Нэг жил НДШ төлбөл 1.2 жилээр тооцно

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Нэг жил НДШ төлбөл 1.2 жилээр тооцно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэн тул “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Дээрх хуулийн төсөлд малчдын тэтгэврийг тогтоохдоо нэг жил төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 1.2 жилээр тооцохоор тусгасан юм. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Батцогт нар санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

Үүнээс түрүүнд хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нар малчдын тэтгэврийг тогтоохдоо нэг жил төлсөн НДШ-ийг 1.6 жилээр тооцож байх хуулийн төсөл санаачлан боловсруулж байсан аж.

Хэлэлцүүлгийн шатанд нэр бүхий гишүүн “МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төсөл яагаад УИХ-аар хэлэлцэгдэхгүй. Д.Батцогт нарын өргөн мэдүүлсэн төсөл дугаар дайран хэлэлцэгдэв” гэдэг асуудлыг ч хөндсөн. Гэхдээ гишүүдийн олонх нь малчид цаг агаарын хүнд нөхцөлд ажиллаж, амьдардаг. Тогтмол орлогогүйгээс НДШ төлж чаддаггүй. УИХ-аас дээрх хуулийн төслийг баталсан нөхцөлд НДШ төлөх сонирхол нэмэгдэж, илүү олон малчныг хамруулах боломжтой. Гол нь 500 толгой малаас дээш малтай малчин өрх, зөвхөн амьжиргаагаа залгуулах хэмжээний малтай малчин өрхийн орлогыг тус бүр тооцож жин банг нь тааруулахгүй бол орлогын тэгш бус харилцаа дээрх салбарт үүсэнийг сануулах гишүүн байлаа.

Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр танилцуулга сонсоод хуралдааныг өндөрлүүлэв. Маргааш өглөө 09.00 цагт эхлэх чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж