жанхайн даваа-Тойлогт чиглэлийн хатуу хучилттай авто зам барих, Мөрөнгийн төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг ажлууд эхэлжээ. Тэрбээр Хөвсгөл далайн эко системийг хамгаалах асуудалд 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан үеэс анхаарал хандуулсан байдаг. Тухайлбал, хувиасаа хөрөнгө гаргаж, жил бүрийн зун нутгийн иргэдээр Хөвсгөл нуурын эргээс хог хаягдлыг цэвэрлүүлж, 2015 онд нууранд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг тогтоон, Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх бичиг баримтыг ЮНЕСКО-д хүргүүлж байв.

УИХ-аар батлуулсан хуулийн төслүүдээс нь онцолбол, Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 1995 -2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломжийг бүрдүүлсэн бол нэр бүхий гишүүдийн хамтаар Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах тухай хуулийг санаачлан, УИХ-аар батлуулсан нь энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар УИХ-д анх удаа сонгогдсон ч хуулийн төсөл дээр түлхүү ажилласан байдаг. Улсын бүртгэлийн тухай хуулийг шинэчлэхэд голлон ажилласан гэж хэлж болно. Уг хууль шинэчлэгдэн батлагдсанаар төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхдэггүй болсон. Нөгөөтэйгүүр, төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх эрх зүйн орчин бүрдэж, төрийн байгууллагууд "Хур" системээр дамжуулан мэдээллээ авах бололцоо бүрдсэн юм. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Л.Мөнхбаатар гишүүн Улсын бүртгэлийн ерөнхий газрыг удирдаж байсан бөгөөд энэ нь хуулийн төслийг батлахад давуу тал болж, өмнө эхлүүлсэн олон ажлыг эрх зүйн хувьд нь баталгаажуулж өгсөн гэж тодорхойлж болно.

Тэрбээр мөн сонгогдсон цагаасаа цаатнуудын амьдрал ахуйг сайжруулах, цаа бугын тоо толгойг өсгөх чиглэлд анхаарал тавьж, ажилласаар ирсэн. УИХ-аар улсын төсөв хэлэлцэх бүрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайд хоёрын чихнээс хонх уяж, цус ойртсоноос болж цаа буга давжаарч байгааг анхаарч ОХУ-аас цаа буга авах санал ч тавьж байсан удаатай.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дээрх тойргоос бие дааж нэг, МАН-аас хоёр удаа нэр дэвшин ялалт байгуулсан. Засгийн газрын сайд болсноосоо хойш тойрогтоо ажиллах нь цөөрч, улсын ажилд илүүтэй анхаарч байна. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станцыг 2020-2024 онд төрөөс хөрөнгө гарган барихаар шийдвэрлэсэн нь ажил хэрэг болоход асуудалтай гэж үзэх хүмүүс ч байгаа. Гэхдээ сайд Ц.Даваасүрэн “Оюутолгой төсөл импортын эрчим хүчинд жилд 170-200 сая ам.доллар зарцуулдаг. Төр Тавантолгойн станцыг барьснаар зардлаа таван жилийн дотор нөхөх боломжтой” хэмээн тайлбарлаж буй.

Ардчилсан намаас өрсөлдөхөөр яригдаж буй Монгол Улсын гавьяат хуульч агсан Б.Чимидийн хүү Ч.Батцогт өмнөх УИХ-ын сонгуулиудад дээрх тойрогт нэр дэвших тухай яригддаг байсан ч нам нь дэмжлэг үзүүлсэн удаагүй.  Хуульч, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байв.

Хөвсгөл аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Баярмааг “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагаар нь нутгийнхан нь андахгүй бол Х.Эрдэнэбаатар банк бус болон каргоны бизнес эрхэлдэг нэгэн аж. Хэн, хэн нь УИХ-ын сонгуульд анхлан горилж буй. Харин бие дааж нэр дэвшиж магадгүй гэх Монгол Улсын харцага, Босоо хөх монгол ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нь тойрогтоо төдий л танил болж чадаагүй нэгэн юм байна.

Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд:

  • 1996 онд : Д.Цогбадрах, АХ эвсэл, Э.Бат-Үүл АХ эвсэл, Р.Одонбаатар АХ эвсэл, Д.Бохьшарга АХ эвсэл
  • 2000 онд: Л.Гүндалай бие дааж, Ө.Энхтүвшин МАХН, Э.Гомбожав МАХН, Л.Цэрэнжав МАХН
  • 2004 онд: Л.Гүндалай АН, О.Энхсайхан АН, М.Энхсайхан Эх орон ардчилал эвсэл, Б.Эрдэнэбат Эх орон нам
  • 2008 онд: Л.Гүндалай АН, Ц.Сэдванчиг АН, Ө.Энхтүвшин МАН, Ц.Даваасүрэн МАН
  • 2012 онд: Л.Энх-Амгалан МАН, Ц.Даваасүрэн бие даан нэр дэвшсэн
  • 2016 онд: Л.Энх-Амгалан МАН, Л.Мөнхбаатар МАН, Ц.Даваасүрэн МАН
  • 2020 онд?

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж