Монгол Улс өрсөлдөх чадвараа өсгөж чадах уу

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Монгол Улс өрсөлдөх чадвараа өсгөж чадах уу

Аль ч улсад өөрийн гэ­сэн давуу тал байдаг. Тэр­хүү давуу тал нь тухайн улсын өрсөлдөх чадварыг то­дорхойлох гол нөхцөл болдог. Тэгвэл Монголын да­вуу тал юу байж таарах вэ. Уул уурхайн асар их баялаг, дэлхий дахиныг байлдан дагуулж явсан өвөг дээдсийн агуу их түүх, өргөн уудам га­зар нутаг гээд маш олон зүйлийг нэрлэж болно. Гэвч бидний өрсөлдөх чадвар жилээс жилд урагшлах бус, ухарсаар байгаа нь ха­рам­салтай. Дэлхийн эдийн засгийн форумаас улс орнуудын өрсөлдөх чад­варын индексийг жил бүр тогтоодог. Манай улс энэ онд 133 орноос сүүлээсээ 14-т бичигдсэн нь тун хангалтгүй үзүү­лэлт.

Өнгөрсөн жил 134 орноос  100-д бичигдэж бай­сан юм. Бусад улсын тухайд өрсөлдөх чадварын индек­сээрээ магнайлж явсан АНУ санхүүгийн хямралаас шалт­гаалан Швейцарийг өмнөө гишгүүлж хоёрдугаарт орсон. Харин манайхтай ойролцоо бай­сан Казахстан улс энэ жил 67 руу огцом урагшилсан байх юм.

Өрсөлдөх чадва­раа­раа уралдсан улс орнуу­дыг хөгжлийн үе шатаар нь гурав ангилдаг. Эдийн зас­гийн эхний үе шат нь Factor driven. Дараагийнх нь Efficiency driven. Харин хамгийн дээд шатыг нь Innovation driven хэмээдэг. Манай улс эхний шатанд багтаж байгаа бөгөөд байгалийн баялаг арвинтай ч чадвар дутмаг, нэмүү өртгийн бүтээмж, хө­дөлмөрийн үнэлэмж бага гэсэн ангилал аж. Хоёр дахь шатанд хамаарах улсуудын хувьд хөгжил нь тодорхой хэм­жээгээр ахиж, цалингийн хэмжээ өсч байдаг. Тэд бү­тээг­дэхүүнийхээ чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн про­цессыг илүү үр өгөөжтэй болгохыг түлхүү анхаардаг байна. Мөн дээд боловсролын чанар, хөдөлмөрийн зах зээ­лийн оновчтой зохион бай­гуулалт зэрэг нь өрсөлдөх чад­варын гол үзүүлэлт бол­дог аж. Харин хамгийн дээд шатанд хамаарч буй орнууд өндөр үр ашигтай бизнесүүдийг инновацаар удир­даж, ажиллах хүчиндээ хангалттай хэмжээний ца­лин олгодог. Мөн зөвхөн шинэ бөгөөд өвөрмөц бү­тээг­­дэхүүнээр өрсөлдөж, зах зээлийн стандартаа тог­тоодог.

Олон улсын түвшинд бид нэгэнт ийм хангалтгүй үнэл­гээ авч байгаа учраас хөг­жилд саад болж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох нь юу юунаас чухал. Манай улс институц, дэд бүтэц, макро эдийн засгийн тогтвортой бай­дал, эрүүл мэнд, ерөнхий боловсролын чанар гэсэн үндсэн шаардлагуудыг хангаж чадахгүй байгаа нь өрсөлдөх чадварын үзүүлэлтээр ухрах гол нөхцөл болсон байна. Тодруулбал, институц гэсэн дэд бүлэгт оюуны өмчийн хамгаалалт муу, олон нийтийн улс төрд итгэх итгэл сул, шүүхийн хараат бус байдал алдагдсан, Засгийн газар нь үргүй зардал их гаргадаг, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалдаггүй зэрэг дутагдал байна. Макро эдийн засгийн тухайд төсвийн алдагдлын хэмжээ их, үндэсний хадгаламжийн хүүгийн түвшин бага, инфляци өндөр, Засгийн газрын өр их гэх мэт сөрөг үзүүлэлт олон байх жишээтэй. Эдгээр нь ердөө л улс орнуудын өр­сөлдөх чадварын индексийг тодорхойлоход тавьдаг хам­гийн наад захын шаардлага гээд бодохоор эмгэнэлтэй са­нагдана. Манай улс ийм энгийн шаардлагуудыг л хан­гаж чадахгүй байгаа уч­раас урагшлахгүй байгаа хэрэг. Хэрэв хоёр дахь шат руу орж ирвэл дээд бо­ловсрол ба сургалтын чанар, бараа бүтээгдэхүүний хийгээд хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж, санхүүгийн зах зээлийн мэдлэг, туршлага, тех­нологийн бэлэн байдал зэргийг харгалзан үздэг байна. Харин дээд шатанд хамаарах улсуудыг бизнесийн мэдлэг, туршлага, маркетингийн цар хүрээ, инновацийн чадамж, институцуудын шинжлэх ухаа­ны судалгааны чанар зэ­рэг өндөр түвшний шалгуур үзүү­лэлтээр тодорхойлдог аж. Энэ бүгдээс бид өөрсдийн чадвар, боломжоос давсан том юм ярих хэрэггүй гэдэг нь ойлгогдож байна. Ялангуяа сүүлийн үед нанотехнологи, инновацийн хөгжил сэдвээр хурал, семинар их хийж бай­гаа. Үнэн хэрэгтээ өрсөлдөх чадварын үндсэн шалгуурыг биелүүлж чадахгүй байж инно­вацийн хөгжил ярих нь оновчгүй гэсэн үг. Үүний оронд баялаг бүтээх чиглэлд гол хүчээ төвлөрүүлэх шаард­лагатай аж. “Өр­сөлдөх чадвар гэдэг нь ердөө л бүтээмж” гэж Харвардын их сургуулийн профессор Майкл Портер хэлсэн удаатай. Хэ­лэх, хэлэхдээ манай улсад ирж, өрсөлдөх чадварын сэдвээр лекц уншихдаа онц­лон хэлж байлаа. Энэ эрхэм монголчуудад хандан “Та бү­хэн өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг хүсвэл юу хийх тухай бус, яаж хийхээ л бод. Басхүү байхгүй зүйлийн араас хөөцөлдөхийн оронд байгаа зүйлдээ түшиглэ” хэмээж байв. Түүний хэлснээр бол бүх зүйлийг уялдуулж хийвэл амжилтад хүрдэг. Зэрэмдэглээд байвал тийм л үр дүн хүртдэг аж. Жишээ нь, хамгийн сайн үйлчилгээ, тав тухтай зочид буудалтай байлаа ч музей нь муу, такси нь заваан бол аялал жуулчлал хэзээ ч хөгждөггүй байх жишээтэй.

Зөвхөн гадны эрдэмтэд гэлтгүй манай судлаачид ч өрсөлдөх чадвар өсөхгүй байгаа шалтгааныг оновчтой тодорхойлж, шийдвэр гаргах түвшнийхэнд үнэ цэнэтэй зөвлөгөө хангалттай өгч байгаа. Жишээ нь, манай нэртэй эдийн засагчдын нэг, профессор Ц.Даваадорж төрийн сул институцууд эдийн засгийг хяналтдаа байлгахыг хэт хичээх болсныг эрдэм шинжилгээний бүтээлүүддээ онцолдог. Тэрбээр “Засаг­лалын менежмент хэтэрхий хоцрогдсон учир төр хөрөнгө мөнгийг үр ашиггүй зарцуулж, эдийн засагт асар их дарамт үзүүлж байна” гэсэн дүгнэлт хийж байв. Үнэхээр ч манай улсын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 40 ор­чим хувийг эзэлж, тө­рийн албан хаагчдын тоо улам нэмэгдэх болсон нь социалист замаасаа бүрэн гарч чадаагүй мэт сэтгэгдэл төрүүлэх болсон. Гэвч бидэнд боломж их бий. Баялаг их, мэдлэг бага байх нь аюултай. Гэхдээ байгаа зүйлээ “чулуу болгох” ухаан байвал амар­хан урагшлах боломж бүр­дэнэ. Бидэнд өөрсдийгөө адилтгаж үзэх улс олон бий. Хэдхэн жилийн өмнө дэлхий нийтэд яг Монгол шиг үнэлэгдэж байсан Арабын нэгдсэн Эмират улс л гэхэд зөвхөн газрын тосныхоо буянаар хөгжөөгүй. Персийн булан дахь гурван сая орчим хүн амтай энэ улс бүс нутгийнхаа болон дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги боловсруулж, хэрэг­жүүлсэн байдаг. Тэд сүүлийн 10  хүрэхгүй жилийн дотор дэлхийн агаарын тээврийн сал­барт тэргүүлэгчидтэй өрсөлдөх хэм­жээ­ний “Эмирэйтс” ком­панийг байгуулж, Дубай хотыг бүс нут­гийнхаа санхүү, хөрөнгө оруулалт, мэдээллийн техно­логийн төв болгож чад­сан. Өдгөө тус улсад АНУ-ын нэр хүндтэй их сургуулиуд сал­бараа нээж, дэлхийн чинээлэг жуулчид тэр зүг хошуурч бай­на. Тэгэхээр мон­голчууд зөвхөн алт, нүүрстэй хэдэн тол­гойг ухахаас арай өөр зүйл ярих хэ­рэгтэй. Наад зах нь дэлхийн эдийн засагт томоохон байр суурь эзэлж буй Зүүн хойд Азийн авто болон төмөр зам, агаарын тээврийн сүлжээнд нэгдэж, бүс нутгийн ложистик төв бий болгож болно. Зөвхөн Хятад-Оросын худалдаа энэ онд 60 тэрбум ам.долларт хүртлээ хурдацтай өснө гэ­сэн тооцоог дэлхийн эдийн засгийн шинжээчид хийж буй. Монголчууд газар нутгийн байршлын давуу талаа ашиг­лан энэ их мөнгөнөөс хүр­тэх боломжоо алдаж яав ч болохгүй. Мөн олон сая хэ­рэглэгчтэй Япон, Өмнөд Солонгос зэрэг улсад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч орнуудад хөрсний чанар, эко­ло­гийн тэнцвэр ихээр ал­дагдаж буй. Энэ нь Монгол Улсад экологийн цэвэр хүнс­ний бүтээгдэхүүний экс­портоор ихээхэн амжилт олох ирээдүй юм. Энэ мэтээр олон зүйлийг дурьдаж бол­но. Гагцхүү шинэ цагийн мон­голчуудад шинийг сэдэж, зөв төлөвлөж, оновчтой хэ­рэг­жүүлэх  арга ухаан л хэрэг­тэй. Тийм потенциаль бидэнд бий.

 
Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж