Монгол саарал жагсаалтаас гарах эсэх нь VI сард шийдэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

Монгол саарал жагсаалтаас гарах эсэх нь VI сард шийдэгдэнэ

Монгол саарал жагсаалтаас гарах эсэх нь VI сард шийдэгдэнэ

Монгол Улсын эдийн засаг 2020 онд хоёр том сорилттой нүүр тулж байна. Дэлхий нийтийг хөл хорионд оруулж, олон зуун сая хүнд халдварлан, олон арван мянган хүний аминд хүрсэн Covid-19 улс орнуудын эдийн засагт гамшиг, хямрал дагуулж буй.  Даяарчлагдсан дэлхийд нүүрлэсэн цар тахал Монгол Улсыг ч тойроогүй, эдийн засгийн том хямрал дагуулж байна. Тиймээс эдийн засгийн "эмчилгээ"-нд зориулж, Монгол Улсын Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.

Тэгвэл хоёр дахь том сорилт нь Дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага /FATF/-ийн саарал жагсаалт. Өнгөрсөн хавар эдийн засаг, улс төрийн дуулиан болсон энэ сэдэв цар тахлын энэ үед нам жим болж, энэ талаар ярих, сануулах хүн ч ховорджээ.  Үйл явдлыг эргэн сануулахад, Монгол Улс 2019 оны аравдугаар сарын 19-нд FATF-ийн саарал жагсаалтад орсон. Ингэснээр эдийн засгийн том хоригт орж мэдэхүйц нөхцөл байдал үүсэн юм. Саарал жагсаалтаас гарахын тулд Монгол Улс FATF-аас тодорхой хугацаатай үүрэг даалгаврыг хүлээн авсан. Тодруулбал,

  • “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;
  • Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэр нь шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;
  • Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоохыг  FATF-аас бидэнд даалгасан билээ.

Дээрх гэрийн даалгаврыг биелүүлсэн цагт  л Монгол Улс FATF саарал жагсаалтаас гарна. Үгүй бол, санхүүгийн хоригт орж магадгүй бас нэг эрсдэл биднийг угтаж буй.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны арванхоёрдугаар сарын 27-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хэд хэдэн хуулийн төсөл өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцсэн билээ. Тухайлбал,

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
  • Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, нэгдүгээр сарын 17-нд баталсан юм.

Саарал жагсаалтаас гарах чиглэлд ямар ажил хийгдэж байгааг Сангийн яамнаас тодруулахад, "Ирэх зургадугаар сард FATF ээлжит хуралдаан болно. Энэ хуралдаанаар Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Зургадугаар сар хүртэл Монгол Улс хүлээсэн үүрэг даалгавар хийгээд явж байна" гэсэн хариултыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж