ЦЕГ: Г.Загдааг 48 цагийн хугацаатай саатуулсан

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Г.Загдааг 48 цагийн хугацаатай саатуулсан

ЦЕГ: Г.Загдааг 48 цагийн хугацаатай саатуулсан

Цагдаагийн ерөнхий газар өнөөдөр /2020.04.13/ “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбоотой  асуудлаар мэдээлэл өгөв. ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ч.Чинбатаас тодруулав.

-Г.Загдааг өнгөрөгч амралтын өдрүүдэд саатуулаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ хүнтэй холбоотой нийт хэчнээн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдсан бэ?

-Цагдаагийн байгууллагаас 2019-2020 оны хугацаанд Г.Загдаад холбогдуулан түүний үйлдсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван хэргийг шалгасан. Үүнд бусдын биед хөнгөн хохирол учруулах, хүчиндэх, цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн асуудал бий. Зарим хэргийг шийдвэрлэсэн. Зарим нь одоо мөрдөн байцаалтын шатанд явж байна. Мөн иргэн М, Б нарт хөнгөн гэмтэл учруулсан хэрэг шүүхэд шилжсэн. Энэ оны нэгдүгээр сард Зөрчлийн тухай хуулийн 6.21, 15.1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдэгдсэнийг тогтоож, үүний дагуу Г.Загдааг 2000 мянган нэгжээр торгосон. Шүүхийн шийдвэрээр гомдол гаргаж, шийдвэрийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр манай байгууллагад ирсэн.

-Цахим орчинд бусдыг гутаан доромжлох асуудал нэлээд гарч байна?

-Нийгмийн аюулгүй байдал гэдгийг иргэд ойлгох ёстой болсон. Хүчирхийлэл, завхайрлыг уриалан дуудах нь өөрөө гэмт хэрэг юм. Г.Загдаад холбогдох хэрэг бүрийг бид шалгаж байна.

-Иргэдийн зүгээс Г.Загдааг үндэслэлгүйгээр саатуулсан асуудлыг ярьж байна?

-Иргэн Х-аас Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэх гомдол мэдээлэл ирсний дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, хойшлуулшгүйгээр баривчилсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Түүнийг хойшлуулшгүйгээр баривчлах бүрэн эрхтэй.

Бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Г.Загдааг 48 цагийн хугацаанд саатуулна. Цаашид саатуулах эсэхийг шүүхээр шийдвэрлэнэ.

-Тус байгууллагад хэчнээн иргэн байсан юм бэ. Одоо тус төвд  байгаа хүүхдүүдийг яах вэ?

-Одоогийн байдлаар 130 гаруй иргэн 42 хүүхэд байгаа гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас өгсөн. Тэнд байсан хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр хүүхэд хамгааллын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийгэм халамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар “Төр халамжийн үйл ажиллагааг иргэн хуулийн этгээд явуулах боломжтой” гэж заасан. Гэрчилгээг нийгмийн халамжийн байгууллагад олгодог. Үүний дагуу явж байсан үйл ажиллагаа.

Тус төрийн бус байгууллагад тэр хүмүүсийг аваачаад орхисон юм байхгүй. Өөрөөр хэлбэл төрөөс өгч буй мөнгөөр төрийн үйл ажиллагааг явуулж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтад 2013-2019 оны хооронд тус ТББ-д 695 сая төгрөг олгосон байгаа. Тэгэхээр төр хэзээ ч иргэдээ орхиогүй.

-Дөрвөн хүүхдийг тус төвөөс авсан байгаа шүү дээ. Тэдгээр хүүхдийг эцэг эхэд нь өгсөн үү?

-Нийгэм халамжийн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагыг би хамруулж хэлэхгүй. Гэхдээ төрөөс үзүүлж буй үйлчилгээ, зарим тогтолцоог эргэж харахгүй бол нийгмийн халамж үзүүлэх шинжтэй болсноор эргээд ард түмний татварын мөнгө буруу зүйл руу зарцуулагдах тал руу яваад байна. Тэр байгууллагад хүний эрх зөрчигдсөн асуудал нэг бус удаа гарсан. Төрийн алба хаагч, очсон хүн бүрийг хөөж гаргадаг ийм зах, замбараагүй байж болохгүй.

Нийгэм халамжийн тухай хуульд зааснаар асруулагчийн эрх ашгийг зөрчсөн байх юм бол гэрчилгээг хүчингүй болгож, тухайн байгууллагын эрхийг хасах зохицуулалт байдаг. Тиймээс тэдгээр хүмүүсийг өөр тийш нь шилжүүлэх, ямар байдлаар шийдэх нь дараагийн асуудал юм. Өнгөрөгч Бямба гаригт шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа явагдсан. Гэмт этгээд оргон зайлах, нотлох баримтыг устгах магадлал байна гэж үзсэн. Иймээс хойшлуулшгүйгээр баривчилсан.

Цагдаагийн ажиллагааг олон нийтийн сэтгэл зүйд тааруулж хийх боломжгүй. Төрийн албан хаагчдыг хөөж гаргадаг, ийм учраас тухайн иргэдийг хамгаалах үүднээс цагдаагийн алба хаагчид очсон.

-Хохирогч Х-ийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?

-Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу үйл ажиллагаа явна.

-Г.Загдаа лайваар хэлэхдээ өөрийг нь  ор үндэсгүй гүтгэж байна гэж мэдээлсэн?

-Эхлээд үндэслэлтэй эсэхийг нь шалгана.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж