Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.04.13/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр нэгдүгээрт, дэлхийн томоохон хотод таваас иргэн оруулахгүй байх, өрхөөс нэг хүнийг дэлгүүр оруулах, тэжээвэр амьтныг салхинд гаргахаас бусад хөдөлгөөнийг чанд хатуу хориглосон. Нийслэл хотын иргэдийн хувьд аль болох, ямар нэгэн хориг саад тавихгүй байх байр суурь баримталж байгаа ч анхаарал сулруулахгүй байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, давхардсан байдлаар 6790 алба хаагч 24 цагийн бусад хэлбэрээр цагаа зохицуулан ажиллаж байна. Нийслэлийн орох гарах есөн товчоонд 118 хүн байнгын хяналт тавьж байна. Өчигдөр 85 мянган иргэн Улаанбаатар хотоос орсон, гарсан тоон мэдээлэл байна. Эдгээр мэдээллийг авч байгаа шалтгаан нь ямар төрлийн оршин суугч, хаана очиж байгааг хянаж байна. Мэдээллийн санг цахимаар бүрдүүлж байна.
Хоёрдугаарт, ДЭМБ-аас анхааруулж байгаачлан дөрөв, тавдугаар сард урин дулаан цаг ирснээр иргэд агаар салхинд гарах, нэг дор цугларах эрсдэл үүсгэж байна. Иргэдээс заал, фитнесээ нээх, худалдааны байгууллагыг цагийн хуваарийг нээж өгөх санал маш их ирж байна. Иргэдийн хүндрэл бэрхшээл, нөхцөлийг бид маш сайн ойлгож байна. Бид өнгөрсөн саруудад тэвчээртэй хандаж ирсний үр дүнд бусад орнуудтай харьцуулахад дотоодод халдвар тархаагүй байна. Гэвч дотоодод биднээс үл шалтгаалах зүйлсээр халдвар гарах магадлал их байна. Тиймээс иргэн бүр өөрийн эрхийг ухамсарлах хэрэгтэй. Таны эрхийг хязгаарлаж байгаа мэт боловч бусдын эрх яригдаж байгааг иргэд ойлгож байгаад эргэлзэхгүй байна. Дахиад бид хоёр гурван сар тэвчээд байх юм бол дараагийн олон жил сайн сайхан байдлыг бүрдүүлнэ гэдэг эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөө заавар журам, байгаа боломжоо дайчлах нь бидний цорын ганц зам юм.
Гуравдугаарт, ой хээрийн болон шар өвсний гал түймэр нийслэлд хэд хэд гарсан. Зуслангийн чиглэлд хуваарилан ажиллаж байгаа. Түймрээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг зохион байгуулж байна. Өнгөрөгч тав хоногийн хугацаанд 56 удаагийн өнжмөл өвсний түймэр гарч НОБГ-аас бүрэн унтраасан. Иймд нийслэлийн иргэд бусдад эрсдэл үүсгэхгүй байх, гал түймрийн аюул ослоос алхаа гишгээ бүртээ анхаарах ёстой.
ГУДАМЖ ТАЛБАЙД ШҮЛС НУС ЦЭРЭЭ ХАЯСАН ИРГЭДИЙГ ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА ШУУД ТОРГОХ ЭРХТЭЙ БОЛНО
Дөрөвдүгээрт, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор нийслэлийн 34 байгууллагын алба хаагч зөвлөмж өгч байгаа. Энэ цаг үеэс бид өөр зохион байгуулалтад оруулж байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн цагдаагийн тоог 1700 хүнээр нэмж байгаа. Хороо, дүүрэгт хэсгийн ахлагчид бий. Хорооны хэсгийн ахлагчдыг бид олон нийтийн цагдаагаар ажиллуулна. Өнгөрөгч хоёрдугаар сараас хойш дээрх хүмүүсийг бэлдсэн. Эдгээр хүмүүс гудамж зам талбай, үйлчилгээний байгууллагад нус цэрээ хаясан хүмүүст шаардлага тавина. Мөн ил задгай бие засах болон хог хаягдлаа ил хаявал дээрх хүмүүс хариуцлага тооцно. Олон нийтийн цагдаа нар 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн ажиллана.
- Олон нийтийн цагдаа торгох хэрэгсэл, мэдээлэл дамжуулах хэрэгсэлтэй, цагдаагийн байгууллагатай бие бүрэлдэхүүн болгож ажиллана.
- Нийтийн зориулалттай орон сууцанд агсам согтуу тавьсан бусдын амар амгалан байдлыг алдагдуулсан бол цагдаагийн байгууллагаас хүч нэмэх хүртэл олон нийтийн цагдаа хууль сахиулагчийн зарим хэсгийг хэрэгжүүлнэ.
- Иргэн аж ахуй нэгж гадаад орчноо тохижуулдаггүй, хогоо ачуулахгүй, ил задгай хаядаг бол энэ хүмүүс шууд арга хэмжээ тооцно.
- Тамхи татахыг хориглосон газруудад хариуцлага тооцно.
- Зохих зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдсан дүрэм журмаас гадуур үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэрийн бүх үйл ажиллагаанд хяналт тавина.
- Гудамж талбайд шүлс нус цэрээ хаясан иргэдийг олон нийтийн цагдаа шууд торгох эрхтэй болно.
ЭНЭ САРДАА БАГТААН НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ЖОРЛОНГ АРИУТГАНА
Тавдугаарт, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хугацаанд есөн дүүргийн 173 хороонд хот тохижилтын газартай хамтран мананцар үүсгэгч авто машинаар 8419 км талбайд халдваргүйжүүлэлт хийгдсэн.
2020 оны дөрөвдүгээр сарын 3-наас өрхийн эрүүл мэндийн төв, хоол үйлчилгээний газрууд, авто тээврийн төвүүдэд халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Энэ ажил цаашаа үргэлжилнэ. Энэ сардаа багтаан нийслэлийн гэр хорооллын жорлонг ариутгах, шар усны үерээс сэргийлэх бүх ажлыг хийнэ. Хот бүгдийг хариуцахгүй. Иргэд болон ААН-ийг оролцуулна.
ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН ЯВЦ 95 ХУВЬТАЙ БАЙНА
Зургаадугаарт, эх хүүхдийн байгууламж удахгүй ашиглалтад орно. Нийслэлийн эх хүүхдийн 300 ортой орчин үеийн шаардлага хангасан. Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн. Барилгын ажил 95 хувьтай байна. Ойрын хугацаанд ашиглалтад оруулна. Ингэснээр бусад төвийн ачааллыг бууруулах боломж нь бүрдэж байна. Уржигдар бид гүйцэтгэгч компанитай уулзсан. Зөвхөн 880 ор гэхгүйгээр ямар ч зориулалтаар ашиглах боломжтой, бүх өрөө дотроо нойлтой шаардлага хангасан эмнэлэг ашиглалтад орно.
ЦЭРЭГ ТАТЛАГА БОЛОН ОЮУТАН ЦЭРГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАХГҮЙ
Долдугаарт, цэрэг татлага болон оюутан цэргийн үйл ажиллагаа явагдахгүй. Цэрэг татлагын үеэр 30 мянган иргэн цуглардаг гэсэн мэдээлэл бий.
-Авто машины дугаарыг тэгш сондгойгоор явуулах уу?
-УОК-оос аймаг, нийслэлийн засаг дарга нарт авто машиныг тэгш сондгойгоор хэрэгжүүлэх санал ирсэн. Санал нь судлагдаж байна. Хотын байр суурь иргэдийг хувийн авто машинаар зорчуулах байр суурьтай байна. Зарим албан бус саналын эцсийн шийдвэр гараагүй байхад иргэд буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье.
-Хотоос орох гарах хөдөлгөөнийг хаасан уу?
-Орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах асуудал байхгүй байгаа. Одоо орж гарч буй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ