Space X компанийн гүйцэтгэх захирал “ОХУ давтан хэрэглэдэг пуужингийн технологийг эзэмшиж чадахгүй бол ямар ч амжилтад хүрэхгүй” хэмээснээр Роскосмосын удирдагч, Элон Маск хоёрын дунд твиттер тулаан эхэлжээ.
Роскосмосын Ерөнхий захирал Дмитрий Рогозин олон улсын зах зээлд хувьцаагаа нэмэгдүүлэхийн тулд сансрын нислэгийн зардлыг 30 хувиар бууруулахаа онцлоод, “Энэ нь АНУ-ын Засгийн газраас санхүүждэг компаниудын эсрэг авч буй арга хэмжээ юм” хэмээн Space X-ийн талаар дурдсан байна. Хариуд нь Элон Маск “Манай пуужингууд 80 хувь дахин ашиглах боломжтой. Харин танайх 0 хувь. Үүнд л гол асуудал байна” хэмээн жиргэсэн байна.
Харин Рогозин “Надад Вашингтоны зөвлөгөө огт хэрэггүй” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа аж. Маск үргэлжлүүлэн “ОХУ-ын инженерүүд маш чадварлаг. Гэхдээ ОХУ дахин ашиглах технологи боловсруулахаас нааш ямар ч амжилтад хүрэхгүй. Нэг удаагийн сансрын хөлөг бол өнөө цагт нэг удаагийн зорчигч тээврийн онгоц гэх шиг л тэнэг зүйл” хэмээн жиргэсэн байна.
Гэвч ОХУ-ын сансрын салбарын удирдагчид түүний үгийг огтхон ч тоосонгүй. Роскосмосын охин компани болох Главкосмосын гүйцэтгэх захирал Дмитрий Лоскутов Маскын үгийг “ярианы сэдвийг өөрчлөх гэсэн инээдтэй оролдлого” хэмээн тодорхойлж “Бид сансрын зах зээлд шударга өрсөлдөх талаар ярьж байна. Харин тэд бидний эсрэг хориг тавьж, үнэ унагаж байна” хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ