АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Саудын Арабын түншүүддээ олон улсын газрын тосны гарцыг бууруулах гэрээнд өчигдөр/2020.04.12/ гарын үсэг зурсанд баяр хүргэж, энэхүү алхам нь "АНУ-д хэдэн зуун мянган эрчим хүчний ажлын байрыг аврах болно" гэж мэдэгдэв.
᠌᠌Тэрбээр ”Газрын тос үйлдвэрлэгч, экспортлогч орнууд(OPEC+)-тай газрын тосны том гэрээг амжилттай хийлээ. Энэ нь АНУ-ын эрчим хүчний салбарт хэдэн зуун мянган ажлын байрыг аврах том үйл явдал билээ. Энэ дашрамд би ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Саудын Арабын хаан Салманд баяр хүргэхийн сацуу талархал илэрхийлж байна. Би тэдэнтэй оффисоосоо утсаар ярьсан. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн жиргэсэн байна.
Тус гэрээний дагуу дэлхийн эрчим хүчний зах зээлд цар тахлаас болоод эрэлт буурсан тул газрын тос үйлдвэрлэгч, экспортлогч орнууд газрын тосны гарцыг хоёр сарын турш өдөрт 9.7 сая торхоор багасгахаар болсон байна. Ингэснээр мөн ОХУ, Саудын Арабын дунд үүсээд байсан газрын тосны үнийн дайн эцэс болох юм.
Сүүлийн жилүүдэд АНУ дэлхийн хамгийн том түүхий газрын тос үйлдвэрлэгч болсон билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын компаниуд ашиг олохын тулд газрын тосны үнэ 40 орчим ам.доллар байх шаардлагатай байдаг аж. Гэвч дөрөвдүгээр сарын эхээр газрын тосны үнэ 20 ам.доллараас бага болтлоо буурсанд Трамп Саудын Арабын түншүүдээ ОХУ-тай гэрээгээ цуцалж, газрын тосны гарцаа багасгахыг удаа дараа шаардсан билээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ