Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 19-21-ний өдрүүдэд Франц улсад айлчилсан. Уг айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөртэй ярилцлаа.
-Парист халдлага болсны дараа манай Ерөнхийлөгч Франц улсад айлчилсан анхны Төрийн тэргүүн боллоо. Айлчлалын үр дүнг эхлээд сонирхмоор байна?
-Ерөнхийлөгчийн Францад хийсэн энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаанд онцгой ач холбогдолтой айлчлал боллоо. Хэдийгээр албан ёсны айлчлал ч Францын тал төрийн дээд хэмжээний айлчлалын хүрээнд хүлээн авсан.
Уг нь манай Ерөнхийлөгч тус улсад өнгөрсөн зургадугаар сард айлчлал хийхээр төлөвлөөд байсан юм. Айлчлал тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод энэ арваннэгдүгээр сард болж товлогдсон. Энэ удаа ЮНЕСКО-гийн 50 жилийн ойтой давхцуулан Франц улсад айлчлахаар төлөвлөөд байсан боловч Парист зэвсэгт халдлага болсон. Иймд манайхаас Францын талд “энэ үед айлчлах нь зохимжгүй бус уу” гэж айлчлалыг хойшлуулах хүсэлт тавьсан. Харин Францын тал “Өндөр дээд хэмжээний айлчлалыг цуцлахгүй" гэдгээ мэдэгдсэн. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын ард түмэнд эв санааны нэгдлээ илэрхийлэх, хоёр талын харилцааны асуудлуудыг урагшлуулах, холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэх үүднээс айлчиллаа. Энэ үеэр манай Ерөнхийлөгчөөс гадна Францад өөр хоёр улсын Төрийн тэргүүн айлчлах байсан ч цуцлагдсан.
-Ерөнхийлөгч энэ удаагийнхаа айлчлалаар Францын талтай соёл, боловсрол, хөдөө аж ахуйн чиглэлээр гээд хэд хэдэн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хоёр тал нийтдээ долоон төрлийн баримт бичигт гарын үсэг зурсан байгаа. Манай улс Францаас сүү, махны чиглэлийн хоёр үүлдрийн үхэр оруулж ирээд туршиж байна. Тус улс нь Европтоо зохиомол хээлтүүлгээр өндөр түвшинд гарчихсан. Тэгэхээр зохиомлоор хээлтүүлэх сайн чанарын үхэр, хонийг Монголд үржүүлэх боломж байгаа гэдгийг манай Ерөнхийлөгч онцолсон. Тиймээс Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Франц дахь зохиомол хээлтүүлгийн лаборатори, Францын үндэсний хөдөө аж ахуйн дээд сургууль, Дэлхийн малын өвчний байгууллагад зочилсон байгаа. Ингээд айлчлалын үр дүнд яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд өгсөн. Р.Бурмаа сайд уг асуудалд анхаарлаа хандуулж, ажлын хэсэг байгуулж ажиллах байх. Мөн Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Франц, Монголын парламентын найрамдлын бүлгийн даргатай уулзсан. Сенатын даргатай ч уулзсан. Тус улсын сенатын дарга нь мал үржүүлгийн талаар мэргэшсэн малын эмч хүн байж таарсан. Тиймээс мал үржүүлгийн асуудлаар нэлээд гүнзгий ярилцсан байгаа. Ерөнхийлөгч Францын Парламент дахь үндэсний хурлын Монголын бүлгийн дарга Ж.Ларшетай уулзаад хоёр орны хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав. Энэ хүн Францын нөлөө бухий бизнесийн төлөөллийг нэгтгэсэн “Монголын анд нөхөд” гэдэг нийгэмлэг байгуулсан. Уг нийгэмлэгийн нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон байгаа.
-Энэ нийгэмлэг нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм бэ?
-Нийт 200 мянган еврог нийгэмлэгийнхээ дансанд байршуулаад үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тэд ойрын хугацаанд хоёр сая евро болгож өсгөөд Монголын хөдөө аж ахуй, эмнэлгийн салбарыг дэмжихээ илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Францад байгаа монголчуудынхаа төлөөлөгчидтэй уулзсан. Тэнд олон салбарт амжилттай ажиллаж, амьдарч яваа монгол хүмүүс их байдаг юм билээ.
-Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан байна. Францаас жуулчин татах асуудлыг хэрхэн хөндсөн бол?
-Европоос Монголд аялж байгаа хүмүүсээс хамгийн их жуулчин явуулдаг нь Франц юм байна. Дэлхийн эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа боловч Монголд аялах францчуудын тоо багасаагүй. Тиймээс манайд маш том сонирхол байна. Үүнийг дэмжихэд аялал жуулчлалын салбарт гэрээ хийгээд ирсэн. Жилд найман мянга орчим франц Монголд ирдэг гэсэн судалгаа бий.
Мөн хоёр тал соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Францад Монголын Соёлын төв байгуулахад тус улсын зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тэгвэл Монголд Францын соёлын төв байгуулахад манай талаас дэмжиж ажиллана гэсэн. Манай улсын тухайд энэ хүрээнд ажлаа эхлүүлчихсэн байгаа. Монгол дахь Францын Элчин сайдын яаманд байр өгөх шийдвэрийг УИХ-аар баталсан.
-Монгол, Францын Төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл гаргасан байна лээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
-Хоёр тал хамтын ажиллагааныхаа явцыг хайрцаглаад, цаашдын хамтын ажиллагаагаа тохироод явдаг. Францын талын хүсэлтээр энэ хамтарсан мэдэгдэлд манай Ерөнхийлөгч гарын үсэг зурсан. Хоёр улсын харилцааг өндөр түвшинд гаргасан мэдэгдэл гэж ойлгож болно.
-Манай улс төвийг сахиулах статустай орон болох бодлогын тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын талд танилцуулсан байна лээ. Тус улсын зүгээс “Сонирхон хүлээж авлаа” гэж байр сууриа илэрхийлсэн. Үүнийг зарим судлаачид тайлбарлахдаа цаад тал манай хүсэлтийг дипломат ёсны дагуу найрсгаар татгалзлаа гэсэн тайлбар өгч байх юм?
-Манай улсын энэ бодлого шинэ байна. Дээрээс нь НҮБ-аас баталгаажна. Тиймээс шууд дэмжинэ гэж илэрхийлэх нь эрт байгаа юм. Хоёр талын Ерөнхийлөгчийн уулзалтан дээр Францын тал “Бид нар танай улсын байр суурийг бүрэн дэмжиж байна” гэж илэрхийлсэн байгаа. Энэ бол том ололт.
-Ерөнхийлөгч энэ амралтын өдрүүдэд Франц руу дахин мордохоор болсон байна. Тус улсад зохион байгуулагдах уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын арга хэмжээнд ороцохоор болсон гэж дууллаа. Францын талаас заавал манай Төрийн тэргүүнийг өөрийн биеэр ирж оролцохыг урьсан гэл үү?
-Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулганы төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний арга хэмжээ Францад болно. Үүгээр АНУ, Хятад зэрэг гол гол улсуудын уур амьсгалын дулаарлын хэмжээг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хоёр хувиар хэтрүүлэхгүй байхыг хөндөж, тэдний амлалтыг авна. Тус арга хэмжээнд дэлхийн 134 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцох юм л даа. Уг нь манай Төрийн тэргүүн энэ арга хэмжээнд сайд нарын түвшинд оролцох төлөвлөгөөтэй байсан. Харин Францын тал түүнийг өөрийн биеэр ирж оролцохыг хүссэн. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-аас “EarthChampion” шагнал авсан шүү дээ. Энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэн байгаль орчны төлөө тэмцэгч хүн гэдэг утгаар нь заавал өөрөө оролцохыг урьсан юм. Тиймээс Ерөнхийлөгч үүнд өндөр ач холбогдол өгсөн. Сонирхуулахад, Францын тал Ерөнхийлөгчийн мод тарьдаг тухай маш их мэдээлэлтэй юм билээ. Уулзалтуудын үеэр энэ тухай нэлээд онцолж байсан шүү.
-Монгол Улс энэ хуралд оролцсоноор ямар ач холбогдолтой юм бэ?
-Өндөр хөгжилтэй орнууд 2020 он хүртэлх хугацаанд 100 тэрбум орчим еврогийн ногоон сан байгуулна. Энэхүү ногоон сангаас өндөр хөгжилтэй орнууд манайх шиг нүүрс шатаадаг болон буурай хөгжилтэй орнуудад сэргээгдэх эрчим хүч гаргаж авахад нь дэмжлэг үзүүлэх асуудал яригдаж байна. Манай улс цаашид сэргээгдэх эрчим хүч илүү ашиглах, хүлэмжийн хийгээ багасгахад дэмжлэг болох учиртай юм.
М.МӨНХЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН