Сүрьеэгийн халдвар буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Сүрьеэгийн халдвар буурахгүй байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яам, Хууль зүйн яам, БСШУЯ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШШГЕГ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн Үндэсний зохицуулах зөвлөл, Улсын нэгдсэн төв эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл оролцож санал солилцлоо.

Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтдоо “2015 он гэхэд сүрьеэгийн тархалтыг 100.000 хүн амд 150, нас баралтыг 1.5 болгож бууруулах”-аар тусгасан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны нэгт Монгол Улс багтдаг бол дотоодын судалгаагаар халдварт өвчнөөр нас барагсдын дийлэнхийг сүрьеэгийн халдвар эзэлж байгаа аж. Нэг сүрьеэтэй өвчтөн 10-15 хүнд халдвар тараах боломжтой байдаг. Сүрьеэг аль болох эрт оношилж, архагшуулалгүй эмчилж чадвал халдварыг хязгаарлаж чадахаас гадна төсөв зардлыг ч хэмэх боломжтой юм.

Шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувь нь 16-44 насны залуучууд байгаа нь харамсалтай үзүүлэлт. Мөн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг хэлж байна.

Сүрьеэгийн өвчлөлтэй тэмцэхэд хүний хүч дутагдаж байгаагийн зэрэгцээХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн тасгуудад өвчтөнийг халдварын зэрэг, эмэнд тэсвэртэй хэлбэрээр нь ангилан хэвтүүлэх боломжгүй, хүүхдийн сүрьеэг эмчлэх тасаг нь сүрьеэгийн клиник дотроо холилдсон, эмч, эмнэлгийн мэргэжилтний дундах сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байгааг оролцогчид хэлж байсан юм.

УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа “Монгол Улсад тархаж байгаа өвчлөлүүдээс сүрьеэгийн өвчин гуравдугаарт, нас баралтын тоогоор нэгдүгээрт бичигдэж байна. Тиймээс сүрьеэтэй тэмцэх шинэ хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Миний бодлоор энэ хөтөлбөрийг эрүүл мэндийн салбар батлах биш УИХ өөрөө батлах шаардлагатай.Монголын төр нэлээн том бодлого гаргаж, шаардлагатай төсвийг хуваарилж тэмцэхгүй бол эрүүл мэндийн салбарт эмгэнэл авчирна. Дэлхий нийтэд сүрьеэгийн асуудал чухлаар тавигдаж байна. Яагаад гэвэл мэдрэг сүрьеэгээс, эрсдэлтэй буюу эмэнд тэсвэртэй хэлбэрлүү шилжиж байна. Энэ нь улсын хөрөнгө мөнгөнд ч халгаатай, эмчлэхэд хүндрэлтэй байдаг. Мэдрэг сүрьеэ туссан хүнийг 6-8 сарын дотор эмчлэх боломжтой байхад эмээ тасалдуулснаас тэсвэртэй сүрьеэ рүү шилжиж, 2-3 жилийн хугацаанд эмчилдэг. Өнөөдөр 270 мянган төгрөгөөр эмчилдэг сүрьеэ өвчин 40 сая төгрөгөөр эмчлэх байдал руу орж байна гэсэн үг юм. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2035 оныг “Сүрьеэгүй дэлхий” хэмээн зарласан байдаг. Манай улс ч мөн адил зорилготой байна” хэмээн ярилаа.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж