Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ

БНСУ-ын Чэжү хотод өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн гранпри тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд эзэн орны бөх, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ким Вон-Жинтэй барилдаж, торгуулиар хожигдлоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 31 жүдоч барилдсанаас Г.Болдбаатар “С” хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрбээр Япон, БНСУ, Бразил, Азарбайжаны жүдочдыг ялж, финалд шалгараад байсан. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Болдбаатар БНСУ-ын жүдоч Вон Жин Кимд торгуулиар хожигдлоо.

Чэжүгийн татамид өнөөдөр гарсан манай бусад жүдочдоос эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд гавьяат тамирчин М.Бундмаа шагналт VII байр эзэллээ.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг түрүүллээ.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, БНСУ 2 алт, Казахстан, Румын, ОХУ, Япон улс тус бүр нэг алтан медаль хүртлээ. Манай жүдочид нэг мөнгөн медаль, шагналт VII байрт нэг жүдоч орсноор багийн дүнгээр VI байрт бичигдэж байна.

Тэмцээний хоёр дахь буюу маргааш эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг-ын жингийн барилдаан болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж