Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо өнөөдөр /2020.04.13/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төв байранд шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хэвлэлийн хурал зохион байгуулагчдын зүгээс дэлхийн зах зээл дээр баррель газрын тос 46 ам.доллараар буураад байхад Монгол Улсад 50 төгрөгөөр буураад байна. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг 200-300 төгрөгөөр бууруулна гэж байгаа нь бодит үнийн бууралт биш” гэдгийг хэлж байв.
"ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 2420 ТӨГРӨГӨӨС 1750 ТӨГРӨГ БОЛОХ БОЛОМЖТОЙ"
Энэ үеэр Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр ярихдаа “Манай холбоо 2020 он гарснаас хойш ээлж дараатай албан бичиг, тооцоо судалгаа хийж, холбогдох байгууллагууд руу явуулсан. Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас 50, 200, 300 төгрөг гээд хоорондоо ижил бус үнийг хэлж, ард түмнийг төөрөгдүүлж байна. Шилний ар талаас мөсөн чихэр долоолгож байгаатай адилхан хууран мэхлэсэн арга хэмжээ авмааргүй байна. Бидэнд зах зээлийн тооцоо судалгаа байгаа. Сүүлийн 120 хоногт хийсэн тооцоо судалгаагаар бодож үзэхэд шатахуун, дизель түлшийг литр тутамдаа 650 төгрөгөөр бууруулах бүрэн боломжтой. Энэ графикийн дагуу Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар боддог. Энэ бол маш нууц байж ирсэн.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2020 оны нэгдүгээр сараас эрчимтэй буурч байна. Тухайн үед нэг баррель газрын тос 69 ам.доллар байсан бол одоо 23 ам.доллар болтлоо буурсан. Гэтэл манай улс өнөөдрийг хүртэл 50 төгрөгөөр бууруулахаас өөр арга хэмжээ авч чадахгүй байна. Манай улсын нийт хэрэглээний 70 хувийг дизель түлш байтал одоо хүртэл нэг ч төгрөгөөр буураагүй. Дэлхийн жишгээр дизель түлшний үнээ бууруулбал 2420 төгрөгөөс 1750 төгрөг болох боломжтой. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч тодорхой хэмжээгээр буурч, нийтийн тээврийн үнэ 100 төгрөгөөр буурах юм” гэдгийг хэлж байв.
Уг тооцооллоор бодоход өнөөдрийн ханшаар АИ-80 шатахууныг 1700 төгрөгөөр худалдаалахад 38 хувийн ашигтай, АИ-92 шатахуунаас 36.5 хувь, дизель түлшнээс 38 хувийн цэвэр ашиг олж байгаа гэдгийг танилцуулсан юм. Засгийн газар 10-хан хувийг бууруулах гэж байна. Харин бид 20 хувийг бууруулахыг шаардаж байна гэдгийг хурал зохион байгуулагчид онцоллоо.
"ШАТАХУУНЫ ҮНИЙГ 200-300 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛАХ ГЭЖ БАЙГАА НЬ БОДИТ БИШ ТООЦООЛОЛ"
Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Энэ бол Монгол Улсын Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны жишиг үнэ барьдаг Сингапурын биржийн сүүлийн 120 хоногийн баррель газрын тосны тооцооны үнэ. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр баррель газрын тос 46 ам.доллараар буураад байхад Монгол Улсад 50 төгрөгөөр буурчээ. Монголын газрын тос импортлогч компаниуд дөрөвдүгээр сард 1190 литр түлшийг “Роснефть” компаниас 1 сая 29 мянган төгрөгөөр худалдан авсан. Импортлогч компаниуд НӨАТ-ын албан татвар, Авто бензин, дизель түлшийн албан татвар, бусад төрлийн бүх албан татварыг оролцуулаад Монгол Улсад 495 мянган төгрөгийг татвар төвлөрүүлж байна. Импортлогч компаниуд 18 хувийн хүүгийн төлбөрийг ард түмний халааснаас төлүүлж байна. Одоо болиоч ээ.
Монгол Улсын Засгийн газар, газрын тос импортлогч компаниудын зүгээс тавхан хувийн ашигтай ажиллаж байна гэж тайлбарладаг. Бидний гаргасан тооцоогоор нэг литр дизель түлшийн үнэ дээр бүх тооцооллуудыг нэмээд, 1506 төгрөгөөр зах зээлд нийлүүлж байна. Засгийн газрын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг 300 төгрөгөөр буулгах гэж байгаа нь бодит бууралт биш гэж үзэж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж харж байгаа. Манай холбооны зүгээс өөрсдийнх нь боддог аргачлалаар бодохоор АИ-80 бензиныг 500 төгрөгөөр, АИ-92-ыг 500, дизель түлшийг 650 төгрөгөөр буулгаж байж, бодит үнийн бууралт болно.
Нэг сар хоцорч явдаг гэж газрын тосны импортлогчид тайлбарладаг. Гэтэл шатахууны үнэ буулгах болохоор нэг сарын хоцрогдол ярьдаг, үнээ нэмэх болохоор шууд нэмдэг юм бэ.
Энэ завшааныг ашиглан Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай хаана ч, хэзээд олны өмнө мэтгэлцэхэд бэлэн гэдгийг хэлье” гэсэн юм.
Цаашид дээрх иргэдийн шаардлагыг хүлээн авч, дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлэхгүй бол Энхтайвны өргөн чөлөө болон Төрийн ордны хоёр талд 100 автомашин байрлуулж, зам хаана гэдгээ мэдэгдлээ. Өндөржүүлсэн бэлэнд байдлын үед олон хүн цуглуулахгүйгээр нэг машинд нэг хүн сууж, машинаараа замын хөдөлгөөнийг хязгаарлана. Бид өнөөдөр ард түмний төлөө дугарч байна гэв.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнгөрөгч гуравдугаар сарын 19-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан. Тэрбээр "Өчигдрөөс эхлээд шатахууны үнэ 50-100 төгрөгөөр буурсан. Бид дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг 200 төгрөгөөр бууруулна.
Учир нь дэлхийн зах зээлд шатахууны үнэ тасралтгүй унаж байна. "Роснефть" компани шатахууныхаа үнийг тонн тутамдаа 58 ам.доллараар бууруулсан. Өнөөдрийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад 22 ам.долларт хүрээд байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор үнэ буулгах арга хэмжээг авч байна. Өнөөдөр шууд 200 төгрөгөөр буурахгүй байгаа нь үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэгтэй холбоотой.
Тиймээс энэ хямд байгаа үед дээр нь бид шатахууныг их хэмжээгээр нөөцлөхөөр ажиллаж байна. Ингэхдээ Замын-Үүдийн боомт дээр байгаа шатахууны агуулахыг хурдан хугацаанд ашиглалтад оруулна. Цаашид дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурвал дахин буурч, өсвөл нэмэгдэнэ” гэдгийг салбарын сайд хэлж байсан юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ