УИХ дахь АН-ын зөвлөл хуваарь ёсоор өнөөдөр /2020.04.13/ хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцжээ. Тодруулбал, 2020 оны оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийг хянах, ялангуяа экспорттой холбоотой асуудлыг Засгийн газар болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг хянах ажлын хэсгийг Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулахаар болжээ.
Хоёрдугаарт, АН-ын зөвлөлөөс коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засгийн яаралтай арга хэмжээг авах тогтоолын төслийг санаачилж, Засгийн газраас саналыг нь авахаар хүргүүлсэн. Төсөлд таван бүлэг, 38 арга хэмжээ тусгасан. Уг төсөлд Засгийн газар яаралтай саналаа өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлэх аж.
Гуравдугаарт, гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэхэд ямар арга хэмжээ авах уу зэргийг санхүүгийн тооцоо судалгаатайгаар АН хийж байгаа аж.
Дөрөвдүгээрт, Энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгох төслийн талаар хэлэлцжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ “Миний бие өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барьсан. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн орлого эрс багассан. Түүнчлэн жижиг, дунд ААН-үүд цалингаа тавьж чадахгүй ажилчдаа цомхотгох зэрэг нөхцөл байдал бий болсон энэ үед НӨАТ-ын татварыг таван хувь болгох нь иргэн бүрт очих чухал арга хэмжээ. НӨАТ-ын татварын эцсийн хэрэглэгч нь дэлгүүрээс худалдан авалт хийж буй иргэд.
МАН-ын гишүүн С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нар НӨАТ-ыг 10 хувь хэвээр нь хадгалах, НӨАТ-ын буцаан олголтыг долоон хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь амьдралд хэрэгжихээргүй ялангуяа сумуудад огт хэрэгжихгүй. Жишээ нь Л.Оюун-Эрдэнийн тойрогт НӨАТ-ын татвар өгдөг ганцхан сум бий. Мөн С.Бямбацогт гишүүний сонгогдсон Ховд аймгийн Мөст суманд НӨАТ-ын татвар өгдөг хоёрхон дэлгүүр бий. Хөдөөгийн иргэд НӨАТ-ын падаан огт авдаггүй учраас НӨАТ-ын буцаан олголтын сугалаанд оролцдоггүй гэсэн үг. Тийм учраас миний санаачилсан НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага тулгарсан” гэлээ.
Мөн тэрбээр “Манай намын боловсруулсан эдийн засгийг дэмжих тогтоолын төсөлд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай тусгагдсан. Үүнээс МАН-ынхан санаа авч зээлийн төлөлтийг гурван сараар хойшлуулна гэж оруулж ирсэн . “COVID-19”-ын эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээнд тусгагдсан асуудлын ихэнх нь үр дүнгээ өгөхгүй, иргэн бүрт ижил, тэгш хүрэхгүй арга хэмжээ болно. МАН-ын 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ бол хоосон бичилтүүд. Эдийн засгийн хүндрэлтэй үед ААН-үүд цалингаа тавьж чадахгүй байхад НДШ-ийн төлөлт нь багассан. Орж ирэхгүй орлогыг хий бичилт болгох нь” гэсэн юм.